1. “Алтан тахиа” шагналын эзэн Бадмаа
Гирин мужид 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан Хятад улсын 30 дахь удаагийн кино урлагийн “Алтан тахиа” шагнал гардуулах ёслол дээр Өвөр Монголын Үндэстний дуу бүжгийн дуучин Бадмаа “Норжмаа” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон. Тэрээр жүжиглэх ур чадвараараа улсын дотоодын алдарт жүжигчин Жао Вэй, Тан Вэй, Лю Жүн нараас цоройлж энэхүү амжилтад хүрсэн байна. Хятад улсын кино урлагийн “Алтан тахиа” шагнал нь Хятадын кино урлагийн мэргэжлийн түвшний хамгийн өндөр шагнал мөн. Энэхүү шагнал нь 30 дахь жилдээ олгогдож байгаа бөгөөд нийт 4 монгол жүжигчин тус шагналыг хүртэж байсан түүхтэй аж. Жүжигчин Бадмаа дөрөв дэх монгол жүжигчин юм.

2. Сагсчин Баатар
Хятад улсын алдарт тамирчны нэг болох Өвөр Монголын Ордос хотын Хангин хошуунд нутагтай Баатарын сагсан бөмбөгийн спортын түүхэнд оруулсан хувь нэмрийг дурдууштай билээ. Тэрээр NBA-ийн хамгийн дээд шагнал “Алтан бөгж”-ийг хүртсэн Хятад улсын анхны тамирчин болно. Мөн CBA-ийн хамгийн үнэтэй тоглогч, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байранд удаа дараалан шалгарсаар иржээ. Баатар 25 жил сагс тоглосон түүхээ эцэслүүлэхээр “Баатарын сагсан бөмбөг” болон Баатарын албан ёсоор зодог тайлах ёслолоо Бээжин хотод 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулсан. 40 насны дөрөө шүргэж яваа Баатар өөрийнхөө хамгийн эцсийн тэмцээнээрээ албан ёсоор зодог тайлснаа зарласан байна.

3. “Хятад улсын содон дуу”-ны манлай “Хангай” хамтлаг
“Хангай” хамтлаг 3 дугаар сарын 13-ны өдөр төв телевизийн III сувгийн “Хятад улсын содон дуу” тэцээнд “Галбын орчил” дуугаараа тэргүүн байранд орсон. Энэ нь улсын дотоод гадаадын үзэгчдэд монгол дуу урлагийн ид шидийг гайхуулсан явдал болсон байна. Монгол язгуур урлагаа дэлхийн рок урлагтай уялдуулсан “Хангай” хамтлаг 2005 онд байгуулагдаж, одоогоор 7 гишүүнтэй бөгөөд 10 жилийн хугацаанд 6 тивийн 70 гаруй улсад 500 гаруй тоглолт хийсэн байна. Ази тивийн хамгийн том рок урлагийн наадам болон дэлхийн рок урлагийн наадамд олон удаа оролцсон “Хангай” хамтлагийн фенүүд 800 мянгыг давсан байжээ.

4. Гурван алтны эзэн “Аян” хамтлаг
Болгар улсад 8 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд V удаагийн Дэлхийн дуу хөгжмийн урлагийн шилдгийг шалгаруулах тэмцээнд “Аян” хамтлаг гурван алтан медалийн эзэн болсон байна. Дэлхийн дуу хөгжим, урлагийн шилдгийг шалгаруулах уг тэмцээн нь дэлхийн олон улс үндэстний ардын дуу урлагийн хамгийн дээд хэмжээний тэмцээн болно. 2009 онд байгуулагдсан “Аян” хамтлаг 7 гишүүнтэй, монгол үндэстний язгуур дуу хөгжмийн хамтлаг болно.

5. Хурдан хүлэгтэй Сэргэлэн
Хятад улсын цөөн тоот үндэстний спортын X наадмын морин спортын 1000 метрийн тэмцээнд Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн Сэргэлэн тэргүүн байранд орсон байна. Тэрээр хайртай хүлэг “Мэн Жүнь Рүн Юй ”-тайгаа 1 минутад 4 секундын дүнгээр манлайлж, Өвөр Монголын төлөөлөгчдийн багтаа тухайн наадмын анхны алтан медалийг авч ирсэн байна.

6.Алтан микрофонтой Амгалан
Тунляо хотын Зарууд хошуунд төрж өссөн Амгалан “Хорчин эгч дүү” хамтлагийн дүү нь болно. 2007 онд олон улсын уртын дууны тэмцээний шилдэг шагнал хүртжээ. 2009 онд “Гимлайн гүнж” хэмээх анхны цомгоо гаргасан бөгөөд тухайн жил Герман улсад тоглолтоо амжилттай хийсэн байна. 2015 оны 3 дугаар сард “Байлдах тусам эрэлхэг” алтан микрофоны эзэн болж, ая дуугаараа үзэгч олондоо танигдсан монгол залуу дуучин билээ.

7. Аварга Алтансүхийн хайрын хандив
Аварга Алтансүх 2014-2015 оны Хасар бөхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж 300 мянган юаний шагнал хүртсэн байна. Шагнал авсны маргааш буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Өвөр Монголын Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цусны өвчтэй бяцхан Идэрийн эмчилгээний зардалд хандив өгсөн нь Хөххотод хөлсний ажил хийж амь зуудаг эцэг эх хоёрт нь маш том тус болсон байна. Алтансүх Улаанхад хотын Баарин зүүн хошуунд төрж өссөн байна. Чөлөөт бөхөөр гараагаа эхэлсэн тэрээр 13 жилийн хугацаанд улсын хэмжээний том бага тэмцээнд 6 мөнгөн, 4 хүрэл медаль хүртжээ.

8.Ази тивийн алт мөнгөн медальт Равад
“2015 оны Ази тивийн Олон улсын урлагийн наадам” Малайз улсын нийслэл Куала Лумпурт 2015 оны 8 дугаар сарын 1- 4-ний өдрүүдэд болж, Ази тивийн Олон улсын уран бүтээлчид хэдэн мянган бүтээлээр оролцсон байна. Өвөр Монголын хөгжмийн зохиолч Равадын зохиосон “Үүлэн цэнхэр нутаг” ба “Тал нутаг таныгаа даллана” хэмээх хоёр бүтээл нь хөгжмийн зохиолчийн алтан медаль болон дууны үгийн мөнгөн медаль хүртэв.

9.Бичил киноны найруулагч Үүрцайх
Бээжин хотноо зохион байгуулагдсан “Жин Хуа” бичил киноны анхны тэмцээнд дэвшүүлсэн 700 гаруй бичил киноноос Өвөр Монголын ”Ээжийн чанасан цай 2 ” кино нь шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин, кино зохиолын II байрын шагнал зэрэг гурван том шагналыг хүртжээ. “Ээжийн чанасан цай 1” нь өнгөрсөн зуунд болсон Шанхай хотын гурван мянган өнчин хүүхдүүдийн түүхээс сэдэвлэсэн бөгөөд монгол ээжийн ариун цагаан хайрыг гол болгосон байдаг. Бичил кино “Ээжийн чанасан цай 2” нь Хонконгийн наймайчин Жао Жяхүй болон монгол бүсгүй Туяа нар нэг нэгийгээ түшиж бизнес эрхэлж буй түүхээр гол сэдэв болгосон байна. Тус бичил киног залуу дуучин, найруулагч Нарс, дуучин Үүрцайх нар хамтран бүтээсэн байна.

10. Шог зураач Б.Билиг
Дэлхийн шог зураачдын холбооны Хятад улс дахь салбар холбооны гишүүн, Хятад улсын шог зургийн “Алтан бич” шагналт, алдрат шог зураач юм. Б.Билгийн шог зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Өвөр Монголын уран зургийн галерейд болж байсан. Алдарт зураач Б.Билиг 1993 онд “Хэ Наньны шог зургийн сарын сэтгүүл” болон “Өвөр Монголын Өдрийн Сонин” дээр ууган бүтээлээ нийтлүүлж, 1995 онд Олон улсын шагналыг анх хүртэж байсан бөгөөд өнөөдөр дэлхийн тэргүүн байрын шагналыг 5 удаа хүртсэн байна. Түүний 200 гаруй бүтээл нь дэлхийн 46 улс оронд Олон улсын шог зургийн үзэсгэлэн буюу тэмцээнд сонгогдон шалгарч, 200 гаруй удаа шагнал хүртэж байв. 2015 оны 6 дугаар сард Ливан улсад болсон Олон улсын үзэсгэлэнгийн тэргүүн шагналын эзэн, 9 дүгээр сард Серби улсад болсон “Дайны эсрэг” хэмээх сэдэвтэй Олон улсын үзэсгэлэнд ч амжилт дүүрэн байсан байна. Б.Билиг 2006 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хувь хүний бие даасан уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан түүхтэй бөгөөд 2007 онд болсон Олон улсын шог зургийн тэмцээнээс Хятад улсын арван шилдэг зураачийн нэгээр шалгарсан байна. Түүний шог зураг нь яруу тансаг өнгө төрхтэй, монгол нутгийн одоо үеийн айл амьдрал, байгаль орчин, экологи зэргээс сэдэв авсан байдаг нь бусад зураачдаас ялгагдах өвөрмөц онцлогтой.
