solongonews
Бяцхан үрсийнхээ хүүхэд насыг битгий “хулгайлаач”
2015-12-28 18:21
Турьхан шилбэндээ томдсон гутал холхиндог углаад, гадуур хувцас ч үгүй нүцгэн шалдан, нүүрээ даран уйлж яваа жаалыг хараад айдас хүйдэс дүүрэн ар гэрт нь болж байгаа аймшигт үйл явц, дүр төрх сэтгэлд харагдаад болдоггүй.
Зовлонт ээжийгээ зодуураас салгах гэж хэн нэгнээс аврал хайн гүйгээ юу, золоор энэ бяцхан амьтан араатан мэт авирлалаас арайхийн мултарч амь зулбан зугатаа юм болуу?.  Дураараа эрхэлж, зоргоороо өсөх насаа мартчихаад, гэгээн өдөр ч гэлээ сэтгэлд нь бол там шиг харанхуйн дундуур  өвлийн хүйтэнд уйлан сандран гүйхдээ жижигхэн зүрхэндээ хэнийг дуудаа болоо?
 
Хүүхэд гэдэг хэзээд томчууд бидний гарын дор байдаг амьтад. Тэдний хүүхэд насыг хулгайлах, гэмт хэргийн замд хөтлөх, сэтгэлийнх нь галыг бөхөөж, айдаст амьдралаар нухчин дарах, амьдралын сайхныг мэдрэх сэтгэлийн нүдийг нь сохолж, итгэл хайрыг нь хөсөрдүүлэх энэ бүхий л золиосын өмнө томчууд, тэр тусмаа гэр бүлийн таагүй харилцаа буруутай.  Өлхөн ходоодтой өнжиж болно оо, түр зуурынх тэр чинь.
 
Өр зүрхэндээ дүүрэн жаргалтай өсөх эрх чөлөөг нь  боомилох юутай гаслантай.  Гэр  орноо аз жаргалын арал байлгаж чаддаггүй юмаа гэхэд алаг үрсийнхээ айдсын орон зай болгож тарчлаан зовоох яасан энэлэнтэй. Энэ бүхэнд эх хүн ихээхэн үүрэгтэйсэн. Хувь тавиланг таашгүй. Салалт, өнчрөл, дагавар хүүхэд... өөр юу эс билээ... Бүсгүй та, хүүхдээ бага балчир байхад нь хүнтэй гэрлэх гэж яарах нь өөрийн жаргалыг үрийнхээ жаргалаар арилжиж байгаагаас юуны ялгаа.
 
Үрдээ хойт эцэг эхийн царай харуулалгүй өсгөх эсэх нь хүний эрх, сонголт боловч  хожмоо энэ ухаалаг шийдвэрийг хүндлэх эзэд нь таны хүүхэд л байх болно. Гэртээ хэрүүл, дажин урин дуудахгүйн тулд цочмог уур, хорон үгийг тэвчиж, ойлголцол үүсэх тэр мөч хормын өмнө хүлцэнгүй зогсох нь дээр. Ингэснээр та  үүсч болох аймшигт зүйлээс  үр хүүхдээ хамгаалж, тэднийхээ амар тайвныг айдаст хутгахгүй байж чадна. 
 
Харин нэгэнт өөрчлөгдөшгүй авир араншинтны өмнө айдаст хар өдрүүдийг угтаж үддэг бол цоожтой хаалганы цаадах бусармаг хүчирхийллийг ямар нэг аргаар илчилж, хууль цагдаагийн байгууллагад хандах нь хамгийн зөв шийдэл. Гэр бүлийн хүрээнд гарах зөрчилдөөн маргааны дараа эхнэр нөхрүүд “ахин ингэхгүй” гэсэн хоосон уучлалт амлалтаар сэтгэлээ хуурдаг нь бас олонтаа. Үхтэл нь зодож нүдчихээд маргааш нь бэлэг сэлт барьж ирдэг эр нөхрүүд ч бас цөөнгүй. Тэд эвлэрлийг ямар ч үнээр хамаагүй хүсдэг болохоор нөхцөл байдлыг нөлөөтэй шилний цаанаас хардаг юм.
 
Гэтэл үнэндээ гэр бүлийн эв нэгдэл гэдэг хэн хэнийхээ сэтгэлийн хэрэгцээг хангасан бодит зохиролгүйгээр хэзээ ч бий болдоггүй. Хосууд эв нэгдэл эрх чөлөөнд хүрэх цорын ганц зам бол зөрөлдөөнд өөрийгөө хамгаалах хамгаалалт үүсгэн гэр бүлийн айдсыг нуун хаацайлах биш, харин асуудлын учир начрыг нээлттэй ярилцаж ойлголцох явдал. Огтоос ярьж ч болдоггүй, яриад ч хүлээж авч ойлгодоггүй, хүч хэрэглэж, адгуус авирлаж, түүнээсээ таашаал авдаг “сэтгэлийн хоосролтнууд” өнөөгийн зарим айдаст гэр бүлийн тоог нэмж, олон арван бяцхан үрс үүний золиос болж байна. 
 
Доголон нулимстай ч инээгээд л эргэж хардаг нассан... Хэзээд хүний гарын дор байдаг өрөвдөлт бяцхан үрсийнхээ хүүхэд насыг битгий хулгайлаач.
 
ГЭГЭЭ
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл