
Биет бус соёлын өв нь уламжлалт ур дарх, зан заншил, ардын дуу урлаг, ардын уран зохиол зэрэг олон талыг хамардаг. Хятад улс нь өөрийн онцлогтой өвөрмөц соёл иргэншлүүдтэй бөгөөд соёл иргэншлээ олон зуун жилийн турш үеийн үед өвлөн уламжилж хөгжүүлсээр ирсэн билээ. Үеэс үед уламжлагдсан оюун ухаан, туршлагын хуримтлалаас гол болох гар урлал, ур ухаан, урлаг болон бүрэлдсээр гадаад дотоодын хүмүүсийн хүртээл болсон төдийгүй мужийн зэрэглэлийн, улсын зэрэглэлийн, дэлхийн зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн байна. Энэ удаад Хятадын уламжлалт сүүдэр жүжигтэй танилцъя.

Хятадын сүүдэр жүжиг нь эртний Тан улсын үеэс үүсэлтэй. Мин гүрний үед цэцэглэн хөгжөөд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхтэй. Сүүдэр жүжгийг бүтээх болон тоглох үйл явц хялбар биш нарийн эрэмбэ дараатай. Материалын хувьд үхэр болон загасны шинэ арьсыг сүүдэр үүсгэгч болгодог. Ямар сүүдэр жүжиг тоглохоос шалтгаалж жүжгийн дүрээ арьсан дээр зурж, сийлэн өнгө оруулна. Улмаар тэгшлэх, будаг оруулах, хэвшүүлэх гэсэн дараалалтай бөгөөд тайз засал, гэрэлтүүлэг зэрэг олон ажлыг гүйцэтгэнэ. Мөн сүүдэр жүжиг хоёр утастай хуур, хэнгэрэг, харанга зэрэг хөгжмийн зэмсгийн тусламжтайгаар өрнөнө.
2013 онд Хятадын Жяньши муж сүүдэр жүжгийг уламжлан хамгаалах ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна. Ингэснээр сүүдэр жүжгийг мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвөөр тодруулсан аж. Мужийн засаг захиргаанаас ажлын баг томилон ардын урлаг сонирхогчдоос сүүдэр жүжгийн талаарх баримт материалыг цуглуулж байгаа юм.
