Тянь Хэ 06-р сарын 17-нд үндсэн бүхээгтээ амжилттай орсноос хойш Шэньжөү-12 сансрын хөлгийн нисэгчдийн баг тойрог замдаа ажиллаж амьдраад бүтэн хоёр сар болж байгаа юм. Өнөөгийн байдлаар Шэньжөү-12 сансрын нисэгчдийн багийн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд үндсэн бүхээгийн ажиллагаа тогтвортой байгаа учраас удалгүй задгай сансарт хоёр дахь удаа ажиллах гэж байна.
Сансрын нисэгчид панорамик камер ашиглаж, сансар дахь амьдралаа тэмдэглэж байгаа юм.
Сансрын нисэгчид тойрог замдаа байх хоёр сарын хугацаанд Тянь Хэ үндсэн бүхээгийн ажлыг хийхийн зэрэгцээ сансрын анагаах ухааны чиглэлээрх 14 төслийн эхний ээлжийн тоо баримтыг бүртгэх ажил, мөн сансрын шинжлэх ухааны ажил, технологийн туршилт зэрэг ажлыг хийж дууссан байна.
Сансрын шинжлэх ухаан, технологийн группын 5-р академийн сансрын станцын системийн ерөнхий дизайнерын орлогч Хөү Юнчин:
- Шэньжөү-12 сансрын хөлгийн нисэгчдийн баг сансрын үүрэг гүйцэтгэсэн хоёр сарын хугацаанд үндсэн бүхээгийн үйл ажиллагаа хэвийн байж, битүүмжилсэн бүхээгийн атмосферийн даралт, бүтэц, температур, чийгшлийн хяналт хэвийн байгаа бөгөөд усыг сэргээх, цэвэршүүлэх ажил нь ч хэвийн явагдаж, усны элементийн урсгал ч тогтворжиж эхэлсэн учраас бид удалгүй хоёр дахь удаагийн задгай сансар дахь ажлаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ.
