Дэлхийн цаг уурын байгууллага “2020 оны дэлхийн цаг уурын нөхцөл байдал” гэх нэртэй түр тайландаа цаг уур өөрчлөгдсөөр байгаа бөгөөд 2020 он нь цаг уурын тэмдэглэл хийж эхэлснээс хойших хамгийн дулаан гурван жилийн нэг болсон байна гэж орон нутгийн цагаар 12-р сарын 02-нд мэдээллээ.
Тайланд 2020 онд тэнгис далайн дулааны хэм шинэ рекорд тогтоож, нийт далай тэнгисийн 80 гаруй хувийн усан хилд халуун давалгаа үүссэн нь нүүрстөрөгчийн давхар исэл шингээсний улмаас нэгэнт шүлтлэг болсон тэнгисийн экологийг улам бүр муутгасан байна. Хэт халуурал, хээрийн түймэр, үер усны гамшиг, мөн давтамж нь ихэссээр байгаа далайн хар салхи зэрэг нь хэдэн сая хүний амьжиргаа, тэр тусмаа цар тахлын тархалт, эдийн засгийн нөхцөл байдлыг улам их эрсдэлд оруулж байна. Улс орнууд хэдийгээр цар тахлын эсрэг хөл хорио зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн ч агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж мөн л үргэлжлэн нэмэгдсээр байна. Нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд нэлээд урт хугацаа тогтдог болохоор ирэх хэдэн үеийн хүмүүс бүгд цар уурын дулаарлын хор уршгийг амсах болно гэсэн байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тарас:
- 2020 онд дундаж агаарын дулааны хэм аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850 оноос өмнөх үеийнхээс 1.2 градусаар нэмэгдсэн байна. Энэ жил бол “Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах тухай Парисын хэлэлцээр” байгуулсны таван жилийн ой тохиож, хүлэмжийн хийн гаргалтыг багасгах тухай амлалтаа мөрдөхийг улс орнуудын засгийн газарт уриалж байна. Бид одоо цаг уурын өөрчлөлтийг зохицуулах нэгдмэл голдрилдоо орж чадаагүй болохоор үргэлжлэн хичээн зүтгэх хэрэгтэй байна гэж хэллээ.
“2020 оны дэлхийн цаг уурын нөхцөл байдал” тайланг энэ оны 01-ээс 10-р саруудын агаарын дулааны хэмийг үндэслэж боловсруулсан бол эцсийн тайланг 2021 оны 03-р сард нийтлэх юм. Тайланд олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач нарын судалгааны үр бүтээл, тоо баримтыг эмхтгэн оруулсан байна.
