Цаг хугацаа өнгөрсөн ч нөхөрлөл нь хэвээрээ байна. Ү Чүньбинь тэр сайхан цаг мөчөө үргэлж дурсдаг. Натди Азикве Их Сургуулийн Күнзийн институт нь Нигерийн Сиамен их сургууль, Намди Азикве их сургуулийн хамтран байгуулсан Күнзийн институт юм. Нигерийн зүүн өмнөд хэсгийн Анамбра мужийн Ока хотод байрлах тус институт 2008 оны 03-р сард байгуулагдаж, 2009 онд албан ёсоор нээгдсэн байна. 2009 оноос хойш Хятад хэлний багш нар шаргуу ажиллаж, багшийн масштабыг өргөжүүлэн, Намди Азикве их сургуулийн Күнзийн институтийн нөлөөг үргэлжлүүлсээр иржээ. Күнзийн институтийн хятад хэл заах анги долоо болж нэмэгдэн, 10 гаруй жилийн дотор хятад хэл сурах оюутнуудын тоо 20 гаруй дахин нэмэгдэж, Нигерт 10 мянга гаруй хятад авьяаслаг боловсон хүчнийг хөгжүүлсэн байна.
- Би 2009 онд Натди Азиквегийн Их Сургуулийн Күнзийн институтэд ирсэн. Тэр үеэс хятад хэл заах ажлаа эхлүүлсэн гэж Ү Чүньбинь танилцууллаа.
Хятад хэл сурах нь итгэл найдвар авчирдаг
Күнзийн институтийн оюутнуудын ихэнх нь ядуу буурай гэр бүлүүдээс гаралтай. Тэд эцэг, эхээсээ санхүүгийн дэмжлэгээр хязгаарлагдмал байдаг. Зарим оюутан өдөрт ердөө ганц цагийн хоол иддэг. Зарим нь бүр автобусаар явах боломжгүй учраас хэдэн километр алхаж Күнзийн институтэд ирдэг. Хэдийгээр ийм бэрхшээлтэй байгаа боловч оюутнууд үргэлжлүүлэн хятад хэл сурсаар л байв.
Сурагчдын хичээл зүтгэл үр дүнд хүрсэн. Олон оюутан нэг, хоёр жил судалсны дараа мандарин хятад хэлээр чөлөөтэй ярьж чаддаг болсон. Хятад хэл сурах нь олон оюутны хувь заяаг өөрчилж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалсан. Энэ нь тэднийг Күнзийн институтийн сурагчдын бахархал болгож, дүү нартаа үлгэр дуурайлал болсон юм.
Хятад хэл сурдаг Нигерийн оюутнууд хятад нэр авах дуртай байдаг. Ү Вэньжүн 2010 онд Күнзийн институтэд суралцаж эхэлсэн. 2013 оны 09-р сард Күнзийн институтээс хятад хэлний тэтгэлэг авч цаашид хятад хэл сурахын тулд Хэбэй Багшийн Их Сургуульд суралцахаар болсон байна. Хожим тэрээр олон улсын хятад хэлний боловсролын бакалавр, магистрын зэрэг хамгаалсан.
Шя Шяоли таван настай байхдаа автомашины ослоор баруун гараа гэмтээжээ. Тэрээр 2015 онд Күнзийн институтийн хятад хэлний ангид хятад хэл сурч эхэлсэн байна. Түүний хятад хэлний түвшин аажим аажмаар сайжирсаар өөртөө итгэлтэй болсон гэх. Шя Шяоли Хятад хэлний судалгааны үр шимийг хүртэж, орон нутгийн Хятадын компанид ажилласан бөгөөд түүний дүү нь эгчийнхээ нөлөөгөөр Күнзийн институтэд хятад хэл сурахаар болжээ. Тэрээр 2017 онд Күнзийн институтээс Хятад хэлний чиглэлээр Шямэнь их сургуульд суралцах тэтгэлэг авч, дараа жил нь Хэбэй Их Сургуульд олон улсын хэлний боловсрол эзэмшихээр хятад хэлний магистрын зэрэгт суралцах тэтгэлэг авсан байна.
- Хятад хэл сурсан нь надад өөртөө итгэлтэй, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгожээ гэж тэрээр хэлсэн байдаг.
- Би бас Күнзийн институтэд талархаж байна. Күнзийн институттэй танилцсан өдөр надад хамгийн чухал дурсамж үлдээсэн гэж Шя Шяоли ярив.
Хятад хэл сурснаар амьдралаа өөрчилсөн Нигерийн оюутнууд олон бий. Тэдний нэг Хань Маоюй одоогоор Нанькай их сургуульд олон улсын харилцааны докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм. 17 дахь удаагийн "Хятад хэлний гүүр" дэлхийн их сургуулийн оюутны хятад хэлний тэмцээний Африкийн багийн аварга болсон Дин Жямин зэрэг олон оюутнуудыг нэрлэж болно.
Сурагчийнхаа бэлэглэсэн хөргийг хуримын зураг болголоо
Натди Азикве их сургуулийн Күнзийн институтэд Хятадаас очсон хятад хэлний багш нарын амьдрах, багшлах нөхцөл үнэхээр хэцүү. Гэвч тэд бүгд бэрхшээлийг даван туулж, энэ нутагт хүсэл тэмүүллээ харуулан, оюутнууд өсөн дэвжиж байгааг харж, сэтгэл хангалуун, урам зоригтой ажилладаг байна.
- Бид оюутнууддаа хайр халамжаа үзүүлж, оюутнууд ч биднийг хайрладаг учраас бид хамгийн аз жаргалтай хүмүүс гэж хэд хэдэн багш дуу нэгтэйгээр хэлсэн юм. Күнзийн институтийн багш, оюутнууд нэгэн гэр бүл л гэсэн үг. Оюутнууд намайг болон Тан Чаохуа багшийгаа "Хятад аав", "Хятад ээж" гэж дууддаг гэж хэллээ.
- Эрхэм багш минь, би Тан багш та хоёрын сургаалыг хэзээ ч мартахгүй. Тан багш та хоёр миний мөрөөдлийг биелүүлсэн. Би Хятадад илүү шаргуу зүтгэл гарган суралцаж, таниар бахархах болно гэж миний сурагч Ү Вэньжүн хэлсэн гэж Ү Чүньбинь багш ярьлаа.
- Тан багш бид хоёр нэг ангид байсан. Бидний харилцаа Нигерт багшлахаас эхлээгүй ч Нигерт хятад хэл заах ажлыг хамтдаа хийж байсан учраас бидний хайр сэтгэл улам бат бөх болсон. Бид Хятадад буцаж ирснийхээ дараа хуримаа хийсэн. Харин хуримын зураг авахуулахын оронд сурагчийнхаа бэлэглэсэн хөргийг хуримын өрөөнийхөө хананд өлгөсөн. Учир нь оюутны багшаа гэх сэтгэлээр дүүрэн энэ зураг бол хуримын хамгийн сайхан зураг гэж Ү Чүньбинь ярилаа.
Мөн Ү Чүньбинь “2018 оны 02-р сард Натмади Азикве их сургуулийн Хятадын Күнзийн институтийн захирал Ван Бө, Тан багш бид хоёр улсдаа буцахад Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд Бээжин, Хэбэй, Тяньжин хотод суралцаж буй Нигерийн оюутнууд хүрэлцэн ирж биднийг угтсан. Тэр өдөр маш хүйтэн байсан ч бидний зүрх сэтгэл туйлын дулаахан байсныг би санаж байна гэж ярив.
Би Күнзийн институтэд багшилж байхдаа оюутнуудаа Хятадад суралцахаар явсных нь дараа Шямэнь хотод уулзуулахаар болзоо тавьсан юм. 2019 оны 02-р сард Бээжин, Гирин, Хэбэй, Шандүн, Хүбэйд суралцаж буй оюутнууд Шямэнд очиж уулзан, бид хамтдаа хамгийн сүүлийн нөхцөл байдлын талаар ярилцсан. Бид бүгдээрээ хятад хэл суралцаж байсан тэр өдрүүдээ дурсан ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярилцсан юм.
Хятад хэлтэй оюутны ажил эрхлэлт эрэлт ихтэй байдаг
Миний хувьд оюутнуудыг хичээлдээ амжилт гаргаж, мэргэжлийн чадвараараа өөрийн дуртай ажилдаа орохыг харахаас илүү баяр баясгалантай зүйл гэж алга.
Күнзийн институтэд хятад хэл сурч буй оюутнууд Нигерийн ажлын зах зээлд хүмүүсийн булаалддаг шилдэг боловсон хүчин болсон. Олон оюутнууд хятад хэлтэй давуу талаараа өндөр цалинтай ажилд ордог. Сурагчид маань хятад хэл сурсан нь өөрийнх нь хувь заяаг, гэр бүлийнх нь эдийн засгийн байдлыг өөрчилсөн юм гэдэг.
Күнзийн институтийн оюутан, авьяаслаг ганган залуу Чи Шяотяний аав нүдний өвчнөөр шаналж байгаа учраас гэрийнх нь нөхцөл байдал муу байсан. 2012 онд Күнзийн институтэд ангийнхаа хүүхдүүдтэй хамт хятад хэлний ангид нэрээ бүртгүүлж байгаад өөрөө хятад хэл сурахаар болсон байдаг. 2013 оны 09-р сард тэрээр Шямэнь Их Сургуульд нэг жилийн тэтгэлэгтэй хятад хэлний чиглэлээр суралцахаар Хятадыг зорьсон юм. 2014 онд Хятадаас буцаж ирснийхээ дараа өндөр цалинтай ажилд орж, гэр бүлийнх нь амьдралын нөхцөл эрс сайжирсан байна.
Хэбэй мужийн Багшийн Их Сургуулийг төгссөн Лю Ин Нигертээ буцаж, Нигери улсад байгаа Хятадын хэд хэдэн аж ахуйн нэгжийн бүртгэл, үйл ажиллагаанд оролцож, ажлын баялаг туршлага хуримтлуулан, хамтран ажиллагсаддаа хүлээн зөвшөөрөгдсөнөөр Хятадын нэгэн алдарт аж ахуйн нэгжийн Нигерийн төслийн ерөнхий менежерийн туслахаар ажилд авчээ. Тэрээр харилцааны сайн ур чадвараараа Нигерт газардах төсөлд орчуулгын дэмжлэг үзүүлсэн төдийгүй, Нигерт төслийн сурталчилгааны асуудлыг ч хийдэг байна. Хятадыг ойлгох тусам Нигерийн хөгжилд Хятадын хөгжлийн туршлагын ач холбогдлыг илүү сайн ойлгож байна гэж Лю Ин үзэж байна. Хятадын компанид ажиллах нь мөрөөдөл байсаар ирсэн гэж тэрээр санал бодлоо хуваалцсан юм.
Күнзийн институтийг төгссөнөөсөө хойш Хятадын компаниудад орчуулагчаар ажиллаж явсан ийм оюутнууд зөндөө бий. Хятадыг сайн ойлгодог шилдэг боловсон хүчнийг хөгжүүлэх нь Натди Азиквегийн Их Сургуулийн Күнзийн институтийн зорилго бөгөөд үүнийг идэвхтэй хэрэгжүүлэх явдал юм. Тухайлбал, Күнзийн институт, Хятадын компаниуд болон Нигерийн компаниудын хамтын ажиллагаа маш идэвхтэй байдаг. Өнөөдөр 100 гаруй аж ахуйн нэгжид хятад хэлний орчуулагчийг хүмүүжүүлж өгөөд байна. Энэ нь оюутнуудын ажил эрхлэлтийн асуудлыг шийдээд зогсохгүй, Нигерт Хятадын компаниудыг орон нутагт нь нутагшуулахыг дэмжиж, цаашид Хятад, Нигерийн эдийн засгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан, Хятад, Нигер хоёрын найрсаг солилцоо, ард түмний харилцаанд хувь нэмрээ оруулсан явдал болсон юм.
- Нигерт хятад хэл зааж байх үеэ дурсахад Нигерийн оюутнуудад мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах боломж байгаа нь миний хувьд хамгийн аз жаргалтай явдал болсон. Би эдгээр сайхан оюутнуудын багш болсондоо маш их баяртай байна гэж Ү Чүньбинь ярьж байлаа.
