Энэ онд 59 настай дуучин Тэнгэр дахин тэргүүллээ
Бээжингийн одон телевизийн гурван сар үргэлжилсэн "Жүнгэхүй” нэртэй ая дууны уралдаант нэвтрүүлгийн 29-ний өдөр эцсийн шийдвэрт тэмцээнд дуучин Тэнгэр аваргаар шалгарч манлайллаа.
Бээжингийн одон телевизийн "Жүнгэхүй” гэсэн ая дууны уралдаант нэвтрүүлэг 2019 оны 04-р сард эхэлсэн юм. Уралдаанд монгол үндэстний дууны урлагийн төлөөлөл болсон дуучин Тэнгэр, Америк нутагтай хятад удмын дуучин Тао Же, Үкрайны нэрт эмэгтэй дуучин Арна Тумски, Хятад улсын нэрт поп эмэгтэй Хуан Чишань, төв телевизээс зохион байгуулсан "Хятад улсын шилдэг дуу" нэвтрүүлгийн тэргүүн байрын шагналт залуу дуучин Хүө Цүнь, Тайваний нэрт дуучин Жао Чуань нар гол зочноор уригдаж уралдаанд оролцсон юм.

Уралдаан долоо хоногт нэг удаа болдог ба удаа бүрт 10 дуучин хоёр цагийн турш ширүүн өрсөлдөж, өндөр хатуу шаардлагатай шүүгчдийн баг, тухайн талбайн үзэгчдийн оноогоор дамжаад 5 дуучин нь дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авч, 5 дуучин нь тэр доор нь шигшигдэж уралдааныг орхисон ширүүн өрсөлдөөн болж байсан юм. Ингэхэд дуучин Тэнгэр "Сэтгэлээс уяатай нутаг", "Шяо фан", "Цахирмаа", "Талын шөнө" зэрэг ая дуугаараа шүүгчид үзэгчид, цаашлаад телевиз үзэгчдийн өндөр үнэлэлтийг хүртэж иржээ.
06 дугаар сарын 29-ний өдрийн уралдаан дээр дуучин Тэнгэр үг аяыг нь өөрөө зохиосон "Хар улаан" дуугаараа 589 оноо авч, нийт оноо нь 1512 болохоор олноос шалгаран аваргаар шалгарч, үзэгч олны алга ташилт, уухайн дуун дунд алдар нэрээ мөнхөлж тэргүүлсэн байна.
Энэ жил 59 настай дуучин Тэнгэр өөрийн уран мэдрэмж, ая дууны тэнгэрлэг онцгой авьяасаараа дөч гаруй шилдэг дуучдын дундаас шалгарлаа.

Дуучин Тэнгэр 1960 онд Өвөр Монголын өнөөгийн Ордос хотын Отог хошууны Эрхт суманд малчин айлын хөвгүүн болж төрсөн. Дуучин Тэнгэр бол Төвийн үндэстний дуу бүжгийн чуулгын дуучин, Улсын нэгдүгээр зэрэглэлийн уран сайханч, Хятад улсын хөгжимчдийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, төвийн байгууллагын "5.1"-ийн хөдөлмөрийн шагналт, бүх Хятад улсын хөдөлмөрийн үлгэр жишээч юм.
1986 онд Ц,Чимдийн "Би монгол хүн" гэсэн шүлэгт ая зохиож "Би монгол хүн" дуугаа дуулаад бүх Өвөр Монгол, Хятад улсад алдар нэрээ мандуулсан түүхтэй.

1989 онд Соёлын яамны зохион байгуулсан Урсгал /поп/ дууны шилдэг дуучныг шалгаруулах тэмцээнд арван шилдэг дуучны нэгдүгээр байранд шалгарсан юм.
1992 онд Тайваньд очиж хувийн уран бүтээлийн тайлан тоглолт хийж, далайн хоолойн хоёр эргийн ард түмнийг доргиулж, Хятад улсын эх газраас Тайваньд хүрч тоглолт гаргасан анхны дуучин болжээ.
1993 онд "Бөрт чоно" хамтлагаа байгуулан, гоцлол дуучнаар ажилласан байна.

1994 онд "Ганган хар" киноны хөгжмийг зохиох ба дуулах үүргийг гүйцэтгэв. Тус киноны ая хөгжим нь 19-р удаагийн Монтериалын олон улсын киноны наадам дээр хамгийн шилдэг дуу хөгжмийн урлагийн шагналыг хүртсэн байна.
2001 онд Төрийн зөвлөлийн Засгийн газрын онц дэмжлэгийг хүртэж, үнэмлэх олсон байна. 2004 онд "5.1"-ий хөдөлмөрийн шагнал хүртсэн.
2018 онд дуучин Тэнгэр 58 насандаа "Дуучин 2018" гэсэн ая дууны тэмцээнд оролцож, Хятад улсын дотоод, гадаадын олон дуучдын дундаас дөрөвдүгээр байранд орлоо.
