Мартаагүй хайрын түүх
2015-12-28 18:21
Өнөө хэр мартаж чадаагүй хайрын минь түүх богинохоон. Идэр залуухан оюутан охины сэтгэлд өдөлсөн тэр хайр анхных байсан. Навчист даруулсан намрын цэцэрлэгт бие биесээ харж, шалтгаангүйгээр бүдэгхээн инээмсэглэцгээж, нүдэнд үл үзэгдэх торгон утсаар зүрх зүрхээ холбочих шиг ээрэгдэн татагдаж, эргэж харахдаа харц тулгаран ичингүйрхэж билээ.
Тааралдахсан гэсэн горьдлогоор тэр л цэцэрлэгийг зорьсон өдөр тоогоо алдсан. Болзоо тавьсан юм шиг итгэлтэйгээр хүлээн харуулдахдаа дөлгөөхөн харцыг нь дандаа боддогсон. Аз гэдэг сэтгэлийг сонсдог ч юмуу, хайр өөрөө совин дагуулдаг ч юмуу, анхны хайрын тэнгэрлэг эзэнтэйгээ ахин учрах тавилан арай гэж заяасан даа. Зэрэгцэн суугаад нэрсээ мэдэж, яагаад ч юм шинэ жилийн тухай догдлон ярьцгааж билээ. Надтай л адил гэгээн мэдрэмж, сайхан сэтгэлтэйг чинь таньсаан, тэр өдөр.
Тэр цагаас эхлэн бие биедээ тэмүүлсэн 3 сар өнгөрсөн ч “хайртай” гэж хэн хэндээ хэзээ ч хэлээгүй, хожмоо гэрлэнэ гэж бүр ч яриагүй. Гэсэн ч сэтгэлдээ тээсэн хайрандаа хэн хэн нь бардам байсан даа. Шинэ жилийн өмнө шилжин явж, аав ээжийнхээ хамт Англид амьдрах болсон билээ, тэр маань. Бидний гэгээхэн хайр захидлаар үргэлжилж нэгэн жилийг үдээд, нэхэлт хугацаа оноосон юм шиг гэнэт л тасалдсан. Сураггүй болсоны бурууг хэн хэнээсээ нэхээгүй тэр гэнэн хайраа өнөө хэр санах нэг л дотно.
Шувууд буцаж байна. Тэнгэрт буцалж байснаа нэг л өдөр сүрэглэн холддог шувуудтай хамт сэтгэл дэгэлзээд горьгүй нь. Намрын цэцэрлэг нэг л тайван. Алтан шаргал, холтсон хүрэн, ээзгий ягаан, зотон бор өнгөөр алаглах навчсын чимээгүйхэн дуулал, уулсын оройд тармагхан цайрах анхны цас, тэгсэн атлаа өчигдөрхөний бороонд шүхэр барин алхаж явсан бүсгүйчүүдийн төрх, өнөө шүүдэр гялтганах өглөө цөм нийлж гагцхүү жилийн дөрвөн улирал энэхэн намар нэгэн дор цогцолдгийг зураачийн урлан лугаа нүднээ амилуулах дэндүү сайхан. Ийм л нэг уянгатайхан намар байж билээ. Яг энэ цэцэрлэгийн өнөө хэр хэвээрээ тэр л орчин бидний хайрын нандин төгөлсөн. Чухам энд л мэндэлсэн хайрын шүлгээ амилуулах гэж хааяадаа би энд ирэх дуртай.
Хайрын төгөлд ургасан хээнцэр нандин цэцэг минь
Бодлын гүнд гагнагдсан миний сэтгэлийн чимэг минь
Хагацашгүй жаргал зөгнөсөн хайрын нандин шүтээн минь
Ухаарлын намраар ирсэн хаврын цагаан хун минь...
Чиний л сэтгэлийг өөртөө татах гэж дурлаж бичсэн энэхэн шүлгээ сэтгэлдээ ахин тэрлэлээ. Алдуурч одсон он жилүүдийн гэгээн дуртгалаа эргэн санахын жаргалд хөлчүүрхэн хайрын төгөлдөө зэрэгцэн суух шиг хачин ихээр догдоллоо. Сэтгэлд хадаастай энэхэн мөрүүдээ хайрын захидал болгож, буцах шувуудад дайн чамдаа хүргэхсэн гэж мөрөөдлөө. Гэсэн ч хаяглаж чадаагүй захидлаа сэтгэлдээ би битүүмжиллээ.
Өөдөөс инээсэн чиний сайхан дүрийг өнөө хэр би мартаагүй... Орчлонд хоёулхнаа юм шиг олноос онцгойрч, ирээдүйгээ итгэлтэйгээр зөгнөн, хайрын дуугаа хамтдаа аялж явсан өдрүүдээ он цагийн хунгарт даруулан хаа нэгтээ гээж бас чадахгүй нь. “Хайрын тухай ихийг ярьж ил хэлэх тусам нэг дэлбээ унадаг. Ингэсээр эцэст нь гагцхүү нүцгэн иш л үлдэнэ. Тиймээс нандин хайраа ил зарлахгүйг хичээгтүн” хэмээсэн үгийг санан эмээхдээ харцаараа ойлголцож, бэрхшээл бүхнийг нэгэн сэтгэлээр түвэггүйхэн давдаг байж билээ.
Зарлаж хашгирсан бүхэн хайр биш, чухамдаа хайр бас чимээгүйд оршдогийг баталж, хаа холоос дурсан санахын тавиланг амьдрал бидэнд үлдээжээ. Дуниартсан намрын хонгор өдөр хайрын төгөлд ургасан хээнцэр ганган цэцэг минь хагдаршгүй мөнхөөрөө. Дурлаж бичсэн шүлгийн минь гэгээн мөрүүд тэр цагийнх шиг шинэхнээрээ. Будант тэнгэрийг сүвлэн нисэх шувууд ирэх хаврыг далавчин дээрээ тээн ирэх гэж буцдагт итгэнэм. Тэдэнтэй цуг хайрын цагаан хун чи минь хамтдаа бас ирнэ гэж яагаад ч юм хүлээнэм.
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
