“Миний мөрөөдөл” булангийн энэ удаагийн дугаараар хүсэл мөрөөдлийнхөө төлөө чин үнэнчээр хичээн зүтгэж, тэрхүү зүтгэлийнхээ хариуд мөрөөдлөө алхам алхмаар биелүүлж яваа дайчин залуу Э.Өнөрбаатартай ярилцсан юм.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
Намайг Энхбаатарын Өнөрбаатар гэдэг. Завхан аймгийн уугуул. Монгол Улсын “Оюу Толгой” ХХК-ийн баяжмалын тээврийг хийдэг “Terra expess” компанид тээвэр зохицуулагчийн ажлыг гардаж хийгээд дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Одоогоор ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Ганцмод боомтод байрлах “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөгчийн газрын баяжмалын буулгалтын талбайд “Terra expess” компаниа төлөөлөн ажиллаж байна.
- Өвөр Монголд боловсрол соёлын мөр хөөж байлаа гэж сонссон. Аль сургуульд ямар мэргэжлээр сурч байсан бэ?
МУИС-ийг Биологийн чиглэлээр сурч төгсөөд, 2010 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн GIS Газар зүйн дээд сургуульд шалгалт өгч тэнцээд магистраар суралцах болсон. 2014 онд буюу төгссөн жилдээ “Оюу Толгой” ХХК-д ажилд ороод өнөөдрийг болтол ажиллаж байна.
- Яг мэргэжлийн чиглэлээрээ бол ажиллаагүй гэж ойлгож болох уу? Яагаад энэ компанийг сонгон ажиллах болсон бэ?
ӨМБИС-д хиймэл дагуулын тоон мэдээ боловсруулах чиглэлээр сурч байсан. Одоо миний хийж байгаа ажил бол баяжмал зөөж байгаа машинд суурилуулсан GPS-ийн мэдээг хиймэл дагуул одноос авч, тээврийн машинуудын байршлыг тодорхойлох, тэдэнтэй холбоо барих, GPS-ийн цэгүүдийг газарчилж зааж өгөх үүрэгтэй. Тиймээс мөн сурсан мэргэжилтэй маань холбоотой.
Энэ компанийг сонгон ажиллах болсон тухай ярихад хятад хэлний мэдлэгтэй бөгөөд газар зүйн тоон мэдээллийн мэргэжлээр сургууль төгссөн хүн шаардаж байсан. Ингээд төгссөн мэргэжлээрээ ажилд орсон.
- Хамгийн анх Хятадад сурахаар очихдоо ямар зорилго тавьж байсан бол?
Өмнө нь Газар зүйн тоон мэдээллийн мэргэжлийг сурч байгаагүй ч гэсэн өөрөө их сонирхоод энэ чиглэлээр суръя, ажиллая гэсэн зорилготой байсан. Бакалаврт сурч байхдаа ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнд хагас жил дадлага хийхэд бүр ч илүү сонирхолтой санагдаж байлаа. Мөн энэ мэргэжил хаана сайн хөгжсөн байна тэнд очиж суралцах бодолтой болсон. Иймээс ӨМБИС-д GIS газар зүйн сургууль байдаг гэж сонсоод шалгалт өгсөн юм.

- Хятад улсад ирэхээсээ өмнө хятад хэл сурч байсан уу? Ямар хүндрэл бэрхшээл таарч байв?
Хятад хэлийг өмнө нь сурч байгаагүй. Харин Газар зүйн тоон мэдээллийн системээр бол өмнө нь ажилласан. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд нэг жил ажилласан. Ерөнхийдөө мэргэжлийн талд тодорхой ойлголттой болсон байсан. Эхний нэг жилд хэлний бэлтгэл хийсэн. Нэг жил сураад хятадаар хичээлээ ойлгодог болно гэдэг хэцүү л дээ. Гэхдээ миний бодлоор тухайн хүн маань өөрөө мэрийлттэй, хэл суръя гэсэн эрмэлзэлтэй байх нь чухал. Миний хувьд хоёр дахь жилээс мэргэжлийн хичээлд бэлдэж, мэргэжлийн үг хэллэгийг түлхүү цээжилдэг байсан. Удирдагч багш маань их хариуцлагатай хүн. Биднийг дуудан дээд курсийн хичээлд суулгадаг байсан болохоор дараа жил нь үндсэн ангидаа сурахад нэг их бэрхшээл байгаагүй. Өмнө нь бид бэлтгэлээ өөрсдөө хангачихсан, хичээлд нь суугаад үзчихсэн болохоор тийм бэрхшээлтэй санагдаагүй.
- Одоо таны ажил дээр хятад хэл хэр их хэрэглэгдэж байна вэ? Хоёр үндэстний хэл соёл ялгаатай учир ажил, амьдралын дунд ямар нэгэн хүндрэл тохиолддог байх?
Миний хувьд яг хятадуудын дунд амьдардаг. Оюу-Толгой компаниа төлөөлөөд Жя Ю гэдэг хятад компани дээр суудаг. Би өөрөө Хятадын хойд нутагт сургуульд сураад мөн хойд нутагтаа ажиллаж байгаа болохоор хэл аялгын зөрөө байхгүй. Мөн Хятад улсад сурч байсан учраас амьдрал дунд нэг их хүндрэл тулгарч байгаагүй. Мэдээж хоол унд, амьдрал ахуй гээд соёлын ялгаа бол байх нь тодорхой. Гэхдээ хүндрэл болохоор зүйл гараагүй.

- Өвөр Монголд анх очиж байсан үеийг өнөөдөртэй харьцуулж харахад ямар талаараа илүү хөгжиж байна вэ?
2014 онд төгссөнөөсөө хойш Хөххотод очоогүй байсан. 2018 оны 05 дугаар сард очоод ирлээ. Байшин барилга, зам харгуй гээд ер нь их өндөр түвшний соёлд очсон байна. Ерөнхийдөө зүүн тийшээ чиглэлд маш сайн хөгжсөн харагдаж байсан. Бас 5 жилийн дараа очиход бараг танигдахын аргагүй хувирах байх гэсэн бодол төрж байлаа.
- Таныг эрч хүчтэй, идэвхтэй, дайчин хүн байдаг гэж дуулсан юм байна. Хөххотын дөрвөн жилийн оюутны амьдралаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Монголд байхдаа оюутны байранд амьдарч үзээгүй юм байна. Хөххотод ирээд анх удаа оюутны байранд амьдарч үзэхэд их л зугаатай, хөгжилтэй санагдаж байсан. Аливаа зохион байгуулагдаж байгаа урлаг спортын үйл ажиллагаанд оролцдог байлаа. Үе тэнгийн, нас чацуу залуус нэг дор байхдаа их хөгжилтэй байдаг юм. Амьдралын маань нэгэн дурсамжтай мөч яах аргагүй Хөххоттой холбоотой.

- Яриагаа таны багын мөрөөдлөөр үргэлжлүүлье гэж бодлоо. Одоо хийж байгаа ажил тань мөрөөдөлтэй тань холбоотой юу?
Их сургуульд орохдоо мөрөөдөлдөө хөтлөгдөн мэргэжлээ сонгож орсон. Би ер нь байгальд их хайртай хүн. Судлаад, шинжлээд, шинжлэх ухааны чиглэлээр тэр дундаа байгаль орчны чиглэлээр суралцаж, эрдэмтэн хүн болно гэж боддог байсан болохоор бакалавраа биологийн чиглэлээр суралцсан. Эрдэмтэн болох гараагаа эхлүүлж, мөрөөдлийнхөө захад хүрсэн. Мөн докторын зэрэг хамгаалах хүсэл байгаа. Одоогоор үр хүүхэд, амьдралын нөхцөл байдал, шаардлагаас сурах боломж хомс байгаа хэдий ч цаг зав гарахад докторын чиглэлээр суралцаж, шинжлэх ухааны академич хүртэл явна гэж бодож байгаа. Багын мөрөөдөл байгаль орчны эрдэм мэдлэгтэй хүн болох зорилгодоо ер нь бол ойрхон явж байгаа.
- Мөрөөдлөө биелүүлэх замд тань Хятад орон хэр их боломж олгож байна? БНХАУ-ын гадаадад нээлттэй, хүртээмжтэй бодлогууд таны амьдралд нөлөөлж чадсан уу?
Миний хувьд БНХАУ-д сурсан мэргэжлээрээ ажиллаж байна. Дээр нь хятад ажиллахад ашиг тусаа хүргэж байгаа. Хятад улсад сурч, эзэмшсэн мэргэжлээрээ л ажиллаж байна гэж болно. Ажилд ороход Хятад хэлтэй байх, газар зүйн ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх гэсэн шаардлага тавьж байсны бүх шаардлагыг би хангасан учир энэ ажилд орсон гэдгээ дээр хэлж байсан. Төрийн бодлогын хувьд БНХАУ-ын шинжлэх ухаан, эдийн засаг зэрэг чиглэлээр суралцаад эх орондоо ирж хэрэгжүүлж чадвал бидэнд том боломжийг нээж өгсөн гэсэн үг. Тиймээс БНХАУ-ын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд яг зорилго тавиад, сурахыг нь сурч, мэдэх ёстойгоо мэдээд эх орондоо буцаж очоод хэрэгжүүлбэл шинэ боловсон хүчин болж чадах юм.

- Та байгальд их хайртай хүн гэж ярилаа. Гэхдээ уул уурхай, ашигт малтмал нь байгаль эхтэй зөрчилддөг ч уул уурхайг нээж хөгжүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Энэ тухайд?
Хөгжиж байгаа улс орнуудын түүхийг харахад байгалийнхаа баялаг, газар доорх баялгаа ашиглаж байж хөгжинө. Ард түмний хувьд газар шороо, уул усаа сэнжиж ухаад ашигт малтмалыг нь авах буруу гэж боддог. Гэхдээ бид хөгжихийн тулд ашигт малтмалаа ашиглах хэрэгтэй. Хамгийн гол нь ашигласны дараа байгальдаа нөхөн сэргээлт хийх ёстой. Буцаад унаган төрхөд нь ортол нөхөн сэргээлт хийх ёстой. Хэрэв бид байгалийн баялгаа ашиглахгүй бол хүй нэгдлийнхээ үед байгаад байна гэсэн үг. Бидэнд заяасан газар нутгийнхаа баялгийг тодорхой хэмжээгээр ашиглаж, эргүүлээд унаган төрхөд нь оруулах нь хамгийн чухал.
Манайд нөхөн сэргээлтийн ажил хийх тал дээр маш муу байна. Тиймээс компаниудад хариуцлага тооцож, нөхөн сэргээлтийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй. Хятад улсыг л харахад уул уурхайгаа ашиглаад ашигласан талбай дээрээ нөхөн сэргээлтийг маш сайн хийдэг юм байна. Би Хятадын нүүрсний буулгалтын талбай дээр маш ойрхон ажилладаг. Эргэн тойрныг моджуулах, зүлэгжүүлэх, буулгалтын үеэр усалгаа хийх гэх мэтээр агаарт тоос шороо дэгдээхгүй байх талд маш сайн анхаарч ажилладаг. Энэ нь мөн байгаль дэлхийгээ хайрлаж буйн нэг хэлбэр л дээ. Элсэн дээр хүртэл мод ургуулчихдаг. Манай уул уурхайн компаниудад гол дутагдаж байгаа зүйл энэ л байна. Зөв менежментийг зөв хэрэгжүүлж чадвал уул уурхайгаас гарч ирсэн баялгаа зөвөөр ашиглаж чадвал манай улс хөгжихөд асуудалгүй гэж бодож байна.

- Хятад улс сүүлийн жилүүдэд мөн гадаад оюутныг тэтгэлгээр суралцуулж, боловсон хүчин бэлтгэж өгөх төрийн бодлогоо өргөжүүлсээр байгаа. Мэдээж Монгол Улсаас БНХАУ-д оюутнууд суралцана. Шинээр очиж суралцах оюутнуудад хандаж мэргэжлийн сонголтын талд зөвлөхөд?
Монгол Улсаас ерөнхийдөө Сэтгүүл зүй, Монгол судлалын чиглэлээр илүү очдог. Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах нь цөөхөн. Дэлхийн эдийн засгаар илүү суралцахыг зөвлөж байна. Хятад улсын шинжлэх ухааны салбар маш хурдтай хөгжиж байгаа болохоор мөн энэ чиглэлээр суралцахыг зөвлөмөөр байна. Зөвхөн байгаль орчин гэхгүй, хими, физик, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр түлхүү сурвал манай улсад их эрэлттэй байгаа гэж ойлгож байна.
Хятадад сурах тэтгэлгийг аваад явж байгаа оюутнуудад хандаж зөвлөхөд зорилгоо зөв тодорхойлоод сурах, мэдэх зүйлсээ суралцан амжилттай төгсөж, улс эх орондоо ихийг хийж бүтээх зорилготой байх хэрэгтэй.
- Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсэж байна.
