
Ийнхү битүү шөлний эмчилгээний талаар нарийн танилцахаар Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн эмч Хай Интэй хийсэн ярилцлагаа хүргэе.
Умардын хүйтэн сэрүүн орны цаг агаарын нөлөөгөөр монголчуудын дунд хийрхэх, хийрхэснээс сэтгэл мэдрэл гэмтэх, чийг бам өвчинд өртөх нь олон байдаг. Иймэрхүү хий дийлэнх өвчнийг монголчууд хонины мах, шөлөөр эмчилсээр ирсэн билээ. Хавар болохоор настай хүмүүс “Битүү шөл ууж, хийгээ даръя” гэж ярихыг зөндөө сонсдог. Хай Ин эмч: - Шөл гэдэг үг нь шим шүүс, охь ханд гэсэн утгатай юм. Хүйтэн устай саванд хонины махыг хэрчиж хийсний дараа, давс, сонгиныг нь тэнцүүлж, зуурсан гулрыг элдэж савны амсарыг битүүлээд чанаж буцалгах буюу жигнэж болгох аргаар хийсэн шөлийг битүү шөл гэдэг. Битүү шөлний гол үйлдэл нь хийг дарж, тамрыг төлжүүлнэ. Үүнээс гадна бас нойр хулжих, хий солио өвчин, хий бодох өвчин, зүрхний хий долгисол өвчин зэрэг хий дийлэнгүй өвчнийг анаадаг. Мөн ч хөлс их гарч байгаа хүмүүс(рашаанд сууж байгаа хүмүүс)-т тамир нөхнө” гэжээ.
Шөлтэй хоолонд үр тариа, мах ногооны шим тэжээл болох уураг, өөх, тос, кальц, фосфор, төмөо болон их хэмжээний шим тэжээлт зүйл агуулагдаж байдаг. Тэдгээр нь ходоод гэдсэнд амархан шингэж, эрүүл мэнд, эмчилгээний талаар онцгой сайн үүрэг гүйцтгэдэг юм. Хай Ин эмч: “ Шөлний чадал, хүч, амтыг хадгалж, хийг дарах, биеийн тамрыг төлжүүлэх үйлдлийг нь гүйцэд бадруулахын төлөө шөлийг битүүлэж хийдэг. Иймээс биеийг төлжүүлэхэд битүү шөл нь маш сайн үйлдэлтэй байж, хаврын улиралд настай хүмүүс уухад тохиромжтой. Харин ходоодны шархлаа, халуун шарын өвчин, шинэ хэрэх өвчинд цээрлэнэ ” гэв. Монголчуудын хийдэг уламжлалт битүү шөлний төрөлд толгой шийрний битүү шөл, олгойн битүү шөл, хорхог шөл, аяган хиам зэрэг өвөрмөц төрлүүд ч бий.
