Сарын сүүлээр байрны мөнгө, цахилгааны зардал хэд гарсан бол, алданги хэдэн төгрөг тооцсон бол? Эдгээр асуултанд хариулт өгөхөөр хэтэвчээ аваад банк зорьдог хүмүүс ихэвчлэн эзэгтэй нар, ээжүүд байдаг. Цахилгаанаа яаж хэрэглэж байгаагаас шалтгаалан таны хэтэвчин дэх хэмнэлт хуримтлал үүсгэж чадна. Энэ удаад “Монголжингоо” эзэгтэй нар, ээжүүдийг гэртээ, гал тогоондоо цахилгаанаа хэмнэхэд нь туслахаар Эрчим хүчний зохицуулах хороог зорилоо.
Тогооны гаднах ёроолыг цэвэрлээрэй
Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын хэмжээ цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил байснаар та богино долгионы зуухнаас цахилгаан хэмнэж чадах нь. Мөн хоолны сав суулганы гапгах ёроол үргэлж цэвэр байх нь цахилгаан хэмнэх бас нэг арга болдог байна.

Өөрөөр хэлбэл та хоол хийж байхдаа тогооныхоо тагийг тэгш тавьснаараа хоол болгоход шаардагдах эрчим хүчийг багагүй хэмжээгээр нь хэмнэж чадна. Битүү чанагч тогоо, жигнүүр бусад хоолны савнаас тогийг 70 хувь хэмнэдэг байна.
Цонхон дахь цахилгаан хэмнэлт
Цэлгэр цэвэрхэн цонхтой өрөө хэчнээн саруул гэрэлтэй харагддагийг бид мэднэ. Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэл ашигласанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэдэг байна.

Тоос сорогчныхоо хүчийг тооцоолоорой

Та тоос сорогч авахдаа өрөөнийхөө шал, хивс цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй гэнэ. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчийг удаан хэрэглэхээс гадна эрчим хүч хэмнэдэг байна. Тоос сорогч их чадалтай байх нь чухал биш гэдгийг санаарай.
Хөлдүү хүйтэн хүнс цахилгаан их шаарддаг

Эзэгтэй нар ихэвчлэн богино долгионы зуухыг бага хэмжээний хүнс боловсруулахад ашигладаг. Ингэхдээ хүнсний зүйлийг хөргөгчнөөс гаргаж, тасалгааны температурт хагас цаг орчим байлгаснаар цахилгаан хэмнэх бас нэг арга болдог байна.
Том хөргөгчнөөс татгалзвал яасан юм бэ
Хөргөгчийн хэмжээ танай ам бүлийн хэрэгцээнд таарсан, мөн тасалгаа бүртээ темпертурын тохируулагчтай хөргөгч сонгоорой. Хэт том хөргөгч хэлбэр загвар сүрээс цаашгүй гэдгийг бас бодох л ёстой юм байна. Хөргөгчний хүнс хадгалалтын хэсэгт +3 хэм, хөлдөөх тасалгаанд -18 хэм дээр тохируулгаа тааруулснаар бас нэг хэмнэлт болно.

Мөн халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй. Мөн хөргөгчийг плетка, ус буцалгагчийн ойр тавих нь илүү их эрчим хүч зарцуулахад хүргэдэг байна. Тухайлбал, хөргөгчийг 30-50°С хэмтэй бөхчим халуун өрөөнд байлгах нь энгийн үеээс хоёр дахин их эрчим хүч зарцуулагддаг байна.
Индүүн дэх температур бүрийг ашиглах боломжтой

Та индүүдэх бүх зүйлээ нэг дор цуглуусны дараа индүүгээ залгаарай. Хувцасны төрөлдөө тохируулж индүүдэх нь эрчим хүч, цаг хугацаа хождог байна. Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдээд дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй. Тэгээд индүүгээ салгаад халуунд тэсвэргүй зүйлийг индүүдээрэй.
Зурагтны улаан гэрэл унтрааснаар 3000 төгрөг хэмнэнэ

Зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул багагүй цахилгаан ашигладаг байна. Эдгээр цахилгаан хэрэгслийг бүрэн унтрааснаар цахилгаан хэмнэх нөхцөл бүрддэг байна. Тухайлбал, зурагт 21 цаг standby байснаар гурван цаг асаалттай байсны 40 хувьтай тэнцэх эрчим хүч зарцуулдаг байна. Мөн зурагтны улаан гэрлийг унтрааж байснаар сард 3000 төгрөгийг хэмнэж чадах юм байна.
