Бээжин-Жанчхүү хоорондын хурдны төмөр зам 12-р сарын 30-нд албан ёсоор ашиглалтад орж, түүний салбар шугам болох Цүнли төмөр зам мөн зэрэг ашиглалтад орсноор Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүсчилсэн хөгжилд нэмэр болж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд зам тээврийн үйлчилгээ үзүүлэхийг баталгаажуулах юм.

12-р сарын 30-ны 08:30 цагт G8811 дугаартай хурдны галт тэрэг Бээжингийн умард өртөөнөөс хөдөлж, Хэбэй мужийн Жанчхүү хотын Цүнлигийн Тайзи хотыг чиглэн явснаар Бээжин-Жанчхүү хоорондын хурдны төмөр зам албан ёсоор ашиглалтад орлоо. Жанчхүү, ялангуяа Бээжин-Жанчхүү хоорондын хуучин төмөр замын талаар гүнзгий сэтгэгдэлтэй зорчигчид энэ ээлжийн хурдны галт тэрэгний тасалбарыг зориуд худалдан авч, анхны аялалыг нь биеэр мэдрэхийг хүссэн байна.
Зорчигч: - Урьд Жанчхүү рүү буцахын тулд шөнийн гурван цагт босож тасалбар авах гэж дугаарладаг. Заримдаа удаан галт тэрэг таарвал 5 цаг гаруй явдаг байсан. Одоо ёстой амар болсон. Энэ хурдны галт тэрэгний ачаар би боломжтой үедээ ар гэртээ харьж, настай ээжээ эргэж чадахаар боллоо гэж ярьлаа.
Зорчигч:- 110 жилийн өмнө Жань Тянь-Ю бидэнд Бээжин-Жанчхүү хоорондын төмөр замыг авчирч байсан юм. Энэ төмөр замын ачаар Жанчхүү хот хөгжиж, баруун хойдын аж үйлдвэрийн чухал суурин болсон билээ. Бээжин-Жанчхүү хоорондын шинэ хурдны галт тэрэг энэ хоёр хотыг, мөн Бээжин, Тяньжинь, Хэбэй гурвыг уялдуулан хөгжүүлэхэд маш ашигтай боллоо. Энэ бол манай Жанчхүүчүүдийн хамгийн том аз жаргал юм гэж хэллээ.
1905 онд "Хятадын төмөр замын эцэг" гэгдсэн Жань Тянь-Ю зураг төсөл болон барилгын багаа дагуулж, олон бэрхшээлийг даван туулж, хятадууд өөрөө хөрөнгө хуримтлуулан, зураглан төсөвлөж, барьж дэвсэн, ашиглалтад оруулсан анхны төмөр зам-Бээжин-Жянчхүү хоорондын төмөр замыг байгуулсан юм. Барууны төмөр замын хүчирхэг гүрнүүд Хятадын төмөр замыг монопольчилж байсан байдлыг энэ төмөр зам дуусгавар болгож, Хятадын төмөр замын бүтээн байгуулалтын шинэ эрин үеийг эхлүүлжээ. Зуу гаруй жилийн дараа Бээжин Жанчхүү хоорондын хуучин төмөр замын дагуу шинэ хурдны төмөр зам байгуулж ашиглалтад оруулсан юм.
Энэхүү хурдны галт тэрэг бол Хятад улсын "Дунд, урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөө"-ний "хөндлөн найм, гулд найман" хурдны төмөр замын сүлжээний Бээжингээс Ланьжөү хүрэх замын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ хурдны төмөр зам нийт 174 км урт, Бээжингийн төв бүс буюу Умард өртөөнөөс хөдөлж, Хэбэй мужийн Жанчхүү хотод хүрнэ. Мөн өдөр Жанчхүүгээс Хөх хот, Жанчхүүгээс Датун хүрэх хурдны төмөр зам ашиглалтад орсон. Бээжин, Жанчхүү хоорондын хурдны төмөр зам баруун тийш дээрх хоёр хурдны төмөр замтай нийлдэг. Ашиглалтад орсны дараа галт тэрэгний аялалын хугацааг ихээр богиносгох юм. Бээжингийн Төмөр замын товчооны корпорацын зорчигч тээврийн газрын галт тэрэгний зогсоолын удирдлагын хэлтсийн дарга хатагтай Жү Дяньпин танилцуулахдаа: - Ашиглалтад орсны дараа Бээжингээс Жанчхүү хүрэхэд ердөө 56 минут зарцуулна. Бээжингээс Хөх хот хүрэхэд 2 цаг 18 минут, Бээжингээс Датун хүрэхэд ердөө 1 цаг 42 минут зарцуулна гэж мэдэгдлээ.
Мөн өдөр Бээжин Жанчхүү хоорондын хурдны төмөр замын салбар шугам болох Цүнли төмөр зам ч ашиглалтад орсон. Энэ төмөр зам Бээжин Жанчхүү хоорондын хурдны төмөр замын Шяхуа-Юаний Умард өртөөнөөс хөдөлж, Цүнли бүсийн Тайзи суурингийн олимпын тосгонд хүрэх бөгөөд 53 км урт, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын уралдаан тэмцээнүүдэд голлон үйлчлэх юм. Бээжингийн Умард өртөөнөөс хөдөлж, 1 цаг 4 минутын замыг туулаад Тайзи Чэн өртөөнд хүрнэ.
Бээжин Жанчхүү хоорондын хурдны галт тэрэг 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд үйлчлээд зогсохгүй мөн Хятадын ухаалаг хурдны галт тэрэгний үлгэр жишээ барилга бөгөөд ухаалаг байгуулалт, ухаалаг тоног төхөөрөмж, ухаалаг ашиглалтыг нэгэн цогц болгож, дэлхийн ухаалаг төмөр замын эхлэлийг тавьсан юм.
Хятадын Төмөр замын шинжлэх ухаан судалгааны академийн корпорацын Шинжлэх ухаан технологи, мэдээллийн газрын дарга Хү Сүөтин:
- Бээжин Жанчхүү хоорондын хурдны төмөр зам Хятадын ухаалаг хурдны төмөр замын шинэ хуудсыг нээж, хойшид Хятадын хурдны төмөр зам, мөн ухаалаг төмөр замын талаар тасралтгүй шинийг эрэлхийлнэ. Дөрвөн жилийн турш бид ухаалаг салбарт маш олон шинэчлэл хийсэн юм. Бээжин Жанчхүү хоорондын хурдны төмөр зам үлгэр жишээ шугам болсны хувьд, Хятадын хурдны төмөр зам ухаалаг чиглэлээр хөгжихөд маш сайн үндэс суурь тавьсан. Бид Бээжин Жанчхүү хоорондын хурдны төмөр замыг ухаалаг хурдны төмөр замын 1.0 загвар гэдэг. Энэ нь Хятадын ухаалаг хурдны төмөр замын шинэ эхлэл төдийгүй хойшид бид бас тасралтгүй сайжруулах болно гэж хэллээ.
