Панда нь дэлхийн хэмжээнд нэн ховор амьтны нэг. Пандаг хамгаалан өсгөж үржүүлэх нь Хятадад нэн ховор амьтныг авран хамгаалах хамгийн амжилттай жишиг болсон юм. Хятад улс дэлхийд пандаг олноор өсгөн үржүүлэх бааз байгуулсан бөгөөд дэлхийн 20 гаруй зоо паркт пандаг хамгаалах чиглэлээр хамтран судалгаа хийж байна. Энэ онд Хятадын панда гадаадаар айлчилснаар цар тахлын сөрөг нөлөөлөлд өртөөд байгаа дэлхий нийтэд баяр хөөр нэмэрлэлээ. Эдгээр хөөрхөн панданууд Хятад гадаадын нөхөрсөг харилцааны гүүр болсон байна. Одоо та бүхэнд ХТРТ-ийн сэтгүүлч Вэй Юйгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Энэ оны 08-р сард Хятадаас Сингапурт хүрсэн панда "Кайкай", "Жяжя" хөөрхөн бамбарууштай боллоо. 11-р сарын 21-нд бамбаруушных нь 100 хоногийн үед Сингапурын экологийн цэцэрлэгт хүрээлэн хөөрхөн зураг дарж өглөө.
"Бамбарууш одоо 6 кг гаруй жинтэй, анх төрсөн үеийнхээ 30 дахин жинтэй, 67 см урт биетэй болсон бөгөөд шүд ургаж, бас өөрөө мөлхөх болжээ. Панда ээж Жяжя өөрийн зулзагандаа маш хайртай , байнга л бамбаруушаа тэвэрсээр байдаг. Эх сурвалжид мэдээлснээр, бамбаруушийн нэрийг Сингапур, Хятад улс 12-р сард хамтран зарлах болно. Уг цэцэрлэгт хүрээлэнгийнхэн мэдэгдэхдээ, 60 мянга гаруй онлайн саналаар сонгогдсон нэр нь анхаарал татахуйц бөгөөд Сингапурын уламжлалт соёл, Сингапур Хятадын найрамдлын илэрхийлэл байх ёстой гэжээ.
Энэ онд дэлхийн олон зоо паркт оршин амьдарч буй Хятадын панданууд бүгд өсөн үржсэн юм. Энэ оны 5-р сарын 31-нд Малайзын үндэсний зоо паркт амьдарч буй Панда Жинжин гурав дахь бамбаруушаа төрүүлсэн бөгөөд анхны эр бамбарууш байлаа.
Энэ хөөрхөн бамбарууш хорвоод ирсэнд бид маш их баяртай байна, түүний төрсөн өдөр маш онцгой, Малайз, Хятадын дипломат харилцаа тогтоосны ойн өдөр . Бид түүнийг сайн харгалзаж өсгөнө. Энэхүү хөөрхөн бамбарууш Малайз, Хятадын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм.
Японы Токио Уэно зоо паркийн Жэньжэнь энэ оны 06-р сарын 23-нд ихэр бамбарууш төрүүлсэн юм. Энэ нь мөн Уэно зоо паркт төрсөн анхны ихэр бамбарууш болно.
Токиогийн Уэно амьтны хүрээлэнгээс ихэр бамбаруушинд нэр өгөх нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулснаар хүлээн авсан 200 мянга орчим саналын дагуу эр пандад "Шяошяо", эм пандад "Лэйлэй" гэдэг нэр хайрласан байна. Токиогийн захирагч Юрико Коикегийн хэлснээр, энэ хоёр нэр нийлбэл гэрэлт ирээдүй руу замнах гэсэн агуулгатай гэлээ.
Өнөө гэхэд Шяошяо, Лэйлэй 10 кг ойртсон учраас асрагч нь тэврэхэд даахгүй болж байна.
Францын төв хэсэгт орших Сен-Айнан хотын Бьювал зэрлэг зоо паркт амьдарч байгаа Хятадаас очсон панда Хуаньхуань энэ оны 8-р сарын 2-нд мөн ихэр бамбарууш төрүүлсэн юм. Бамбаруушийн төрөх өдөр Хятадын Чэндүгийн панда үржүүлгийн судалгааны баазаас Хятадын хоёр мэргэжилтэн Франц руу нисэж энэхүү гайхалтай цаг үеийг хамтдаа угтан авсан байна.
10-р сарын 18-нд ихэр бамбарууш "зуун хоног"-ийн ойгоо угтаж, Бьювал зоо пак эгч дүү хоёрт нэр хайрлах ёслол явуулсан байна.
Францын хөл бөмбөгийн алдарт тамирчин Мбаппе болон Хятадын сэлэлтийн олимпын аварга Жан Жячи ёслолын талбайд хүрэлцэн ирж 122 мянга гаруй онлайн саналаар сонгогдсон “Юань Дүдү”, “Хуань Лили” гэгч нэрсийг зарлалаа. Эх сурвалжид мэдээлснээр, “Хуань Лили”-ийн Хуань гэдэг нь түүний ээж Хуаньхуаний нэрээс үүдэлтэй бөгөөд "Ли" гэдэг үг нь Францын нийслэл Парис хотоос гаралтай. “Юань Дүдү”-гийн эхний үсэг нь түүний аав Юанзайгийн эхний үсэг бөгөөд Дүдү гэдэг нь Хятадын Чэндү хотыг төлөөлж байгаа юм. Энэ хоёр нэрийг хайрласан нь хоёр орны найрсаг нөхөрлөлийг бэлгэдэхийн төлөө билээ.
Пандаг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа нь Хятад болон гадаад орнуудын соёлын солилцоог ахиулж, мөн олон хүнд пандагийн тухай таниулсан юм. Өнөө гэхэд панда нь дэлхийн хэмжээнд нэн ховор амьтны нэг юм. Панда нь зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлээр тэргүүлэгч амьтны төрлийн хувьд дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.
