solongonews
“Аварга Сэнгээ” номын нээлт болов
2016-10-12 20:02
Үзэмчин ардын бөх Сэнгээ аваргын тухай өгүүлсэн “Аварга Сэнгээ” номын нээлт болов

   Үзэмчин ардын бөх Сэнгээ аваргын тухай өгүүлэх “Аварга Сэнгээ” номын нээлт өнөөдөр буюу аравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотын Түвдэнпэлжээлин хийдэд боллоо.

Энэхүү номыг ӨМӨЗО-ны яруу найрагч Ү.Жавхлант, Монгол Улсын бөх судлаач Б.Цогзолмаа нар хамтран Монгол бичиг, кирил бичиг болон хятад хэл дээр бичсэнээрээ онцлогтой юм.

Их аварга Сэнгээгийн хоёр Монголыг холбосон их түүхийг өгүүлэх энэхүү хөрөг бүтээлээ МУ-ын хурц арслан Бадамсэрээжид, У.Мижиддорж, Ө.Эрдэнэ-Очир нартай уулзаж тодруулан нягтласан байна.

Их аварга маань 1925 онд төрсөн, ӨМӨЗО-ны Шилийнгол чуулганы Үзэмчин баруун гарын хошууны уугуул нэгэн.

Бөх судлаач Б.Цогзолмаа :

- 2010 оны Монгол бөхийн “Эе-Эвийн их хурал” дээр Улсын Арслан У.Мижиддорж гуай надад ”Миний охин ажил хэргээр Өвөр Монгол руу байнга явдаг сурагтай. Миний найз Сэнгээ аваргын үр хүүхдүүд, хамаатан садныг сураглаж, надад чимээ өгөөрэй” гэж захисан юм. Боломж олдоогүй байсандаа сэтгэл гундуухан явж байлаа. Өнгөрсөн оны тавдугаар сард мэргэжил нэгт Өвөр Монгол найз Л.Баатар, С.Соёлт нарын урилгаар Монгол бөхийн холбооны төлөөлөгчийн хамт Өвөр Монгол явах боломж олдсон. Шилийнголын ажил мэргэжлийн сургуулийн “Олон улсын  бөхийн сорионы суурин” байгуулах нээлтийн ажиллагаанд оролцлоо. Нээлтийн ажиллагаанд Баруун үзэмчин хошуунаас бөх  ирсэн гэж дуулаад хажууд суусан хүнээс “Би Сэнгээ аваргын хамаатан садныг хайж байгаа юм аа” гэхэд нөгөө хүн “Би тэр хүний ганц хүү нь байна” гэсэн домог шиг яриагаар энэ ном эхэлсэн хэмээн ярилаа.

    Номын нээлтийн үеэр Улсын арслан У.Мижиддорж, ЭМСЯ-ны харьяа БТСХТ-ийн Спортын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хэлтсийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Шинжлэх ухааны доктор, профессор, Олон улсын хэмжээний мастер, судлаач, орчуулагч Л.Ням нар оролцсон бол ӨМӨЗО-ны Баруун Үзэмчин хошууны улс төрийн зөвлөлгөөний тэргүүлэгч Мөнх, Өвөр Монголын Аварга бөх Оюунбат болон Сэнгээгийн хүү Соёлтын гэр бүл, хамаатан садан гээд 20–иод хүн хүрэлцэн ирсэн юм.

 

 

Зохиогч: Б.Хүүдүүт
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл