solongonews
Ажилч хоёр гараараа амьдралаа өөд татна
2017-04-13 16:37
Ажилч хоёр гараараа амьдралаа өөд татна.

- “Уран” гурилан бүтээгдэхүүний дэлгүүрийн Уранчимэгийг сурвалжлаад

Шулуун хөх хошууны Шанд суурингийн Хубилай талбайн арын гудамжаар гурилан бүтээгдэхүүний монгол дэлгүүр маш олон байдаг. Үүний дотор “Уран” гурилан бүтээгдэхүүний дэлгүүр олон хүний анхаарлыг татаж, зочин гийчин тасардаггүй нь гайхалтай. Үүдээр нь ороход сүү цагаа, шар тостой нухаж, өөхөн тосонд хайрсан боов боорцог, бууз банш, ороомог, шалбингийн анхилам үнэр нь арааны шүлс асгаруулах ажээ. Энэ дэлгүүрийг ажиллуулж яваа бүсгүйг Уранчимэг гэдэг.

Хотын хүмүүсийн ажил их, цэвэр байгалийн идээ ундааг сонирхдог байдлыг мэдсэн Уранчимэг монгол хоол сайхан хийдэг давуу талаа ашиглан гурилан бүтээгдэхүүн хийхээр 2008 оноос эхэлжээ. Ингээд 20 мянга гаруй юанийн мөнгө гаргаж хошууны төв Шанд сууринд “Уран” гурилан бүтээгдэхүүний дэлгүүрийнхээ үүдийг нээж өрхийг сөхсөн нь энэ ажээ. Эмнэлгийн чиглэлээр төгссөн Уранцэцэг идээ ундаагаа цэвэр байлгах заншилтай бөгөөд монгол бүсгүйд л байдаг зөөлөн тогтуун зан заншлаар ирсэн зочиддоо үйлчилдэг. Тэрээр үүрийн 4 цагт босож, оройн 8 цаг хүртэл борви бохисхийлгүй ажиллан, сайхан амттай, чанар сайтай монгол идээ хийдэг учир нэгээс хоёр, хоёроос олон хүнд дамжсаар тун олон байнгын зочинтой болжээ. Хүмүүс эрт очиж амжихгүй жаахан л оройтвол гар хоосон буцах нь энгийн асуудал. Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй гэдэгчлэн түүний шаргуу зүтгэлээр аж амьдрал нь өөдөлж,  машин унаа, орон сууцтай тохилог амьдарч явна.

Уранчимэг ажил хөдөлмөрийг гялалзтал сайхан хийхээр барахгүй бусдыг дэмждэг өгөөмөр сэтгэлтэй хүн. Түүний гурилан бүтээгдэхүүний дэлгүүр өдөр бүр маш их ажилтай байдаг болохоор чөлөө заваараа ажил хийх сонирхолтой хүмүүст орлого олох нөхцөлийг бүрэлдүүлж, гурилан бүтээгдэхүүний дэлгүүртээ сарын 2000 юанийн цалинтайгаар байнга хоёр хүн ажиллуулж байна. Ийнхүү жилийн аливаа зардал мөнгөө гаргаад 50 мянга гаруй юанийн цэвэр орлого олж сэтгэл хангалуун байна.

- Манай гурилан бүтээгдэхүүний дэлгүүр нь зочдын итгэлийг хүлээсээр ирсэн. Хүмүүсийн надад өгсөн энэхүү итгэл бишрэл нь миний урагш алхах хүч болсон. Ер нь цэвэр, амттай, байгалийн идээ ундаа хийж худалдах нь миний эцсийн зорилго хэмээн Уранчимэг ярив.

Ажилч бүсгүй Уранчимэгийн шаргуу хөдөлмөр, сайхан сэтгэлийн буяны үйлс олон түмэндээ бахархагдаж явах нь лавтай.

Зохиогч: Оюунгоо
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл