solongonews
Мянган оны өөрчлөлтийг нэг алхамд бүтээсэн нь
2021-04-02 10:50
Да Лян Шань нутагт хүрэхэд И үндэстний яруу найрагч Жи Ди Мажягийн шүлгийн мөрүүд сэтгэлд бууж, дурсамж сэргээнэ.

    Лян Шаний И үндэстний өөртөө засах жөүд И, Хятад, Төвд, Хотон, Монгол, Лисү зэрэг 14 үндэстний оршин суугчид эв найртай аж төрдөг. Эдгээрээс И үндэстний хүн ам бараг 53 хувийг эзэлж байгаа ба 2.7 сая гаруй хүн амтай. Хятад улсын хэмжээн дэх И үндэстний нийт 9 сая орчим хүн амын 30 орчим хувь нь энд байдаг байна.

Энэ нутаг Юньнань-Гуйжөүгийн өндөрлөг болон Сычуаний сав газрын хоорондох уулзвар бүсэд байрладаг. Дадү гол, Жиньша мөрөн, Хуанмао нуруу, бага Шянлин уулаар хүрээлүүлсэн. Өндөр өндөр оргилууд, уул нурууд, гол мөрөн олон байдаг. Лян Шань нутгийн боолын нийгмийн ноёрхлын үе дэх И үндэстний аймаг бүлгүүд бие биеэсээ тусгаарлагдаж байсан. Өнгөрсөн нийгмийн эрх баригч ангиудын битүүмжлэл, хорио нь Лян Шанийг гадаад ертөнцөөс таслан тусгаарлаж, удаан хугацааны туршид хоцрогдсон, хаалттай байдалд оруулсан байна.

   Да Лян Шань 1956 онд ардчилсан шинэчлэлийг хэрэгжүүлж, боолчлолын нийгмээс социалист нийгэмд шууд орсон юм. Энэхүү "Мянган жилийн өөрчлөлтийг ганц алхамд бүтээсэн" үсрэлт нь И үндэстний олон түмний гашуун зүдүүртэй амьдралыг өнгөрсөн түүх болгов.

Энх тайван, аз жаргалтай амьдрал хялбар олдоогүй гэдгийг Ичүүд л өөрсдөө мэднэ. Энэ нутгийн гайхалтай өөрчлөлт нь үндэстнүүд эв нэгтэй урагш замнасны тод илрэл юм.

     Хөгжиж буй салбар иргэдийн орлогыг нэмэгдүүлэв

    Дэчан шянь хойд талаараа Шичан, зүүн талаараа Лүөжи уултай холбогддог. Энэ уул Эмэй уулын "эгч дүү уул" гэгддэг. Нэг нь​​ торгон цагаан эрвээхэйтэй төстэй эмэгтэй хүний хөмсөг, нөгөө нь охидын толгой дээрх дун хэлбэртэй гоёл мэт байдаг учраас "Эмэй /эрвээхэйн хөмсөг/", "Лүөжи /дунгийн толгойн гоёл/" гэж нэрлэжээ.

Уул усаар хүрээлүүлсэн энэ нутаг Дэчан шяний тосгоны 200 мянга гаруй оршин суугчдыг тэжээн тэтгэдэг.

И үндэстний иргэн Хү Ваньшюэ нэгэн цагт гүзээлзгэний мэргэжилтэн болно гэж хэзээ ч бодож байсангүй. Өнөөдөр тариалангийн газрыг цэвэрлэх, арчлах нь түүний өдөр тутмын ажил болжээ. Зөвхөн гүзээлзгэнэ тариад жилд 200 мянга гаруй юаний орлого олж байна.

Сурвалжлагч Дэчангаас Бай Хэ Гөү орох замдаа Хү Вань Шюэтэй уулзсан юм. Тэр үед 2020 оны 08-р сар байсан бөгөөд нов ногоон гүзээлзгэний тариаландаа ажиллаж байхтай нь таарчээ.
Вэй-И Хөдөө аж ахуйн технологийн ХХК бол Дэчан шяний орчин үеийн хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн тэргүүлэгч аж ахуйн нэгж бөгөөд гүзээлзгэнэ, манго, ялам зэрэг жимсийг хүйтэн хэлхээний аргаар боловсруулдаг.

Компаний мэргэжлийн техникчид Хү Ваньшюэ зэрэг тариаланчдад техникийн зааварчилгаа өгч, дараа нь жимс жимсгэний хоршооны жимсийг боломжийн үнээр худалдаж авдаг учраас тариачин айлууд борлуулалтын зах зээлд санаа зовдоггүй.

- Эдгээр жижигхэн гүзээлзгэнэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг цуглуулж чадна гэж Хү Ваньшюэ инээмсэглэн ярив.

   Ерөнхий менежер Ван Хунлинь сэтгүүлчидтэй уулзахдаа:

- Компаний ажилтнуудын дийлэнх нь үндэстний цөөнхийн ажилчид байдаг. И, Лисү, Хотон зэрэг ажилтнууд бараг 80 хувийг эзэлдэг. Аж үйлдвэрийн гинжин хэлхээний доод хэсгийн тариалан эрхэлдэг хүмүүсийн дунд И хүмүүс ч цөөн бус бий. Бүгдээрээ эв найртай, шаргуу хөдөлмөрлөнө. Үйлдвэрлэлийн салбарын сүлжээг бүхэлд нь байгуулснаар үндэстний цөөнхийн эмэгтэйчүүдэд гэрийнхээ хажууд ажилд орох боломж олгосон байна. Ойролцоох газруудын эмээ нар ч мөн үйлдвэрт цагаар ажиллах, гэр бүлдээ орлого нэмэгдүүлэх боломжтой болжээ.

Най Гү Алүө бол манго үйлдвэрлэх цехийн захирал. Энэ цехэд манго хальслан, бүгдийг нь арилгах ажилд хамгийн өндөр үр ашигтай ажилладаг ажилчид өдөртөө 200 гаруй юаний орлого олох боломжтой. Манго нэг нэгээрээ ажилчдын өмнө унаж, удалгүй сагсаар дүүрэв. Үдийн хоолны цагаар ажилчид хоорондоо ярилцаж, инээлдэн, хоолондоо хамт явж, замдаа гэр бүл амьдралынхаа тухай ярилцана. Үндэсний эв нэгдэл агаартай адил юм гэж ярих Най Гү Алүө:

- Бид энэ байдалдаа эртнээс дассан. Бид хамт ажиллаж, хамт амьдран, хамтдаа инээж, хамтдаа гуньдаг. Өдөр бүр түүнгүйгээр амьдарч чадахгүй зүйл бол агаар л байж таарна гэж хэллээ.

      Хуучин заншлаа өөрчлөн, шинэ зүйлийг оруулав

     2016 оны 11-р сард Жао Жюэ шяний Хүй Пү тосгоны иргэн Ла Ма Юэрэгийн 80 настай аав нь өвчний улмаас таалал төгсөж, гэр бүлийнхэн нь бүгдээрээ уй гашууг тэвчин, ахмад настны ажил явдлыг хийж эхлэв. И үндэстний хувьд оршуулга нь бусад зан үйлээс илүүтэйгээр амьдрал дахь хамгийн чухал явдал юм. Ялангуяа, Лян Шани И үндэстний хөдөө орон нутагт хүндээр оршуулах тухай ойлголт гүнзгий нэвтэрсэн. Олон хүмүүс бүгд хадгаламжаа нас барсан ахмад настнуудад зориулан оршуулах ёслол зохион байгуулахад зарцуулдаг. Зарим нь бүр оршуулгын ёслолд зориулж мөнгө зээлдэг нь хүнд дарамт болж хоцордог байна.

Орон нутгийн зан заншлаар бол Ла Ма Юэрэгийн гэр бүл олон үхэр, хонь нядлах ёстой. Оршуулга дуусгахад 300 мянга гаруй юань шаардагдах болно.

- Хичнээн их мөнгө зарцуулж байгаад ч хамаагүй үүнийг сайн зохицуулж, Апү /И хэл: Өвөө/-гийн ажил явдалд мөнгө цуглуулах ёстой гэж гэр бүлийн ахмад хүмүүс бардам ярина.

Тухайн жилийн 07-р сард Лян Шань жөү "Дөрвөн сайнтай тосгон" байгуулах төлөвлөгөөгөө зарласан бол Жаожюэ шянь нь үүнийг тосгоны оршин суугчдын оршуулгыг шинэ аргаар удирдан чиглүүлэх, хэмнэн гамнахыг сурталчлах боломж болгож ашигласан байна.

Ла Ма Юэрэгийн гэр бүлийн нөхцөл байдлыг тосгоны Намын хорооны нарийн бичгийн дарга Жи Сэ Циха тодорхой мэддэг. Тэдний гэр бүлийн санхүүгийн дарамт бага биш, ээж нь хөгширч, бие нь тааруу байгаа бөгөөд хоёр хүү, нэг охиноо өсгөх ёстой. Оршуулгын үйлийг хийхийн тулд бүх хадгаламжаа дуусахаас гадна, хэдэн жилийн өр үүрэх нь гарцаагүй юм.

Жи Сэ Циха Ра Ма Юэрэтэй уулзаад ирсэн зорилгоо хэлэхэд Ра Ма Юэрэ санал зөрөв. Бидний амьдрал хичнээн хүнд хэцүү байсан ч хамаагүй, аавын оршуулгыг маш сайн хийх ёстой. Эс тэгвээс хүмүүс биднийг харамч гэж хэлнэ. Аавын минь нэр хүндэд халдах болно. Ирсэн зочдод мах өгч явуулахгүй гэдэг бидний хувьд нэр төрөө барж байгаа хэрэг гэж тэрээр сандран хэлэв.

И ардын заншлаар оршуулгад ирсэн хамаатан садан, найз нөхөд нь гэртээ буцахад эзний гэр бүлийнхэн зочдод үхрийн мах бэлэглэж, цаг зав гаргаж оршуулгад ирсэнд нь талархал илэрхийлж, энх амгалан байхыг бэлгэддэг байна. Энэхүү зочны бэлэг нь мөн урьд нь оршуулгын үеэр их хэмжээний үхэр нядлах шалтгаан болж байв. Хожим нь айлуудын дунд харьцуулах хандлага ажиглагдаж, үхэр илүү их нядлагдах болж, ирсэн зочид их хэмжээний махыг гэртээ аваачих байсан бөгөөд идэж дуусахаас нь өмнө муудаж, үрэлгэн сүйтгэдэг болжээ.

- Дүү минь тайвшир, манай шянгийн захиргаа үүнийг чиний төлөө хийх болно. Бид үүнийг сэтгэл зүрхнээсээ хийнэ, зан заншлын үндэс өөрчлөгдөөгүй гэж хариуллаа. Маргааш нь Жи Сэ Циха дахин ирэв. Тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга байн байн ирэхийг харсан Ла Ма Юэрэ санаа зовнингүй толгой дохив.

Арав гаруй дугуй ширээ дэлгэсэн ба шянгийн захиргааны урьсан тогооч нар маш завгүй ажиллана. Жигнэсэн гахайн мах, шарсан гахайн мах бүгд ширээн дээр өрөөстэй, зочид сэтгэл хангалуун хооллож байлаа. Тооцоолж бодоход нийт дөрвөн үхэр, зургаан гахай идсэн нь төсвийг ихээхэн хэмнэсэн байна. Гэхдээ Ла Ма Юэрэгйн сэтгэл тавгүй хэвээр байж, мах хүргээгүйгээс болж тосгоны хүмүүс гомдоллох болов уу гэж зовжээ.

Түмэн алхмын түрүү алхам хэцүү байдаг. Хожим нь оршуулгын ёслолыг шинэ аргаар зохион байгуулах хүн улам бүр нэмэгдээд ирэхэд Ла Ма Юэрэ сая тайвширсан байна.

Аав нь тэнгэрээс үр хүүхдүүд, ач зээ нар нь энэ нутагтаа илүү сайхан, илүү сайн, эв нэгдэлтэй амьдрахыг олж харах нь дамжиггүй.

       Шинэ гэрт орж, шинэ аянд гарав

    Дэчан шяний Жиньшагийн Лисү үндэстний шян Сычуань мужид дөрөвхөн байдаг Лисү үндэстний шянгийн хамгийн том нь юм. Ван Жя Пин тосгоны үндэстний эв нэгдлийн шинэ хотхонд Лисү эмээ Ли Гүй-Ин "Цэцгэн цүнх" нэхэж сууна. Лисү үндэстний үйлдвэрлэл, амьдралд өргөн хэрэглэгддэг энэхүү цүнхийг ажлын цагаар өдрийн хоолоо авч явах, хувцасны чимэглэл болгож үүрэх, хайр дурлалын илэрхийлэл гэх зэргээр ашигладаг. Лисү эмэгтэйчүүд уран гартай, тэдний хувьд цэцгэн цүнх урлах нь гарын ураа гайхуулах гайхамшигтай бүтээл юм. Хадам ээжийнхээ хатгамал урлахыг хараад бэр Ли Цүншю ч хорхой нь хөдөлж байлаа.

- Өдөржин сайхан цүнх урлаж суугаад та мөн аятай сайхан байна даа гэж шянгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ань Ваньцай инээмсэглэн хэлэв. Тэр бол үндэстний онцлог дүүрэн хүрэн арьстай залуу юм.
- Идэхэд хоол хүнстэй, өмсөхөд хувцас хунартай, дээр нь бас уужим тохилог өрөөнд амьдарч байгаа бид чинь сэтгэл санаа сайхан байлгүй яах вэ гээд бидний ирэхийг харсан Ли Гүй-Ин цүнхээ яаран тавиад халуун дотноор угтан авлаа.
Ли Гүй-Ин хоёр давхар байшингаа гоёмсог тохижуулжээ. Унтлагын өрөөнүүдэд ор, шкаф зэрэг энгийн тавилгатай ч гэсэн цэвэрхэн, дулаахан зохион байгуулалттай байв.

2020 онд Жиньшагийн Лисү шянд шинээр найман хотхон байгуулсан. Лисүгийн 206 иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 2012 оноос өнөөг хүртэл 300 гаруй өрх нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдан шинэ тосгонд ороод байна. Өндөр уул, хад жалгын Лисүчүүд "модон байшин"-гаас гарч, аз жаргалтайгаар уулын бэл дэх шинэ байшинд нүүж оржээ.

Урьд нь уулан дээрх байшингууд бороонд нэвт нордог байв. Дээврээс нь дусаал гоожиж байдаг. Аадар бороо орсон тохиолдолд гэр бүлээрээ бүгд унтаж зүрхэлдэггүй байв.

Дэчан дахь Лисүчүүд 300 гаруй жилийн өмнө Жиньша голын сав газраас хойшоо нүүдэллэн энэ нутагт нүүж ирсэн. Тухайн үед хүн ам нь цөөн, хүч чадал сул байсан тул уулан дээр амьдрах болсон байна. Хэдэн зуун жилийн турш уулын эгц оргилууд тэднийг хамгаалж ирсэн боловч тосгон нь мөн ууланд түгжигдэж, зам тээврийн нөхцөл боломж муу, хөгжил хязгаарлагдмал байсан. Нүүлгэн шилжүүлэлт нь өндөр уулсын хүлээсийг чөлөөлж, сайн сайхан амьдрах шинэ замыг нээв.
Ван Жя Пин тосгоны нүүлгэн шилжүүлэх цэгт Ли Пин болон түүний нөхөр Ян Зүнцай баригдаж дуусах дөхсөн шинэ байшингаа сэтгүүлчдэд баяртайгаар зааж өглөө. Байшингийн дээврийг тавихаар зургаан ам бүлээрээ удахгүй шинэ байшин руу нүүх юм байна.

Ян Зүнцайн гэр бүл бол өвчний улмаас ядуурсан нийтлэг жишээ. Эдний хоёр настны сар бүрийн эмчилгээний зардалд 1000 гаруй юань төлдөг. Ли Пин дөнгөж гэрлээд байсан эхний хэдэн жилд төрхөмдөө буцахдаа автобусны мөнгийг хэмнэж, хүүхэдтэй болсныхоо дараа ч нэгийг нь үүрч, нэгийг нь тэврэн тав зургаан цаг алхаж харьдаг байлаа.

2015 онд Ян Зүнцайн гэр бүлд хөдөлмөр хүч дутмаг байгааг харгалзан тосгоны албан тушаалтан тэдэнд хушга, туулайн бөөр, гүзээлзгэнэ, ялам хэрхэн ургуулахыг зааж өгчээ. Өнөөдөр 10 мү тариалангийн газар нь арчилгаа сайтай, 6 толгой хонь нь ч өнгөтэй тарган харагдаж байлаа. Засгийн газраас шинэ байшин барихад нь 30 мянган юаний татвар өгсөн бөгөөд Ян Зүнцай бага хүүтэй зээлд хамрагдах боломжтой байв. Ли Пин хуруу дарж тоолоод байшин барих, засварлахад ойролцоогоор хоёроос гурван зуун мянган юань зарцуулах ба хоёулаа хамтран шаргуу ажиллавал зээлийг хэдэн жилийн дараа төлж дуусна гэж байлаа.

- Байшин барьсан зээлээ төлж дуусаад машин ав. Ли Цүншю жолооны үнэмлэхийн шалгалт өгч байгаа. Ли Пин бас шалгалт өгөөрэй. Тэгээд өөрсдийн тарьсан хушга, гүзээлзгэнээ машиндаа тээж зах дээр аваачиж зарж болно. Ямар сайхан гээч гэж Ань Ваньцай хэллээ.

- Бид бас машинтай болно гэж үү? Энэ тухай бодож зүрхлэхгүй байна гэж Ян Зүнцай эхнэртэйгээ шинэ байшингийн хаалгыг түшин хэлээд толгой сэгсрэн инээв.

- Яагаад зүрхлэхгүй гэж? Зам нэвтэрсэн, шинэ байшинд орсон юм чинь мөнгө гэдэг дагаад л ирэх болно. Олон үндэстний ахан дүүс бүгдээрээ ядуу зүдүү байдлаас ангижирч, баяжих болно. Хэн ч хоцорч болохгүй гэж Ань Ваньцай хэллээ.

             Хятад хэлээр орчуулж, их нурууг даван гарав

     Жаожюэ шяний Саньхэ тосгоны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ли Кайтай анх уулзахад тэрээр "Я Юүгээс И үндэстний илүү их соёлыг харж болно" гэж нямбайлан бичсэн жижиг самбар гартаа атгаж байв.

“Я Юү” гэдэг нь юу вэ гэж асуугаад “И үндэстний хэдэн оюутны хамтран бүтээсэн гар утасны программ” болохыг олж мэдлээ. И үндэстний хэлээр ярьдаг хүмүүст зориулан хийгдсэн энэ программ нь И болон Хятад хэлний орчуулгын апп болохоос гадна ярьж хэлэлцэх, мөн И хэлний дуу хөгжмийн онлайн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Дуулж бүжиглэхдээ авьяастай И үндэстний залуусын хувьд дуу хөгжим бол чухал холбоос, оюун санааны хүчин зүйл бөгөөд үндэсний сэтгэлгээний онцлог юм.

Ли Кай тосгондоо тус аппликейшныг "сурталчлах"-аар бэлтгэж байв. Хэлний бэрхшээлээс болж Да Лян Шань нутгийн И иргэд ба гадаад ертөнцийн хоорондох харилцаа холбоог хязгаарлаж, ядуурлаас ангижрах замд саад болж байдаг.

- Ярианы саадгүй харилцаа бий болсноор И болон хятад иргэд хүчээ нэгтгэн, баяжих ижил баялгийг ашиглан, бүгд илүү эв нэгтэй болж чадна гэж Ли Кай сэтгэл хөдлөн ярьж байлаа.

  Аппликейшныг бүтээсэн Ли Кү хэмээх залуу 2016 онд Баруун Өмнөдийн их сургуулийг дүүргэжээ. Ахлах дунд сургуульд сурч байхдаа тэрээр Шичан дахь сургуульд элсүүлсэн. Ээж нь түүнтэй утсаар ярихыг хүсвэл эрхбиш тосгоны хороон дээр очиж, хэн нэгний тусламж эрж хайх хэрэгтэй болдог байв. Хятад үсэг мэддэггүй, Хятад хэл ойлгодоггүй учраас ухаалаг гар утас ч ашиглаж чаддаггүй байжээ.

Харилцаа холбооны хүндрэлтэй асуудал зөвхөн түүний ээжид л тохиолддог биш байв. Чэндү хотод сурч эхэлснээс нь хойш хамаатан садан нь хотод ирсэн байвал заавал түүнийг дуудаж орчуулга хийлгэдэг байлаа. Энэ бүхэн Лэ Күг хятад орчуулгын программ зохион бүтээх шийдвэр гаргахад хүргэжээ. Ингэснээр нутгийнх нь зон олон уулнаас гарахад тусламж болно.

Лэ Күгийн үйл ажиллагаа эрхлэх анхны санааг сонссоны дараа Хятад оюутнууд түүний баг бүрдүүлэх урилгыг ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрчээ.

- 56 үндэстэн бол нэгэн гэр бүл. Цөөнхийн ард түмний төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулснаараа маш их бахархдаг гэж тэд ярьжээ.

Ийнхүү Лэ Кү И-Хятад оюутнуудаас бүрдсэн багийг маш богино хугацаанд зохион байгуулсан ба багийн гишүүд нь Үхань их сургууль, Төвийн үндэстний их сургууль, Сычуань их сургууль зэрэг олон олон алдартай их,  дээд сургуулийн оюутнууд байв.
Өнөөдөр "Я Юү" нь 504 мянган хэрэглэгчдийн бүртгэлтэй. 5000 гаруй дуу хөгжмийн уран бүтээл, 13 мянга гаруй үндэстний соёлын бүтээлүүдийг цуглуулж, И үндэстний 1500 гаруй уран бүтээлчидтэй гэрээ байгуулан, тэднийг бүтээлч платформоор хангасан байна.
Ярилцлагын үеэр сурвалжлагч "Я Юү"-г ашиглаж “Шань-Ин” хамтлагийн "Да Лян Шаниас гарахуй" дууг эгшиглүүлэв. Дууны уянга нь И үндэстний нутгийн хүсэл дуудлагыг дамжуулж байгаа мэт санагдлаа.

Зохиогч: Нийтлэлийг: СҮНЬ ЯХҮЙ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Хятадын Өдөр Тутмын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл