solongonews
256 хүчтэн зодоглосон “Хулан шарга” хаврын наадам
2017-05-27 16:10
Шулуун хөх хошууны “Хулан шарга” хаврын анхны наадам 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 2-ний өдөр болтол Сангийндалай суурингийн Үхэрчин овооны энгэрт болж, энэ удаагийн найр наадамд ар өврийн 256 хүчтэн зодоглож, хүч чадлаа сорьж билээ.

Найр наадамд хүрэлцэн ирсэн наадамчин олон минь элсэн шуурга дэгдэж байсан ч хүчит бөхчүүдийнхээ барилдааныг харахаар наадмын талбайгаа дугуйлан сууна. Наадмын талбайд олны танил дасал болсон далай аварга Цагаанзаан, хүчит арслан Батжаргал, ширүүн барилдаанч Өлзийбаатар, аварга Бүрэнсайн, Цахарын улаан гуталт Насанцогт, мянган бөхийн тэргүүн Гэгээрэх, Архорчины залуу содон бөх Мөнхдүүрэн зэрэг Өвөр Монгол нутгийн сайн сайн бөхчдүүдээс гадна, Монгол Улсын улсын начин Даш, аймгийн арслан Пүрэвгарьд зэрэг хүчит бөхчүүд ирж зодоглон уран барилдаан гаргаж үзэгчид олныг уухай алдуулав. Энэ удаагийн наадамд аварга Баярбаатар маань зодоглоогүй нь түүний шүдэн бишрэгчдийн хувьд нэг ёсны харамсал болсон гэлтэй. Нэгийн даваагаар Баруун Үзэмчин хошууны Сүх, Зүүн Үзэмчин хошууны Түмэнбаяр зэрэг бөхчүүд Монгол Улсын бөхчүүдээр унаагаа давсан бол Баруун Үзэмчин хошууны Даваасамбуу, Зүүн Үзэмчин хошууны Ханш, Зүүн Үзэмчин хошууны Гансүх зэрэг залуу содон бөхчүүд Монгол Улсын Баярбаатар, Баатарболд, Пүрэвгарьд зэрэг бөхөд ойчиж билээ. Хоёрын даваанд олны бахархал болсон Далай аварга Цагаанзаан Зүүн Үзэмчин хошууны Мөнх-Эрдэнээр унаагаа давахад Байран хошууны Гэгээрэх, Архорчин хошууны Мөнхдүүрэн, Зүүн Үзэмчиний Өлзийбаатар, Батжаргал Зүүн Сөнид хошууны Алтандуулга, Шулуун хөвөөт цагаан хошууны Бүрэнсайн зэрэг сайн сайн бөхчүүд ч унаагаа давсаар гарна.

Баруун Байран хошууны Гэгээрэх гурвын даваанд Монгол Улсын Дашийг, дөрвийн даваанд Монгол Улсын Пүрэвгарьдыг хаяснаар дээд арван зургаа болоход Монгол Улсын нэг ч бөх үлдсэнгүй. Дээд арван зургаагийн барилдаанд Цагаанзаан Гэгээрэхээр, Мөнхдүүрэн Зүүн Сөнид хошууны Алтандуулгаар, Архорчин хошууны Ариуханбаатар Шулуун хөвөөт цагаан хошууны Бүрэнсайнаар тус тус давж билээ. Дээд наймд Цагаанзаан Ариуханбаатараар давж, Мөнхдүүрэн Шулуун хөхийн Уянгаар давж дээд дөрөвт дэвэхэд Буянцуглаа Үндсээр, Цэлгэр Сонинбаяраар тус тус давж мөн дээд дөрөвт шалгаран үлдэв. Дээд дөрөвт Цагаанзаан Мөнхдүүрэнгээр, Буянцуглаа Цэлгэрээр давснаар үзүүр түрүүнд Буянцуглаа Цагаанзаанаар давж түрүүлсэн байна.

Зохиогч: Хад
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл