Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Бө-Аогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилийн уулзалтын нээлтийн ажиллагаанд цахимаар оролцож үг хэлснийг Монгол Улсын ГХЯ-ны сайтаас мэдэгдэв. Энэ жил “Бө-Аогийн чуулга уулзалт” үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн тохиож байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэлхийн засаглалыг бэхжүүлж, "Бүс ба Зам" хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтдаа оролцъё” сэдвийн дор болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Бө-Аогийн чуулга уулзалт бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлэлцээний чухал индэр болж байгааг онцлов. Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030-д тодорхойлсон ядуурлыг бууруулах зорилтод 10 жилийн өмнө хүрсэнд баяр хүргэхийн хамт, ядуурлыг бууруулахад эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, баялгийн шударга хуваарилалт хийхийн чухлыг тэмдэглэв.
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлсон уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг тэргүүлэх чиглэлийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо цаашид ч үргэлжлүүлэхийг онцоллоо.
Бө-Аогийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бруней, Вьетнам, Чили, Индонез, Казахстан, Лаос, Солонгос, Сингапур, Шри Ланка Улсын Ерөнхийлөгч, Бангладеш, Мальта, Шинэ Зеланд, Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, мөн Олон улсын валютын сангийн тэргүүн нар оролцож байна.
