solongonews
Нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ 23781 юаньд хүрчээ
2021-01-25 12:02
Эхний гурван улирлын байдлаар нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ 23781 юаньд хүрчээ

Хятадын Үндэсний Статистикийн газраас Хятад улсын 31 мужийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлогын нөхцөл байдлын талаарх мэдээллийг /2020 оны эхний гурван улирлын байдлаар/ өчигдөр танилцууллаа.

Тодруулбал, Хятад улсын хэмжээнд нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ 23781 юань гэсэн дүн гарсан байна. Харин 2020 оны эхний гурван улирлын байдлаар, 9-н мужийн иргэдийн дундаж орлогын хэмжээ улсын дундаж үзүүлэлтээс дээгүүр гарчээ.

Эдгээр 9 муж, хотуудад Шанхай, Бээжин, Жөзянь, Тяньжин, Жянсү, Гуандун, Фүзянь, Шаньдун, Ляонин мужууд орсон байна. Үүнээс Шанхай, Бээжин хотуудын нэг хүнд ногдох дундаж орлогын хэмжээ 50 мянган юанийн босгыг давсан бөгөөд Шанхай хотын иргэдийн орлого 54126 юаньд /23.8 сая гаруй төгрөг/ хүрч улсдаа тэргүүлсэн байна.

Шанхай, Бээжин хотууд нь Хятад улсдаа нэгдүгээр зэрэглэлийн хамгийн том хотуудад тооцогддог ба хотжилт, орчин үеийн хөгжил, үйлчилгээгээр улсдаа тэргүүлдэг. Тухайлбал, хамгийн их орлоготой салбаруудад банк санхүү, шинжлэх ухааны судалгааны салбар, интернэт үйлчилгээ зэрэг салбарууд орж байгаа ба эдгээр салбаруудын төвлөрөл болж байгаа хотууд юм.

Гуравдугаар орж буй Жөзянь мужийн хувьд нэг хүнд ногдох орлогын хэмжээ 40121 юаньд хүрч буй бөгөөд тус муж нь үйлдвэрлэл өндөр хөгжсөн, улсдаа хот хөдөөгийн орлогын ялгаа хамгийн багатайд тооцогддог муж аж.

Үүний дараа Тяньжин, Жянсү, Гуандун мужуудын нэг хүнд ногдох орлогын хэмжээ 30 мянгаас дээш гарч 4-6 дугаар байрыг эзэлсэн байна.

Нийтдээ 17 мужийн хувьд нэг хүнд ногдох орлогын хэмжээ 20 мянган юаниас бага үзүүлэлттэй гарсан ба Хэбэй мужаас бусад нь бүгд төв болон баруун бүсэд оршдог мужууд байв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл