solongonews
Залуу минь, өнөөдөр заавал ижийдээ очоорой
2015-12-28 18:21
Харь улсад байгаа биш дээ, ямар. Хаяанд нь шахуу байж хүлээлтийн зовлонд ижийгээ унагах хэрэг юун. Эр хүн байж гэр рүүгээ гүйгээд муухай, гэж өөрийгөө зөвтгөж байна уу? Үгүй дээ, үгүй залуу минь.

Хэдхэн хоногийн өмнө ердөө л 5 сарын 30-нд ажлын эгч нар маань хоорондоо ингэж ярьсан юм. Тэдний аминчхан яриа сэтгэл зүсмээр байсан шүү, залуусаа. Өрөөний хоёр эгч маань хижээл насныхан. Хүүхдүүд нь том болцгоож, ач зээгийнхээ зулайг үнэрлэн жаргаж яваа, би хувьдаа ингэж боддог байлаа.

 

Гэтэл тэдэнд минь сэтгэлийн хөндүүр байдагсанж. Хоёр хүүтэй, хөвгүүд нь өрх тусгаарласан эгч ингэж ярьж байна. “Хүү хүүхдүүд ер нь л цаашаа сэтгэлтэй байдаг юм байна аа даа, цаашаа гэхээсээ илүү хайнга ч юм уу, эхнэр нь юу гэнэв, тэрүүгээр нь л болох юм. Ээждээ ирэх сэтгэлгүй, амьдралын нарийн ширийнийг ер мэдэхгүй юм. Гэтэл манай өөдөөс харсан айлынх гурван охинтой. Хаалга үүд нь үргэлж онголцож, тор савтай зүйлс барьсан охид нь орж гарцгаагаад л хичнээн сайхан. Манай хоёр баяр ёслол болж байсан ч тоохгүй шүү. Эхнэр нь ээжийнд очъё гэвэл дагаад ирнэ.

 

Үгүй гэвэл үгүй. Анхандаа би хэд хэдэн баяраар ганцаараа уйлж өнжиж билээ. Гадагшаа гарах гэхээр хүүхдүүд минь ирэх юм шиг санагдаад өдөржин хүлээхэд байдаггүй шүү, тэсгэл эзгэрүйдээд тун ч муухай даа” гэвэл нөгөө эгч тосож аваад “Хэлээд юу гэхэв ээ, наадам их урт болох юм шиг байна лээ. Баяр урт байх онцгүй байдаг юм. Хийх юм олдохгүй сэтгэл эзгүйрээд л хүүхдүүд гадуур дотуур баярлаад явчихна. Заримдаа бүр ирэх ч үгүй. Би нэг охинтой ч хүний хүн болоод явчихаар бас л ганцаарддаг юм байна. Хөвгүүд томроод тусдаа гарчихаар тэр чигтээ л цаашаа юм аа даа.

 

Багын төрх, хөгжилтэй явдлыг нь дурсаж л сэтгэлээ зогоон хань хийж суух юм. Хааяа нэгхэн ирэхдээ тохьтой сууна ч гэж үгүй. Хүйтэн зэлгээн юм залгилчихаад л мөнгө төгрөг сураглан, тус дэм хүсэхээрээ л шагайна даа, тэд” гэнэ. Тэгснээ миний дүү заавал охин хүүхэдтэй болдог юм шүү. Охинтой болтлоо хэдэн хүүхэд гаргасан ч хамаагүй ээ, охин л хэрэгтэй гэж бие биенийхээ санааг бататган инээлдлээ. Би өрөөнийхөө эгч нартай хөгжилдөн инээлдсэн ч, “Хөвгүүд минь тусдаа гарснаас хойш хаалга үүд минь бараг л зэврэх шахахын, баяраар ганцаардан уйлж суудаг байсан бол энэ жилээс эхлээд өөрийгөө зугаацуулан, сэтгэлээ баясгах төлөвлөгөөгөө ганцаараа боловсруулчихаад гараад алга болчихно доо” хэмээн ярих эгчийн яриа одоо хэр нь сэтгэлээс гарахгүй нь. Залуус минь сэтгэл гарган ижийдээ заавал очиж байгаарай.

 

Харь улсад байгаа биш дээ, ямар. Хаяанд нь шахуу байж хүлээлтийн зовлонд ижийгээ унагах хэрэг юун. Эр хүн байж гэр рүүгээ гүйгээд муухай, гэж өөрийгөө зөвтгөж байна уу? Үгүй дээ, үгүй залуу минь. Төдийгөөс өдий зэрэгт хүргэсэн ачит ээжийдээ үе үехэн очиж, амар мэндийг нь эрж байх учиртай юм шүү дээ. Байнга очиж чаддаггүй юм аа гэхэд баяр ёслолоор заавал зориж байгаарай. Эжий тань үс зүсээ янзлан идээ цайгаа бэлдээд үр минь ирнэ гэж хүлээж л суудаг юм шүү. Залуу минь, өнөөдөр заавал ижийдээ очиж баярлуулаарай.

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл