Монгол Улсаас олон арван эрдэмтэн мэргэд, авьяас билэгт эрхэм содон хүмүүс ӨМӨЗО-ыг зорин ирдэг. Тэдний дунд нутаг нутгийн олон шавь нар, найз нөхөд, уран бүтээлчдийнх нь дотночлон дуудаж заншсанаар “Жа багш” буюу Монгол Улсын хүндэт кино найруулагч Доржийн Жамъяныг “Танил дотно Өвөр Монгол” булангийн хүндэт зочноор урьсан билээ. Анх 2007 онд Хөххотын Дорнодахин кино телевизийн сургуульд жүжигчний уран чадварын багшаар уригдаж ажилласан цагаас хойш нэгэнтээ арван он улирчээ. Бид түүний анх ажиллаж байсан сургуулийн орчин тойрон хэрхэн өөрчлөгдсөн тухай сэдвээр яриагаа эхлүүлсэн юм. Тэр үед Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлгээс авахуулаад өнөөгийн олон арван барилга байгууламжууд сүндэрлээгүй байсан гэх. Энэ хавийн гудамжаар нь жижигхэн мухлагууд, халуун усны газрууд олон байснаас гадна, илжиг тэрэгнүүд явдаг байсан тухай бидэнд сонирхуулан ярьж байлаа.

Д.Жамъян:
- Энэ арван жилийн хугацаанд Өвөр Монгол орон, тэр дундаа Хөххот миний нүдний өмнө маш үсрэнгүй хурдтай хөгжсөн. Хэдэн сар болоод эргээд ирэхэд л танихын аргагүй өөрчлөгдсөн байдаг учир би жил бүр Хөххотын газрын зураг шинээр худалдаж авдаг. Одоогийн хүмүүс маш ганган дэгжин хувцасладаг болсон, бас автомашин олширсон. Хөгжлийн хурд дэндүү хурдан байна, эдийн засгийн болон бусад техник технологийн хөгжлийн хөлд чирэгдэж байна уу даа гэх хандлага харагдаж байх шиг. Энэ дундаа хамгийн чухал нь соёл, ухамсрын хөгжил. Өөрөөр хэлбэл, хувь хүний хөгжил. Урлаг хувь хүний сэтгэл оюунд нөлөөлдөг гэдэг утгаараа хамгийн чухал хүчин зүйл. Наад захын жишээ гэхэд Өвөр Монголчууд маань гоё загварлаг дээл хувцас, цүнх, монгол хээ угалзтай үндэсний өнгө аясаа хадгалсан амьдралын хувцаснуудаа өөрсдөө хийгээд бахархалтайгаар өмсдөг нь яах аргагүй соёлын нэгэн том илэрхийлэл. Түүнээс гадна, маш олон сайхан романууд гарч байна, энд хэвлэл их сайн. Монгол Улсын яруу найрагчид, зохиолчдын шинээр гарсан зохиол бүтээлүүдийг цаг тухайд нь уншдаг. Кирил үсгийг их хичээнгүйлэн сурцгааж байна. Бас нэг сайхан зүйл нь эндхийн шавь нар багшийг, ер нь хүнийг их сайн хүндэлдэг гэж ярьлаа.

Хуучнаар ЗХУ-ын Москва хотод Кино Урлагийн Дээд Сургуульд кино найруулагчаар суралцсан тэрээр кино телевизийн кино телевизийн жүжигчин, найруулагчийн мэргэжлээр багшилдаг. Түүний туурвисан бүтээл, гаргасан амжилтыг тоочвол сэтгүүлийн маань хуудас үл хүрэлцэх биз ээ. Германы Лейпциг хотын Кино наадамд дөрвөн удаа оролцож, хүндэт диплом, Монгол Улсын Телевизийн баримтат кино шалгаруулах жил бүрийн наадмын 1982, 1984, 1985, 1986 онуудын шилдэг баримтат кино, шилдэг найруулагчийн шагналууд хүртэж байв. Өвөр Монгол оронд уригдсан цагаасаа хойш Монгол Одон телевизэд "Аав ирлээ", "Зам I-II анги", "Эрдэнэсийн нууц", "Агсан Төмөр" зэрэг богино хэмжээний жүжиг, киног Өвөр Монгол шавь нарынхаа хамт бүтээсэн. 2007 оны Хөххотын Оюутан, сурагчдын театрын "Алтан хуа" нэрэмжит наадмын "Шилдэг найруулагч" шагналтан болсон. Өвөр Монголын кино урлагийн тухайд тэрээр:
- Сайхан бүтээлүүд олон бий. Ер нь ахмад үеийн найруулагчид нэлээд сайн суурь тавьж өгсөн. Монгол амьдралын бусад үндэстэнд сонирхолтой байж болох тал дээр илүү анхаарал тавьдаг шиг санагддаг. Чингис хааны тухай “Нэгэн цагийн тэнгэрлэг хөвүүн” зэрэг гурван өөр киног ерөнхийдөө нэг чиглэлтэй гурван ондоо өнцгөөс харж бүтээсэн. Их сайн хийсэн. Чингис хааны тухай хэд хэдэн кинонууд одоо дахиад шинээр гарах гэж байна. Тэр найруулагчдаас би өөр шинэлэг зүйл хүлээж байгаа. Сүүлийн үед телевизийн богино хэмжээний киноны урсгал их түрж орж ирсэн. Залуучууд өөрийгөө сорьж, өөрийгөө нээж байгаа нь маш сайшаалтай. Олон улсын нэлээн сайн кино наадмын зэрэглэлд орсон “48 цаг” нэртэй кино хоёр дахь удаа шинээр хийгдлээ. Олон залуус шууд Холливууд руу чиглэж хүчээ сорьж байна. Энэ бол маш сайн. Миний “Халхын гол залуу нас минь” цэргийн тухай кино, “Ялалтын гудам”, “Бид атарт явлаа” зэрэг кинонууд бий. Тухайн цаг үеийн байдлыг үнэн бодитоор харуулахаас илүү би хэрхэн яаж, аль өнцгөөс харж байна вэ гэдгийг харуулахыг зорьж хийсэн. Энд театрын тухайд хэдэн зуун хүнтэй тоглолт гаргаж болохоор сайхан тайзтай. ӨМӨЗО соёлын тэргүүний хүчирхэг орон болно гэсэн зорилт тавьсан. Энэ ч утгаараа театрынхаа тайзуудыг маш сайн шинэчилсэн. Тэр том тайзан дээр “Учиртай гурван толгой” дууриа нэг тогловол сайхансан гэж боддог. Энэ сайхан театрын тайзан дээр Шекспирийн жүжгийг тавиасай гэж хүсэх юм. Дашрамд хэлэхэд, Шанхайн театрын дээд сургууль төгссөн жинхэнэ театр урлагийг мэргэжлийн түвшинд сурсан хорь гаруй шижигнэсэн сайхан залуучууд байна. Тэднийг нэгтгээд жинхэнэ мэргэжлийн сонгодог жүжиг тавих хэрэгтэй. Авьяастай залуучууд, жүжигчид олон сайхан бүтээлүүд хийж байна. Хамгийн гол нь тэдний бүтээлийг аль болох олон нийтийн хүртээл болгох хэрэгтэй гэж санааширч явдгаа хуваалцлаа.

Найруулагч Д.Жамъян сүүлийн жилүүдэд Улаанцав, Алшаа, Ордост гурван жүжигт ажилласан бөгөөд амжилттай болж, бүгд шагнал дагуулсны дотор “Сарнай” шагнал ч хүртжээ. Түүнээс Өвөр Монголчуудын соёл уламжлалдаа хэрхэн ханддаг тухай асуухад:
- Өвөр Монголчууд маань ёс заншлаа их дээдэлдэг. Надад хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн нь Гал тахилга. Цагаан сарын золголтынхоо зан үйлтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд галаа тахьдаг. Гал голомтоо дээдэлж галаа маш хүндэтгэлтэйгээр тахиж ёсолдог нь үнэхээр бахархууштай. Оюутан залуусын үндэстний соёл, хэлээ хайрлан хамгаалах, нүүдлийн соёлоо дээдлэх сэтгэлгээ, нутаг орон байгаль дэлхийгээ хайрлах монгол ухаан нь урлаг соёлын арга хэмжээнд, кино урлагт, соёлд нь улам тод томруун харагдаж байгаа нь их сайхан гэж бахархан ярьсан юм.
- Цаашид Өвөр Монголчууд маань аль болох олон шинэ ном, шинэ кинонууд гаргаасай. Энэ сайхан театрын тайзнууд болохын хэрээр өдөр бүр хөшгөө нээж, агуу их урлагийг түмэн олондоо танилцуулж, хүн бүрт ойртуулаасай гэсэн хүндэт зочныхоо гэгээн хүслийг уншигч та бүхэндээ уламжилъя.

Э.ҮРЖИНХАНД
