solongonews
Наймдугаар эгшиг буюу“ Анд ”хамтлагийн аян
2018-05-22 10:45
Наймдугаар эгшиг буюу“ Анд ”хамтлагийн аян

- Хоолойгоос түлхэх, уушганаас түрэх, судаснаас ундрах “ гурван дуу ” нийлээд хүний сэтгэл зүрхний аялгуу эгшиглэдэг. Газар тэнгэрээс иврэх, амьтан араатнаас дуулдах, агаар салхинаас үүсэх “ гурван аялгуу ” уусаад эх байгалийн цуурай хангинадаг. Хүн байгалиас хөврөх дуу аялгуу нь айзам хөгтэй уялдаад энэ бөмбөрцөг дэлхий энэ ертөнцийн язгуур эгшгийн мөнх дурдатгал болж хоцорсныг сонсголонгийн цээжилбэрээр буман үе уламжилсаар өнөөг хүрчээ. Хүн төрөлхтний үсэг бичиггүй түүхэн сураг чимээг дуу аялгуугаар хадгалан өвлөдөг агуу гайхамшгийг нүүдэлчин монголын язгуур урлаг дэлхий дахинд эгшиглүүлэн мэдрүүллээ …

Дуун аялгууны хэл эгшиг бүтээдэг. Энэхүү эгшиг үг хэл, үсэг бичгийн ялгаагүй, улс үндэстэн, арьстан ястны ялгаагүй. Дэлхий нийтийн сонсголон, бөмбөрцгийн эгшиг болж, өнгөрсөн орчин үе ирээдүйн мөнхийн сонор болдог байна. Монгол язгуур урлагийн дуу аялгуугаас бүтсэн мөнх эгшгийг монгол хэлний язгуур долоон эгшигт нэмэрлэсэн “Наймдугаар эгшиг” гэж нэрлэсүгэй …

Энэ бол монгол язгуур урлагийн 400 мянган газрын урт аяныг харуулсан “Анд” хамтлагийн тухай баримтат кино болох “Наймдугаар эгшиг”-ийн эхлэл ба төгсгөл. Өвөр Монголын Өдрийн сонины хорооноос хийж үйлдсэн энэхүү баримтат киног дөрөвдүгээр сарын 28-ны өдөр сүлжээгээр цацаж, үзсэн бүхний хараа мэлмий, сонор, зүрх сэтгэлийг нь баясгаж чадсан юм.

Тус баримтат киноны зураглаж эвлүүлэх ажил 2017 оны 03 сараас эхэлсэн бөгөөд нисэх онгоцны талбай дахь сурвалжлага, Өвөр Монголын Урлагийн дээд сургууль дахь сурвалжлага, гэрэл зурагчин Баатарын зургийн өргөө, Хөххотын Үндэстний дээд сургууль зэрэг арав гаруй удаагийн, жил гаруй хугацааны  сурвалжлагаар дамжиж бид Анд хамтлагийн монгол язгуур урлагийг дэлхийн сонорт хүргэсэн түүх, хүсэн тэмүүлсэн зориг бодлыг нь дэлгэсэн байна.

“Анд ”хамтлаг 54 өдрийн дотор Америкийн 9 муж, Канадын олон хотуудад 81  тоглолт хийж, үзэгчдийн тоо 50 мянганд хүрсэн. Монгол язгуур урлагийн ид шидийг харийн үзэгчдэд бишрүүлж гайхшруулсан удаатай. Мөн долоон удаагийн аялан тоглолтоор дамжин, Америкийн 27 мужид 100 тусгай тоглолт ба 300 гаруй соёлын солилцооны тоглолт хийж, үзэгчдийн тоо 400 мянгад хүрсэн нь амжилтад хүрэв.

Андын тангараг алтан дэлхийд! Анд хамтлагийн түүх бол есөн залуу уран бүтээлчдийн монгол урлагтай тангарагласан түүх, залуу насаараа язгуур урлагтай мөрий тавьсан түүх түүх, монгол урлагийн 70 жилийн хөгжил бадралын үлгэр жишээ юм.  “Анд” хамтлаг арваад жилийн цуцалтгүй хүчин  чармайлтаар дамжиж дэлхийн урлагтай танилцан, язгуур урлагийн дэлхийн өндөрлөгт гарлаа. Америк, Англи, Кана, Австриа, Нидерланд, Испани, Куриа, Япон, Австрали, Монгол зэрэг гучаад улсад айлчлан тоглохдоо язгуур урлаг хийгээд орчин үеийн урлаг, үндэстний урлаг ба дэлхийн урлагийг уусгасан өөрийнхөө онцлог хэв намбыг бүрдүүлж, дэлхийн урлагийн өнөр цэцгийн хүрээлэн дэх нэгэн сайхан соргог цэцэг болж дэлгэрчээ. Тэд Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд уригдаж багш профессор болсны дээр хамтлаг хийгээд дээд сургуулийн уусалцлын шинэ загварыг үүдэж монгол язгуур урлагийн бас нэгэн замыг нээсэн юм.

   “Наймдугаар эгшиг” Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн тоглолтын тэнхимд тавигдаж, хүн хар хуран цугларна. Андын журмыг дээдэлж, үйлсийн харгуйд хамтран зүтгэсэн “Анд хамтлаг” баримтат киног нэвтрүүлсэн өдөр болзоотой юм шиг тусгай тоглолтоо Өвөр Монголын Урлагийн дээд сургуульд амжилттай зохион байгуулжээ. “Дэлхийн өнцгөөс харсан тал нутгийн дуу хөгжмийн уламжлал шинэчлэлт солилцооны эрдэм шинжилгээний хурал”-д зориулалттай тус тоглолтыг хоёр сар гаруйн өмнөөс эхлэн бэлтгэж, үндэстний уламжлалт дуу хөгжмийн шилдэг ур мэргэжил ба шинэ цаг үеийн дуу хөгжмийг уялдуулж, олон ястнуудын ардын дууг шинэ хэв намбаар тоглож, үзэгчдийн сонорыг мялаасан юм. Жишээлбэл, “Аваад ирээч баруун гараа”, “Нуурын долгион савардан” зэрэг бүтээлийг шинээр найруулж, Торгууд, Буриад, Үзэмчин, Ордос, Улаанхад зэрэг олон газар орны нүүдэл соёлыг харуулсан сонгодог бүтээлийг “Анд”-ын намбаар үзүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг эрхгүй татав.

Монгол үндэстнийхээ уламжлалт урлаг соёлыг дэлхийн хараанд түгээн дуурьсуулсан “Анд” хамтлаг 2001 онд байгуулагдсанаасаа хойш олон олон уралдаан тэмцээн, тоглолт, боловсролын дунд өсөн торниж, ур авьяас, оюун ухаан, хүч хөдөлмөрөө урлагийн үйлсэд нэг сэтгэлээр зориулсныг түүний бүтээл тоглолтоос олж харах нь дамжиггүй.

2016 оны 09 дүгээр сард Өвөр Монголын Урлагийн сургууль “Анд” хамтлагийг урьж, үндэстний дуу хөгжмийн хамтлагийн тусгай мэргэжлийн анги “Анд анги”-ийг үүсгэн байгуулсан нь үндэстний дуу хөгжмийн сурган хүмүүжил болон практик хөгжилд чухал их ач гавьяа үзүүлсэн. Мөн Тус удаагийн үдэшлэгт “Анд анги”-ийн оюутнуудаас бие даасан хоёр үзүүлбэр тоглосон нь үдэшлэгт хөөр цэнгэл нэмж, мөн “Анд” хамтлагийнхны үндэстний урлаг соёлын үр соёолж эхэлснийг бүрэн харуулан үйлсийн ирээдүй нь хойч үеийнхэнд илүү гэгээн саруул, уужим дардан болж буй гэдгийг харуулж чадсан юм.

Зохиогч: Бүрэнбаяр. Мөнхбаяр
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл