Ерөнхий консулын газар (ЕКГ) ӨМӨЗО-ны хэмжээнд байгуулагдаж байсан хамгийн анхны гадаадын дипломат төлөөлөгчийн газар бөгөөд өнөөг хүртэл үүгээрээ тус Өөртөө Засах Орны төв Хөххотыг товойлгон харуулдаг онцлогтой. ЕКГ-ын үйл ажиллагааны хариуцах тойргийн хувьд ӨМӨЗО-ны хэмжээнд байгаа том тойрогтой гэж тооцдог. Жил жилийн ажлууд нь давтагдаж явагддаг ба хамгийн гол нь ӨМӨЗО-ны хэмжээнд, тэр дундаа манай цөөнгүй тооны иргэд ажиллаж, амьдардаг Хөххот дахь монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр орны хоорондын эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг гадаад зах зээлд гаргах, уул уурхайн бүтээгдэхүүн, эдийн засагтай холбоотой бусад асуудлуудыг шийдэх тал дээр дэмжиж ажилладаг. Түүнчлэн хоёр талын эдийн засаг, соёл, боловсролын харилцаанд шинээр ямар ямар ахиц дэвшил гаргаж болох тал дээр эрэл хайгуул хийж, онцгойлон анхаардаг. Эдгээрээс хоёр орны боомтыг тойрсон асуудлууд дээр төвлөрч, хуурай замын есөн боомт, агаарын боомтууд зэрэгтэй холбоотой үүсдэг аливаа асуудал бүрт оролцоотой ажилладаг. Монгол Улс, ӨМӨЗО хоорондын айлчлалууд, гэрээ хэлэлцээртэй холбоотой ажлуудыг хариуцдаг. Зөвхөн монгол иргэдийн эрх ашгаас гадна Хятадын талаас шийдвэрлэх асуудлууд гадаад харилцаагаар дамжаад тогтмол уламжлагдан ирж харилцан холбох, уялдуулан зохицуулдаг талаар Ерөнхий Консул Б.Бямбадорж танилцуулсан юм. Түүний хэлснээр өнгөрөгч оны хувьд тэмдэглүүштэй хамгийн онцгой ажил бол Монгол, Хятадын анхдугаар экспо маш амжилттай зохиогдсон явдал байлаа. Манай компаниуд экспортын бичиг баримт зөвшөөрлөө авч, бараа бүтээгдэхүүнд хятадын талаас тавих импортын татвар зэргийг сайтар судлаад зарим нэг нь үүнийг даваад бүтээгдэхүүнээ борлуулах арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр иргэд маань аль болох Консулын Газартай холбогдож зөвлөмж мэдээллээ авах, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим зэрэг эрх бүхий байгууллагад хандаж байх нь зүйтэйг зөвлөлөө. Шинэ он гараад тус экспо арга хэмжээний үргэлжлэл болж Шилийнхот болон бусад газруудад олон төрлийн үзэсгэлэн зохиогдоод байна.
Улмаар Хөххотын Чингисийн өргөн чөлөөнд байрлах цэцэрлэгт хүрээлэнд Ерөнхий Консулын газраас Хөххотын Ардын Засгийн газрын дэмжлэгээр “Монгол, Хятадын найрамдлын төгөл” байгуулсан. Монгол иргэд олноор оршин суудаг тус хотод ийм нэртэй төгөл – цэцэрлэгийн хэсгийг бий болгосон нь хоёр орны ард иргэдийн солилцоо найрамдлын утга учрыг илтгэсэн сайхан үйл хэрэг юм.
Соёлын салбарт олон арга хэмжээ зохиогдсоноос заримыг онцгойлон дурдвал “Залуу нас Найрамдал” нэртэй Улаанбаатар хот болон Хөххотын бага, дунд сургуулийн багш, сурагчдын урлагийн арга хэмжээ нь хоёр орны хүүхдүүдийн дунд уламжлал болон зохиогдох боллоо. Жил бүр Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгийн санаачилгаар ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтраад Хүүхдийн баярт зориулж хүүхдийн гар зургийн уламжлалт уралдааныг 2015 онд “Миний мөрөөдөл” нэртэйгээр зохион байгуулсан. Мөн жил бүр Оюутны Сагсан бөмбөгийн тэмцээн, Оюутны Урлагийн Их Наадам зэрэг соёлын ажлуудыг Ерөнхий Консулын Газар байнга дэмждэг. Уран зургийн үзэсгэлэнгүүд гарснаас тухайлбал, “Хамтын ялалт” уран зургийн үзэсгэлэн гаргасан чадварлаг уран бүтээлч н.Ганбат зураачаас эхлээд олон уран бүтээлчдийг нэрлэж болно. Эдгээр соёлын салбарын ажлуудаас гадна нэгэн сонирхол татахуйц ажил хэрэгжүүлэх болсон тухай мэдээллийг Ерөнхий Консул Б.Бямбадорж бидэнтэй хуваалцлаа.
- БНХАУ-д суугаа бүх Консулын Газруудын уулзалт гэж болдог. Энэ уулзалтаар Эрээн дэх Консулын Газраас санаачилж манай Ерөнхий Консулын Газартай хамтран анх удаа хэрэгжүүлэх гэж буй нэг ажил бий. Гол агуулга нь тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийг хуулийн хүрээнд амьдрах боломж олгохыг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд эндхийн иргэнтэй гэр бүл болсон ч визийн зөвшөөрөлгүй, мөн зарим тохиолдолд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар, санамсаргүй тохиолдлоор хятадад зорчих хугацаа, визний хугацаа хэтэрсэн зэрэг тохиолдолд нэг удаа ч гэсэн тодорхой хөнгөлөлт үзүүлэх, эсвэл торгуулийн хэмжээг нь багасгах, эсвэл “хар тамга” даруулахгүйгээр улсдаа нэг удаа буцаах зэрэг байдлаар шийдэх зорилготой. Энэ талаар суугаа орны холбогдох байгууллагатай уулзаад саналаа танилцуулсан. Тэд зарчмын хувьд хүлээн авч зөвшөөрсөн ба цаашид хэрхэн өрнүүлэх тухай яригдаж байна.
Түүнээс гадна 2015 онд Хөххотод ажиллаж байгаа монгол иргэдээс маань Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, Ган үзэгтэн, Г.Сэр-Одын нэрэмжит зэрэг шагналтнууд төрсөнд баяртай байна. Мөн Орос, Монгол, Хятад гурван улсын залуу удирдагчдын уулзалт зөвлөгөөн, тус гурван орны залуучуудын хөл бөмбөгийн тэмцээн зэрэг олон ажлууд зохиогдсон. Энэ бүхэнд бид адил төстэй байгууллагуудтай холбох, бэлтгэл зохион байгуулалт зэрэг чиглэлээр дэмжиж ажилладаг. Сүүлийн жилүүдэд монголд очиж үзэх, аялал жуулчлал болон суралцах чиглэлээр хүмүүсийн урсгал нэмэгдлээ. Манай улсад аялал жуулчлалаар зорчиж буй хятад иргэдэд ЕКГ-аас виз олгохдоо зохих хөнгөлөлт үзүүлж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажилладаг. Түүнчлэн Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд Өвөр Монголын залуус маань урлагийн чиглэлээр түлхүү суралцаж байна. Хүүхдүүддээ кирил бичиг сургах, монгол хэлээрээ зөв сайхан ярьдаг болгох хүсэлтэй хүмүүс хүүхдүүдээ монгол руу их явуулж сургах хандлагатай болжээ.
Хөххотод Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг, Монгол Оюутны холбоо гэсэн иргэдийн санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллагууд бий. Тэднийхээ аливаа ажлыг ЕКГ-аас бололцооныхоо хэрээр дэмжиж туслан ажилладаг.
Консулын Газрын хамт олон хэдийгээр ийнхүү цаг наргүй ажиллаж байдаг ч нөгөө талаас тэд маань ч гэсэн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд билээ. Ингээд бид Консулын Газрын аж ахуйн эрхлэгч, жолооч Б.Ганболдын гэрээр зочилж, амьдрал ахуйтай нь танилцсан юм.
Дархан сийлбэрчин мэргэжилтэй тэрээр Гадаад хэргийн яаманд жолоочоор 23 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Унгар, Герман улсад тус тус гурван жил томилогдож байсан ажлын туршлагатай. Хөххотод ирээд нэг жил зургаан сар гаруй хугацаанд ажиллаж байгаа, хамт олон дотроо хамгийн ахмад нь юм.
“Хүний дэлхийд ирсэн юм чинь ямар ч гэсэн хийсэн бүтээлтэй, явсан мөртэй амьдрах учиртай. Цагийг зүгээр битгий өнгөрөө, хийж бүтээ” гэж хэлэх дуртай түүний уран гараар бүтсэн бүтээлүүд чамгүй олон ажээ. Ганболд:
- Энэ жил цагаан сараа Хөххотдоо тэмдэглэнэ ээ. Энд байдаг хол ойрын дүү нар, оюутнууд маань бас ирж золгох байх. Хамт олон маань тун найрсаг, ахан дүүс шиг ижил дасал болсон, маш ажилсаг хөдөлмөрч улс байдаг юм. Байгууллага маань ажилчдынхаа тохь тухтай байдлыг их сайн хангаж өгсөн. Хөххотод ажиллахад цаанаа л тайван юм. Эндхийн хүмүүсийн хүнийг хүндлэх хүндлэл, хөдөлмөрч зан нь хамгийн их таалагддаг. Анх 2002 онд энд ирж үзсэн бол 2014 онд дахин ирэхэд маш их өөрчлөгдөн хөгжсөн байна.
Ер нь дипломат байгууллагад ажиллах, дипломат алба хашина гэдэг чинь хамгийн наад зах нь өөр улсад байгаа өөрсдийн ард иргэддээ байнга санаа тавих нь гол үүрэг байдаг. Үйлчилгээ үзүүлэх хүмүүстэйгээ найрсаг сайхан харилцах нь их чухал л даа. Хоёр талын иргэддээ харилцан үйлчлэх, тусалж дэмжиж л байх нь бидний гол зорилго шүү дээ гэж ярьсан юм. Дашрамд дурдахад, үргэлж л шинийг сэдэн хөдөлмөрлөж байдаг тэрээр ЕКГ-ын байрны гадаах Монгол Улсын Төрийн сүлдийг өөрөө санаачилж, он удаан жилийн хэрэглээг нь бодон гуулин материалаар урласныг харахад ямархан ажилсаг нэгэн болох нь тодорхой.
Түүний гэргий ЕКГ-ын үйлчилгээ техникийн ажилтан Ж.Байгальмаа. Ажил хөдөлмөрийг эрхэмлэдэг уран гартай монгол бүсгүй. Тогооч мэргэжилтэй. Чухамдаа сонирхолдоо хөтлөгдөн зав л гарвал европ хувцас оёж, ноосон хувцас нэхэж урлаж суудаг хөдөлмөрч нэгэн.
- Одоо Хөххотод дасчихаад байгаа. Хүүхэд наснаасаа өөрийн сонирхлоороо хувцас оёж сурсан, хүүхдүүддээ багаас нь оёж өгсөн хэмээн хуучлах эзэгтэй маань урласан хувцаснаасаа гаргаж сонирхуулсан юм. Мөн Хөххотод ноолуурын хольцтой гоё утаснууд хямд, чанар сайтай, олдоц их байдаг. Бас европ хувцас оёно. Эдгээрийг худалдаж зардаггүй зөвхөн өөрсдийн хэрэгцээнд зориулдаг тухайгаа ч хэлсэн юм.
- Өмнө нь Европын орнуудад очиж байсан, Хөххот бол их ялгаатай юм байна. Цаанаа л тайван их сайхан, хүмүүс нь найрсаг тусч юм хэмээн тэрээр инээмсэглэн ярьлаа.
Хилийн дээс алхаж, аливаа сайн сайхныг чин сэтгэл, хөдөлмөр зүтгэлээрээ бүтээж яваа Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газрын хамт олон айлчлан ирж буй сар шинээ ийнхүү өрнүүн их амжилт, ажил үйлсээрээ угтаж байна.
