solongonews
Уянгын ертөнцөд гялалзсан уртын дууч
2019-03-22 09:17
Уянгын ертөнцөд гялалзсан уртын дууч бүсгүй Мягмарсүрэн

Яруу уянгалаг Барга ардын уртын дуу нь уран хоолой шалгасан торгон нугалаатай, ухааны цараа шалгасан богино авсаархан атлаа гүн ухааны үгтэй, сонссон бүхний гэгээн сонорт яруу сайхан сэтгэгдэл төрүүлдэг ажээ. Барга ардын уртын дууны урлагийн хэв намба, өнгө аяс нь өөрчлөгдөөгүй, бүрэн бүтнээрээ, уул янзаараа өвлөгдөн уламжлагдаж ирсэн нь бидний омогшил билээ. XX зууны 80-аад оны эхээр сайхан хоолойтой нэгэн дуучин Баргын саруул талаар хангинуулж байсныг хэн андах билээ. Тэр хүн бол хөдөө нутгийн эгэл жирийн малчин бүсгүй Мягмарсүрэн юм. Тухайн үед Мягмарсүрэн сумын сургуульд суралцаж байсан боловч амьдралын шалтгаанаас болон сургуулиа орхиж, хөдөө нутаг буцав. Ийнхүү хар бор ажил хийж, бондгор хөөрхөн бор хүүхэн үнээ тугалын зэл, хонь хурганы бэлчээрт явах болсон юм. Гэхдээ бага насны хүүхэд гэдэг цовоо сэргэлэн байдаг бөгөөд аав, ээж, гэр бүл, орчин тойрныхоо нөлөөг хүртэх нь мэдээж хэрэг биз. Галзууд Халын Сандаг хэмээх түүний эцэг нь залуу цагаасаа бөх барилдаж, сайхан дуулдаг ойр тойрондоо “манай дуучин” гэгдэж явсан түүхтэй нэгэн байжээ. Ой ухаан сэргэлэн, сэтгэл цайлган, зан ааш сайхан бяцхан хүүхэн Мягмарсүрэнг хүмүүс дуул гэвэл дуулчихдаг байсан бөгөөд Барга ардын уртын дуу "Соёг бор", "Эр бор харцага", "Минжин халиун нударга" гэх мэтээр дандаа аавынхаа дуулдаг дуунуудыг зах дараалан дуулдаг байлаа. Ган хөллөж усанд явсан ч, чингэлэг хөллөж аргалд явсан ч уран цээлхэн нугалаа, охин торгон хоолойгоороо хангинатал дуулж байсан нь өнөөгийн том дуучин болоход бэлтгэгдсэн анхны нөхцөл болзол биз. Мягмарсүрэн маань 1963 оны хавар Шинэ Барга Зүүн хошууны Шинэбулаг баруун сумын Гүнбүрд багийн Баянцагаан хэмээх нэгэн сайхан газар эцэг Сандаг болон ээж Хорлын ах дүү долоон хүүхдийн гуравдугаар хүүхэн нь болон заяав. Тэрээр анх 1982 онд Барт Хандгайн зуслангийн наадамд очиж дуулж билээ. Зуны долоон сар гэдэг хур бороо тэнцсэн, цэцэг алаглан дэлгэрсэн тун сайхан үзэсгэлэнт улирал байлаа.

Ус нуурууд галуу шувуудаар дүүрч, адуу мал сэрүүн таатай бэлчинэ. Тэртээ уулсын энгэр бэлээр отрын цагаан гэрүүд цайран тэнүүхэн зусна. Барт Хандгайн зусланд малчдын ардын наадам болж, морь уралдаж, бөх барилдаж, хөөр баяр дүүрэн байв. 

Үдэш нь хошууны Улаанмөчирийн тоглолтын зэрэгцээ тус хошууны соёлын товчооноос зохион байгуулсан малчин дуучдын уралдаанд оролцсон хэсэг дуучдыг дуулуулжээ. Энэ удаад Мягмарсүрэнг "Саруул тал", "Эр бор харцага", "Минжин халуун нударга" зэрэг дуутай нь жинхэнэ тал нутгийн номин ногоон тайзанд гаргалаа.

- Яасан сайхан юм вэ? Яасан сайн дуулж байна вэ? Дахин, дахин гэж үзэж сонирхсон малчдын алга ташилт тасрахгүй байлаа. Тэр үеэс хойш Мягмарсүрэн гэгч ард түмний сэтгэл зүрхэнд мэдрэгдсэн жинхэнэ ардын дууч болж эхэлжээ. Тухайн жилдээ хошууны Соёлын төвөөс зохион байгуулсан малчдын гоцлол дууны уралдаанд "Эр бор харцага" дууг дуулж тэргүүн байранд оров. Түүнээс хойш Мягмарсүрэнгийн уртын дуу дуулах урам зориг улам бүр хөвчлөгдөв. Дуулах тусам хоолой нь илүү нээгдэн, илүү чөлөөтэй болж, Барга ардын уртын дууны ялгам содон өнгө хөгийг тодорхой ойлгож, дуулах гэсэн дууныхаа үг, утга агуулга бүхэнд нь анхаарал тавьж эхэлсэн юм. Тухайн үед тэрээр ахмад ардын уран бүтээлч, уртын дуучин, дууны багш Бадам гуайн дор богинохон хэдэн сар дасгал хийж, дуулах арга мэргэжлийг эзэмшсэн байна. Энэ нь түүнд олдошгүй боломжийг олгож билээ. Дорвитой хоолой, догдолсон сэтгэлээрээ дуулах нь Мягмарсүрэнгийн нэг насных нь эрэл, амьдралын утга учир нь болжээ. Тэрээр Улаанмөчирийн дуучин биш, урлагийн их сургуулийн мөрийг ч хөөгөөгүй, энгийн л нэгэн малчин дуучин, ард түмний дуучин. Мягмарсүрэн Баргын уудам талаас үйлсийн сайхан Улаанбаатар, үзэмжит хот Тайвань, Шанхай, Хөххот, Улаан-Үд, Халимаг, Буриад, Баргажин дөхөм хүртэл дуучин гэдгээ дуугаараа дуурсгаж, дуугаараа омогшиж бахархаж явсан Баргын уртын дуучин билээ. Мягмарсүрэн Барга ардын уртын дуутай хувь барилдлагатай байсан ажээ.

1992 онд Шинэ Барга зүүн хошууны мэргэжлийн бус уран сайхны тоглолтод уртын дуугаараа нэгдүгээр байр, 1995 оны 10-р сард "Монгол ван" цомын нэрэмжит Өвөр Монголын монгол үндэстний ардын дууны уралдаанд шилдэг байр, мөн тухайн жилд нь ӨМӨЗО-ы соёлын тэнхимийн "Цэгцүүхэй дуучин" цолыг хүртэж, 2000 оны 07-р сард бүх Хөлөнбуйр хотын Барга ардын уртын дууны радио телевиз анхдугаар уралдаанд "Арван содон дуучин"-аар шагнагдаж явжээ. 2017 оны 12-р сарын 28-ны өдөр мөнгөн цагаан өвлөөр Барга нутаг гоёж, мөс цасны найраар Хөлөнбуйр нутаг цалгиж байсан юм. Тэр үед Мягмарсүрэн маань хувиасаа 100 гаруй мянган юань зарцуулж, бүтэн нэг жилийн хичээл зүтгэл гарган "Барга уртын дууны шуранхай" хэмээх цомгоо Барга ардын уртын дууны анхны бие даасан тоглолтын хамт ард түмэндээ өргөн барьсан юм. Тэрээр Шинэ Барга зүүн хошууны уртын дууны нийгэмлэгийн байнгын хэрэг эрхлэгч, Өвөр Монголын уртын дууны нийгэмлэгийн гишүүн, Хөлөнбуйр хотын Барга уртын дууны биет бус соёлын өвийн уламжлагч зэрэг үүрэг тушаалыг хариуцаж байна. Барга ардын уртын дуу, Барга соёлын төлөө уйгагүй зүтгэж ирсэн дуучин Мягмарсүрэндээ улам их амжилт хүсэж, шинэ жил шинэ ондоо өрх гэрт нь сайн сайхан, аз жаргалыг хүсч, Баргын цэнхэр тэнгэр, саруул талаа уртын дуугаараа үүрд чимж аргадаж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл