Хятадын албаны тал 10-р сарын 08-нд "Хятадын биологийн олон янз байдлын хамгаалалт" цагаан номыг анх удаагаа нийтэлж, Хятадын биологийн олон янз байдлыг хамгаалах үзэл баримтлал, арга хэмжээ, үр нөлөөг олон улсын хамтын нийгэмлэгт хандан системтэй танилцуулж, Хятад улсын баримталж байгаа олон талт үзэл, дэлхийн хамтын ажиллагаанд оролцсон хүчин чармайлт нь дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахад Хятадын оюун ухаан, Хятадын төслийн хувь нэмрээ оруулсан гэдгийг харуулжээ.
Биологийн олон янз байдал нь хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжихийн чухал үндэс суурь бөгөөд хүн төрөлхтний сайн сайхан амьдралтай холбоотой юм. Дэлхийн биологийн олон янз байдлаар хамгийн баялаг орны нэг болохын хувьд Хятад улс биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг чухалд үзсээр ирсэн юм.
Олон томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр, Хятадын экологийн доройтлын чиг хандлагыг үндсэндээ тогтоон барьж, байгаль экологийн систем ерөнхийдөө тогтвортой сайн хандлагаа хадгалж, биологийн олон янз байдлыг хамгаалах ажил илэрхий үр дүнд хүрсэн байна. "Хятадын биологийн олон янз байдлын хамгаалалт" цагаан номд дурдсанаар, Хятадын хуурай газрын экологийн системийн 90 хувь, үндэсний гол чухал хамгаалалтад авсан зэрлэг ан амьтан, ургамлын 71 хувийг үр дүнтэй хамгаалж чадсан бөгөөд Панда, Ибис шувуу, Азийн заан зэрэг устах шахсан амьтдын тоо толгой улмаар нэмэгдсэн байна. Хятадын ойн талбай, ойн нөөц дараалан 30 жил "хос өсөлт"-ийг хадгалсаар иржээ. 2000-2017 онуудад дэлхийн шинээр нэмэгдсэн ногоон байгууламжийн 25 орчим хувийг Хятадаас бүрдүүлсэн бөгөөд дэлхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд Хятад улсын оруулсан хувь нэмэр дэлхийд нэгдүгээр байранд орсон юм.
НҮБ-ын “Биологийн олон янз байдлын тухай конвенц"-д хамгийн анх гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан талуудын нэг болохын хувьд Хятад улс энэхүү конвенц, түүний протоколыг идэвхтэй хэрэгжүүлж, конвенцын холбогдох зохицонгуй байдлыг үр ашигтай дэмжиж, дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах, засаглалын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнээс гадна, Хятад улс өргөн хүрээнд хамтын ажиллагаа, солилцоо өрнүүлж, хөгжиж буй орнуудын биологийн олон янз байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийн тулд "Бүс ба зам", "Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа" зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмыг ашиглан, дэлхий дахины амь насны хамтын цогцыг бүтээн байгуулахын төлөө хичээн ажиллаж байна.
Өнгөрсөн оны 09-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын биологийн олон янз байдлын тухай дээд хэмжээний уулзалтад видеогоор илтгэл тавихдаа, бид хүн төрөлхтний соёл иргэншлийн үүрэг хариуцлагын өндөр түвшнээс хүн ба байгаль эвсэг зохицонгуй оршин тогтнох замыг судалж, дэлхийн засаглалын нэгдмэл байдлыг бий болгох бөгөөд дэлхийн байгаль орчны засаглалын түвшнийг дээшлүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн юм. Бразилын Хятадын асуудлаарх судалгааны төвийн захирал, эдийн засагч Ронни Линс хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн санал нь хүн төрөлхтний нийгмийн ногоон хөгжлийг хэрэгжүүлэх, экологийн соёл иргэншлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
НҮБ-ын“Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ын гэрээлэгч талуудын бага хурлын XV удаагийн хурлыг зохион байгуулж буй орны хувьд Хятад улс үүгээр боломж болгож, талуудтай алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, ирээдүйн арван жилд дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах амбицтай, прагматик зорилтуудыг боловсруулж, боломжтой аргуудыг дэвшүүлэн, дэлхийн биологийн олон янз байдлын засаглалд шинэ эрч хүчийг сэлбэх болно.
