solongonews
Төрт ёсны морин хуур залах ёслол боллоо
2017-05-05 21:24
Зун цагийн урь орж буй энэ билигт сайн өдөр буюу 5-р сарын 5-ны морин цагт ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консулын газарт Төрт ёсны уламжлалт гүн хүндэтгэлт морин хуур хөгжмөө залах хүндэтгэлийн ёслол боллоо.

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 2-р сарын 11-ний өдөр гаргасан Үндэсний бахархал, үнэт баялаг болсон Морин хуураа төрийн хамгаалалтад байлгаж, дээдлэн дэлгэрүүлэх тухай Зарлигийн дагуу МУСТА, морин хуурч Б.Баттулга энэхүү ажлыг анх санаачилсан байна. Улмаар Ерөнхий консулын газар болон Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ийнхүү ажил хэрэг болгож, төрт ёсны уламжлалт ширэн цартай хуураа өвлүүлэн заллаа. МУСТА Б.Баттулга “Морин хуур залахын гүн утга нь нэн түрүүнд энэ нь уламжлалт, мөн монголын өв соёлыг илэрхийлэх оюуны бүтээл байдаг учир Монгол Улсаа төлөөлж суугаа Ерөнхий Консулын газарт зайлшгүй байх ёстой” гэдэг үүднээс санаачилсан байна.

 Дашрамд дурдахад, гадаад оронд Монгол Улсаа төлөөлж суугаа төрийн байгууллагуудаас анх удаа Хөххотын Ерөнхий Консулд залж буйгаараа онцлогтой аж. Ёслолд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ, Өвөр Монгол дахь МИН-ийн тэргүүн МУСТА Ц.Бэрцэцэг нар үг хэлж, урилгаар МУСГЗ, хөгжмийн зохиолч Р.Ганбат, МУСТА Х.Алтантуг, МУСТА Ц.Мөнгөншагай, МУСТА О.Баянмөнх нар уламжлалт хуураар хуурын хөг жигдэлж, ӨМИС-ийн докторант А.Ариунболд “Эр бор харцага” уртын дуугаар ая барьлаа. Түүнээс гадна, Эзэн Чингис хааны төрийн дуулал байсан “Эртний сайхан ерөөл” хэмээх айзам уртын дууны яруу найргийг монгол улсын уран бичээч Г.Ганзоригийн бүрэн эхээр нь бичсэн уран бичлэгийг Ерөнхий консулын газарт өргөн барьсан юм. Монгол Улсын төрийн ханхуурыг урласан Ерөнхийлөгчийн шагналт Д.Уламбаяр захиралтай Ханхуур компаний хамт олон энэхүү морин хуурыг тусгайлан урласан байна.

                                                                      Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл