Нийгэм нийтэд гар утас дэлгэрч, ялангуяа вичатын хэрэглээ хүмүүсийн хэрэглээ болсноор интернет сүлжээг ашиглан амьдрал үйлдвэрлэлийн шинэ арга замыг эрэлхийлэх хүмүүс захаас аваад байх болжээ. Сүүлийн жилүүдэд хөдөө нутагт утасгүй интернет сүлжээ нэвтэрснээр малчид болон интернет сүлжээний ашиглалтын дундах зай ч ойртсон билээ. Интернет сүлжээ нэвтэрч дохио сүлжээ сайжрахыг дагаад шинээр гарч байгаа цуурай, гар утасны APP зэрэг урд өмнө байгаагүй шинэ техник мэргэжлийг манай малчид ч ашиглах болж, энэ нь шинэ мал аж ахуйн орны өнгө төрхийг бас нэг талаас харуулж чадах болжээ. Бүхий л газрын малчид интернет сүлжээг амьдрал үйлдвэрлэлдээ хэр зэрэг ашиглаж байгаа бол? Сурвалжлагч энэ тухай мэдээлэл авахаар хэдэн хүнтэй яриа дэлгэсэн байна. Интернет сүлжээний ашиглалт нь мал аж ахуйн амьдрал үйлдвэрлэлд амар хялбар дөт замыг нээж өгснөөр олон талын өөрчлөлтийг авч ирсэн байна.

Мал аж ахуйн орны үйлдвэрлэлд авч ирсэн өөрчлөлт
Баруун Үзэмчин хошууны Горхон суурингийн Онгон багийн Л.Мөнх, Эрдэнэ-Очир, Баян-Эрдэнэ, Сэдоо зэрэг дөрвөн айл алсын удирдлагатай камер угсарч, Авга хошууны Баянтуг сумын Дэлгэрбулаг багийн малчин залуу Сайнбаяр онгоцоор хонио хариулах болсон, мөн мал услах худагтаа камер суулгаж, алсын удирдлагаар усалдаг болсон гээд амаа ангайн гайхмаар өөрчлөлтүүд ойрын хэдэн жилийн хөдөө нутгийг зурна. Энэ нь хөдөө тосгоны шинэ дүр төрх. Интернет сүлжээг мал аж ахуйн үйлдвэрлэлдээ ашигласны дараах шинэ өөрчлөлт билээ. Сөнид Зүүн хошууны Мандалт суурингийн Саруултал багийн малчин Соёлтынд уг нь сүлжээ нэвтрээгүй байжээ. 2017 онд Сөнид Зүүн хошуу аймгийн цахилгаан холбоог дэлгэрүүлэх үйлчилгээний туршилтын цэг болсноор хошуундаа 6 утасгүй сүлжээ нэвтрүүлэх өртөө байгуулжээ. Ингэснээр малчин Соёлтынх радио телевизийн сүлжээгүй байсныг өөрчилснөөр барахгүй, телевиз нэвтрүүлгийг гар утсан дээрээ дахин үзэх, дуу сонсох зэргийг гүйцэтгэж чадах болов. Камер APP угсарвал бэлчээр дэх мал унаагаа гар утаснаасаа ажиглаж болох болжээ. Мал аж ахуйн орны сүлжээний дохио сайжрахыг дагаад олон хүн вичатыг ашиглан мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулсан групп холбоо байгуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн талын сураг занги хангах буюу мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх болжээ. Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлд амар хялбар дөт нөхцөл боломжийг хангаж чаджээ. Шулуун Хөх хошууны Сангийн Далай суурингийн Хулан шарга малын эмийн сангийн байгуулсан вичат холбоо нь интернет сүлжээг ашиглан малчдад үйлчлэхийн зэрэгцээ өөрийн орлогоо ч нэмэгдүүлж яваа жишээ аж.
Өвөр Монголын Шинэ Мал Аж Ахуй Шинжилгээ Мэргэжлийн Компани судлан бүтээсэн гар утасны шинэ софт болох мал аж ахуйн туслагч APP-г нэлээд тооны малчид гар утсандаа суулган интернет сүлжээг мал аж ахуйн үйлдвэрлэлдээ ашиглаж чадах шинэ цаг үед дэвшин орох болжээ. Мал аж ахуйн туслагч APP нь мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбогдол бүхий л талыг хамрах бөгөөд малчид мал унаа буюу малын ашиг шимээ борлуулах зам шугам хайх, өвс бордоо буюу угаалгын эм тан, мал тариалангийн машин бааз худалдан авах зэрэг олон талын үйлчилгээг хүртэж болох юм. Интернет сүлжээний хэрэглээ нь мал аж ахуйн орны үйлдвэрлэлийн бүх гогцоог шулуун замд нь оруулж, хөдөлмөр хүч хэмнэж, шинэ сураг зангийг цаг тухайд нь хүлээн авах, цаг үетэйгээ зохицсон техник мэргэжлийг эзэмших нөхцөл боломжийг хангаснаар мал аж ахуйн орны үйлдвэрлэлийн хэлбэр шинэ өнгө төрхтэй болжээ.
Мал аж ахуйн орны арилжаа худалдаанд авч ирсэн өөрчлөлт
Малын ашиг шимийн гаралтай бүтээгдэхүүн, өдөр тутмын амьдралын хэрэглээний худалдаа зэрэг нь мал аж ахуйн оронд холбогдох арилжаа худалдааны учир явдал. Шилийнхотын Цог-Уул сумын Оюут багийн малчин залуу Алтанхуяг интернет сүлжээний давуу талыг амьдралдаа хэрэглэж чадсан хүний нэг. Тэрээр интернетээс жилдээ хүний өөрийн гээд 20 мянган юанийн бараа захиалдаг юм байна. Амьдрал үйлдвэрлэлдээ хэрэглэх бааз төхөөрөмжийг интернет сүлжээнээс захиалж авах нь зарлагыг 50 хувь хэмнэдэг болохоор ашиглаж л чадвал орлогоо нэмэгдүүлж болох нэгэн сайн арга юм. Одоо хөдөө нутагт Алтанхуяг мэт амьдрал үйлдвэрлэлийн хэрэглээний жижиг сажиг зүйлсээ шууд интернет сүлжээнээс авдаг малчид олон болжээ.
Сөнид Зүүн хошууны Баянтал хоршоо интернет сүлжээг ашиглан 5000 хурга борлуулсан, Улгай удирдлагын орноор нутагтай малчин залуу Тайпин "Хурдан гар" тавцангаар борц худалдаад жилийн борлуулалт нь 4 сая юаньд хүрч, "Хурдан гар" тавцангийн хамгийн итгэл найдвартай хэрэглэгчээр сонгогдож, Чинхуа Их Сургуулийн сургалтад оролцсон зэрэг нь шинэ мал аж ахуйн орны шинэ үйл хэрэг билээ. Хөдөө нутгаар интернет сүлжээ дэлгэрээгүй бол шинэ техник мэргэжлийн тавцанг ашиглаагүй бол малчдын амьдралд ийм их өөрчлөлт авч ирэхгүй юм.
Малчин гаралтай оюутнуудын ажил олголтыг нэмэгдүүлсэн өөрчлөлт
Их сургууль дүүргэсэн оюутнууд ажилтай болох нь нийгмийн нэгэн чухал асуудал болж байна. Засаг төрөөс оюутнуудын ажил олголтыг дэмжиж, өөрөө бизнес эрхэлбэл хүүгүй зээл олгох мэтийн арга авч байгаа юм. Нөгөө талаар сургуулиа дүүргэсэн оюутнууд өөрөө бизнес эрхлэх замаар замнах оюутан олширсон нь шинэ гарах зам эрэлхийлж байгаа учир билээ. Зарим оюутнууд уламжлалт аргаар зах зээлд дэлгүүр ажиллуулж байгаа. Зарим нь интернет сүлжээ, электрон ашиглан маш амжилттай байгаа. Үүнд олон вичат худалдаа дурдагдана. Вичат худалдаа гарч ирснээс аваад олон оюутан зав чөлөөгөөрөө бизнес эрхэлж, орлого олох болсон бөгөөд сургууль дүүргэсний дараа энэ замаараа бизнес эрхлэх болсон нь олон. Баруун Үзэмчин хошууны Хоолтын гол суурингийн Алтан-Од багийн малчин Уянга түүний нэгэн жишээ. Түүний сонголт вичатаар бараа борлуулах биш. Харин видео бичлэг хийх, зураг татах аргыг сурч, энэ жилийн эхээр өнөөдрийн тэргүүн зурвас гар утасны APP дээр “Тал нутгийн сэтгэгдэл Шилийнгол” гэх нэрээр бүртгүүлжээ. Энэ тавцангаар дамжуулан тал нутгийн амьдрал үйлдвэрлэлийг үнэн мөнөөр нь богино видео бичлэгээр нийтэлснээр олон хүний анхаарлыг татаж, дөрвөн сарын дотор 30 мянган юанийн орлого олсон байна. Дунджаар бодвол сарын 7000 гаруй юань олсон байна. Энэ нь дөнгөж нийгэмд гарч ажилд орж байгаа оюутнуудын авч байгаа цалинтай харьцуулбал нэлээд их зөрөх юм. Нэг талаар сургууль дүүргэмэгц өөрөө ажлын байраа олсон бол нөгөө талаар нутаг усныхаа нэр алдрыг нэмэгдүүлж, малын ашиг шимийн бүтээгдэхүүн, үндэстний онцлог бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэхээр дамжин малчдын орлогыг нэмэгдүүлж чадсан болохоор хөдөө буцсан төгсөгч оюутан Уянгын ашигласан шинэ электрон техник мэргэжил ийнхүү үнэ цэнэтэй байгаа билээ.
Интернет сүлжээг ашиглах малчид олширсноос мал аж ахуйн орны өнгө төрх цаг үеэ даган шинэчлэгдэн өөрчлөгдөж, шинэ хөдөө тосгоноос хөгжлийн уянга цуурайтан хангинана.
