solongonews
“Хөххотын хавар” яруу найргийн наадам, “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдаан
2016-05-31 12:13
“Хөххотын хавар” яруу найргийн наадам,
“Хосгүй эгшиглэн” уран уншлагын
уралдаанû òóõàé

       ӨМӨЗО-ны Хөххотноо суралцагч яруу найраг, утга зохиолд сонирхолтой Монгол Улсын болон Өвөр Монголын нийт оюутан залууст зориулан тэдний чөлөөт цагийг бүтээлч өрнүүлэх, хэл соёлоо, яруу найргийг хүндэтгэн хайрлах сэтгэлгээг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хөххотын хавар“ яруу найргийн наадам, “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдаан Хөххот Үндэстний Туршилтын сургуулийн /ХҮТС/ урлагийн танхимд тавдугаар сарын 21-ний өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагааг Өвөр Монгол дахь Монгол Оюутны Холбоо /ӨММОХ/, яруу найраг сонирхогч оюутан залуусын “Хөх гудамныхан” бүлгэм, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар, Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр Өвөр Монголын Солонго мэдээллийн төв ажиллалаа.

 

Ерөнхий ивээн тэтгэгчээр тус наадмыг байнга дэмжиж ажилладаг Өвөр Монголын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлгөөний Сэтгүүлийн хорооны найруулагч, Өвөр Монголын нэрт яруу найрагч Шагдарын Мэргэн тэргүүн байрын эздийг тус бүр нь 1500-2000 юаний үнэ бүхий чулуун сийлбэрээр шагнаж урамшуулсан юм. Мөн ивээн тэтгэгчээр Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэг, Хөххотын “Алтан хүрд” соёл дэлгэрүүлэх ХХК оролцсоноос гадна Монгол Улсаас Хөххотод амьдарч буй иргэн Б.Цэндээжав “Хосгүй эгшиглэн” монгол шүлэг уран уншлагын уралдааны гуравдугаар байрын эзнийг хувиасаа дэмжин шагнаж урамшууллаа.

Нээлтийн ёслолд ӨММОХ-ны тэргүүн Б.Одбаяр, Солонго мэдээллийн төвийн Цахим мэдээллийн албаны дарга С.Саранчимэг нар оролцож үг хэлсэн юм. Түүнчлэн МУСТА, Өвөр Монголын Урлагийн Их Сургуулийн /ӨМУИС/ морин хуурын багш, морин хуурч Б.Баттулга, МУСТА, Япон улсад зохиогдсон Олон Улсын хөгжмийн наадмын Гранпри шагналт, морин хуурч Х.Алтантуг нар яруу найргийн наадмын нээлтийг морин хуурын тэнгэрлэг аялгуугаар мялаалаа.

 

 

“Хөххотын хавар” яруу найргийн наадамд өөр өөр сургуульд янз бүрийн мэргэжлээр суралцдаг оюутан залуус нэг тайзнаа өөрсдийн бичсэн шүлэг найргаар өрсөлддөг. Энэ жил тэргүүн байранд ӨМИС-ийн оюутан Ц.Жаргалцэцэг, дэд байранд ӨМИС-ийн оюутан Р.Болорцэцэг, гутгаар байранд ӨМИС-ийн оюутан Б.Мөнгөнтулга нар шалгарлаа.

Улмаар хоёр орны оюутан залуусын хэл соёл, яруу найраг, утга зохиолоо хүндэтгэх сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн уран уншлагын “Хосгүй эгшиглэн” уралдаан зохиогдож эхэлсэн. Энэхүү уралдаанд оюутан, сурагчид хятад, монгол шүлгийг тайзнаа уран унших ур чадвараараа өрсөлддөг. Тус удаагийн монгол шүлэг уран уншлагын уралдаанд Хөххот Үндэсний Туршилтын сургуулийн сурагч С.Цэцэглэн тэргүүн байр, “Баатар” язгуур урлагийн сургуулийн сурагч Ө.Аруухан дэд байр, ӨМАҮИС-ийн оюутан Н.Нямсүрэн гутгаар байрын шагнал хүртсэн юм.

“Хосгүй эгшиглэн” уралдааны хятад шүлгийн уран уншлагын тэргүүн байрын эзнээр ХХҮТС-ийн сурагч Н.Будсанаа, дэд байранд ӨМАҮИС-ийн оюутан Э.Мядагцэрэн, ӨМАҮИС-ийн Н.Нямсүрэн нар гутгаар байранд тус тус шалгарлаа.

Шүлэг найраг, уран уншлага хосолсон энэхүү наадмын ерөнхий шүүгчээр Монгол Улсаас Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн /ШМУЗН/ Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Соёл урлагийн редакцийн албаны дарга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва уригдаж ажиллалаа. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд Өвөр Монголын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлгөөний Сэтгүүлийн Хорооны найруулагч, ерөнхий ивээн тэтгэгч, Өвөр Монголын нэрт яруу найрагч Шагдарын Мэргэн, Өвөр Монголын радио, телевизийн нэрт хөтлөгч, яруу найрагч Намжилын Насан, Өвөр Монголын Урлагийн Их Сургуулийн дэд профессор, доктор, Монгол Улсын СУИС-ийн Хятад хэлний оюутны холбооны тэргүүлэгч Жигмэддоржийн Бүрэнбаяр, ШМУЗН-ийн гишүүн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гишүүн, МЗЭ-ийн “Г.Сэр-Од”-ын нэрэмжит шагналт яруу найрагч Энхбаатарын Үржинханд нар шүүгчээр ажилласан юм. Энэ удаагийн наадамд шалгарсан шилдгүүдийг шүүгчид хувиасаа урамшуулж, өөрсдийн уран бүтээлээрээ номын бэлэг барьлаа. Ийнхүү Хөххотноо суралцагч юутан залуус маань яруу найраг уянгалсан нэгэн өдрийг шинэ ололт амжилтаар дүүрэн өнгөрүүлэв. Энэ жилийн хувьд Монгол Улсаас тусгайлан шүүгч урьснаас гадна шагналын сан, оролцогчдын идэвх, шинэ содон шүлгүүд нь яруу найргийн наадмын онцлог болж, наадмын цар хүрээ өргөжин тэлж буйг харуулж чадлаа. Дашрамд дурьдахад, Хөххотноо суралцагч яруу найраг, утга зохиолд сонирхолтой оюутан залуусын “Хөх гудамныхан” бүлгэмийн энэ оны дугуйлангийн нээлтэд яруу найрагч П.Нямлхагва, Хөххотын “Алтан хүрд” соёл дэлгэрүүлэх ХХК-ний захирал, яруу найрагч Б.Хасбилэг нар оролцож яруу найраг, утга зохиолын тухай лекц уншиж, оюутан залуустай нөхөрсөг ярилцлага өрнүүллээ.

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл