
- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Бидэнд өөрийгөө танилцуулна уу? Хэдэн оноос ямар мэргэжлээр Хятад улсад суралцаж байгаа вэ?
Та бүхэнд мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг С.Баярмаа гэдэг. 2013 онд Өвөр Монголын Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр сурч, магистрын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөөд Монголдоо ирээд сурсан мэргэжлээрээ банкны салбарт ажиллаад 2016 оноос Бээжингийн эдийн засгийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн суралцаж байна.
- Хятад хэлийг багаасаа сурч байсан гэв үү?
Миний хувьд бүр багаасаа гадаад хэлийг тэр дундаа хятад хэлийг сонирхож сурч байсан санагдаж байна. Бага байхад англи, хятад хэл дээр гардаг киног сонирхон үзэж анхан шатны мэдлэгтэй болсон. Утгыг нь ойлгохгүй ч дуу, шүлэг цээжилчихсэн байдаг байсан. 2003 онд хамгийн анх БНХАУ-ын нийслэл Бээжин хотод суралцахаар очиж байсан.
- Яагаад заавал Хятад улсад тэр дундаа Эдийн засгийн чиглэлээр сурахыг зорьсон бэ?
Эдийн засагч мэргэжлийн хувьд манай гэр бүлийн орчин нөлөөлсөн болов уу гэж боддог. Ээж маань санхүүгийн чиглэлийн хүн. Харин өвөө маань социализмын үед "Нэгдэл хөдөлгөөн"-ийг анхлан зохион байгуулах ажилд гар бие оролцож, сүүлд Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны сайдын ажлыг хийж явсан бөгөөд энэхүү хөдөлмөрийг нь төр засгаас үнэлэн Гавьяат цолоор шагнаж явсан хүндтэй хүн байсан юм.

Миний хувьд ахлах сургуульдаа математик-физикийн сонгоны ангид суралцаж төгсөөд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн сургуульд шалгалт өгөн тэнцэж, мэргэжил сонгох өдрөө хүлээж байх үед аав, эгч хоёр маань ярилцаад (тухайн үед эгч маань АНУ-ын Нью Йорк хотын Их сургуульд суралцаж байсан үе л дээ) "Цаашдаа Хятад улсын эдийн засаг өндөр хэмжээнд хөгжих юм байна. Хятад улсад төгсөхөд ирээдүйд Монгол Улсдаа, эсвэл гадаадын зах зээлд өрсөлдөх боломжтой" гэж үзээд энэ чиглэлээр сурахыг санал болгосон.
Ер нь аав маань эгч бид хоёрыг дэлхийн хөгжлийг тодорхойлох 2 томоохон улсад мэргэжил эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэрэг л дээ. Ингээд л 16 нас хүрээгүй байхдаа Бээжин хотыг зорих нь тэр. Хэлний бэлтгэлд анх очиж байхдаа ханзыг хэрхэн бичих, pinyin гэж юу болох, Дундад улсын соёлын талаар багахан ойлголттой л очиж байсан.
- Хятад хэл сурч байхад шантармаар санагдаж, нутаг буцах бодол төрж байв уу?
Тийм бодол төрж байгаагүй юм байна. Хэлийг сурах тусам улам сонирхол татаж байлаа. Сонирхолтой зүйл ярихад хятад хэл үзээд удаагүй байхдаа анхны өөрөө уншиж ойлгож байсан үг маань中国农业银行 буюу Хятадын Хөдөө Аж Ахуйн Банк гэсэн үг байсан. Хожим нь тус банканд ажиллах санал хүлээн авч, ажил эрхэлдэг болсон нь одоо бодоход сонирхолтой юм.

- Докторын дипломын ажлаа ямар сэдвээр бэлтгэж байгаа вэ? Банканд ажилд орж байсан үеэ дурсвал?
Олон улсын хөрөнгө оруулалтын чиглэлээр бичиж байна. Магистрт сурч төгсөөд Монголдоо буцаж ирээд банк санхүү эсвэл уул уурхайн салбарт ажилд орно гэж төлөвлөж байлаа. Яг сургуулиа төгсөөд ирэх үед уул уурхайн салбар нэлээд уналтад орсон байсан. Гэтэл яг сургуулиа төгсөхөөс өмнө Элчин Сайдын Яамны хүсэлтээр орчуулга хийхээр болов. Энэ нь Монголын банк санхүүгийн байгууллагын төлөөлөл Хятад улсад албан айлчлал хийж, түүн дотроо Хятадын Хөдөө Аж Ахуйн Банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монголын талын орчуулгыг хийх байлаа. Ажил маань амжилттай дуусахад Хятадын Хөдөө Аж Ахуйн Банк төгсөөд тус банкны гадаад төлбөр тооцооны хэлтэст үлдэж ажиллах санал тавьсан юм. Тухайн үед сургуулиа төгсөөд аавдаа мэргэжлээрээ ажиллаж байгаагаа харуулах нь миний хувьд илүү чухал байсан учир тэр саналаас татгалзаж, Монголд ирж байсан юм. Одоо ч энэ шийдвэртээ баяртай байдаг.
Банканд ажиллаж байхдаа банкныхаа гадаад харилцаа хамтын ажиллагааг хариуцаж зөвхөн гадаадын банкнуудын харилцааг зохицуулахаас гадна Засгийн газрын төсөл хөтөлбөрүүдийг банкандаа хэрэгжүүлэх, эх үүсвэр татах зэрэг ажлуудыг хариуцдаг байсан. Яагаад энэ шийдвэрийг гаргасандаа баяртай байдаг вэ гэвэл хэдэн жилийн ажлын туршлага маань банкны салбараа ойлгож үргэлжлүүлэн илүү нарийн мэргэших шаардлагатай гэсэн хүслийг төрүүлсэн.
- Та өөрийнхөө хятад хэлийг мэргэжлийн түвшинд суралцсан туршлагаасаа бидэнтэй хуваалцана уу?
Миний хувьд 15 наснаасаа эхлэн хятад хэлийг сурсан. Шөнийн гурван цаг хүртэл даалгавраа хийгээд, өглөө долоон цагт босоод хичээлдээ яваад үргэлжлүүлэн орой 23 цаг хүртэл сургууль дээрээ сууж хятад хэлээ давтдаг байлаа.
Хятад хэл сурахад маш олон арга байдаг байх. Жишээ нь: Ханзыг олон дахин бичих, хятад кино үзэх, эсвэл харилцан яриа чухал гэх мэтчилэн.

Гэхдээ энэхүү 5000 жилийн түүхтэй дэлхийн хамгийн эртний бичиг үсгийн нэг болох хятад хэлийг сурахад яг л тэрхүү уламжлалт аргаар буюу унших, бичих, ярих, сонсох зэрэг чадварыг системтэйгээр хослуулах нь хятад хэлийг сурах хялбар арга гэж боддог. Миний хувьд тэгж л хятад хэлийг өөрийн мэргэжлийн хэмжээнд хангалттай сурсан гэж боддог. Одоо ч үргэлжлүүлэн сурсаар байна.
- Өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх зэрэг хүндрэл бэрхшээлд тулгарч байна. Мэргэжлээ сонгоход юуг анхаарах ёстой вэ?
Дорнын сургаалд хүн өмнөх насандаа хийж амжаагүй үйлээ энэ насандаа гүйцээхээр дахин төрдөг гэж үздэг шүү дээ. Хүн энэ насандаа яг тэрхүү хийх ёстой буюу өөрийнхөө хамгийн сайн хийж чадах ажлаа олж мэргэжил эзэмшиж чадсан хүнийг би хамгийн азтай хүн гэж боддог. Арав хорин жилийн дараа би яг энэ мэргэжлээрээ ажиллаад аз жаргалтай байж чадах эсэхээ сайн бодож байж мэргэжлээ сонговол буруутахгүй байх. Сэтгэлийн хөөрлөөр бус, юу хүсч, мөрөөдөж, сонирхдог, ямар мэргэжил эрэлттэй байгаа, миний сонгосон мэргэжил ирээдүйд эрэлттэй байж чадах уу зэрэг олон мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийгээрэй.

- Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Та бүхэнд ч мөн ажлын амжилт хүсье.
