Хүслийн боол бололгүйгээр хүсч сур
2015-12-28 18:21
Английн бичгийн их хүн, яруу найрагч Ричъяард Киплингийн ганцхан өгүүлбэрийг таван доллараар үнэлдэг байсан гэдэг. Одоогоос хоёр гурван зуун жилийн өмнөх доллар өнөө цагийнхаас өндөр ханштай мөнгөн тэмдэгт байсан нь гарцаагүй. Энэ эрхмийн “Сургааль” хэмээх шүлэгт хүний амьдралд нэмэр болохуйц үнэтэй мөрүүд олон.
“Хүслийн боол бололгүйгээр хүсч сур. Бодлын боол бололгүйгээр бодож сур. Амжилт, зэмлэл хоёрыг адилхан угт. Аль алиных нь өнгө хуурамчийг бүү март. Хамаг амьдрал чинь балран унахад харин чи ахин эхэлж цогцлоох ёстой. Жаргах найдвар байвал юугаа ч үл хайрлан, зовж хураасан бүхнээ зарж гаргаж сур. Хамаг байдгаа алдаад урьдын адил хоосровч харамсана гэдгийг мартан тэмцэж тэмүүлж сур. Алив юм цагтаа чамтай тооцож л байг. Алхам ч гүйцэгдэмгүй өдөр, цаг, агшин бүрийг агуулгаар дүүргэ. Тэр цагт, бүхий ертөнц чиний эзэмшил мэт болно. Тэр цагт, хүү минь чи ХҮН болно”...
Сайхан амьдрах, аз жаргалыг мэдрэх, ихийг бүтээхэд, мөн хүний сэтгэлийг татах, зүрхээ хөглөж итгэл найдвараар гэрэлтэхэд хандлага л луужин болдог. Гэхдээ хандлагаар бүхий л зүйлийг бүтээдэг гэвэл түмэн худлаа. Мэдээж чадвар, мэдлэг, туршлага, зүтгэл цөм хэрэгтэй. Гэсэн ч хандлага нь буруу бол энэ бүхний аль нь ч бий болдоггүй бичигдээгүй зарчим байдаг. Орчлонд хосгүй хауст амьдарч, торго булганд хөлбөрч, хуруу инчдэхийн зуур хэдэн сая доллар олж чаддаг болохсон гэж тэсгэлгүй шаналан мөрөөдвөөс бүсгүй та хүслийнхээ боол нь болж буй нь тэр.
Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй ч, хүсэл сэтгэл хязгааргүй ч алив юм амьдралд буухуйц байх тусмаа үр дүн нь төдий чинээ ойр байдаг. Бодлын боол бололгүйгээр бодож сур хүүхнүүд ээ. Цаана чинь орчлонд хосгүй хауст амьдарч, торго булганд хөлбөрч, хуруу инчдэхийн зуур хэдэн сая доллар олж чаддаг хэрнээ ганцаардлын тойрогт хүлүүлж, хүний эрхээр өдөр хоногийг өнгөрөөхийн зовлонд шаналахдаа эгэл боргил амьдралын сайхныг эдлэхсэн, чин хайрын нандин харилцааг амталж нэг эрхлэхсэн, эдийн тансгаараа сэтгэлийн жаргалыг харамгүй солихсон гэж мөрөөдөн шаналж байгаа бүсгүй басчиг цөөн биш шүү.
ГЭГЭЭ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
