Өвдгөө шалбалсан ч босоод гүйх тэнхээтэй байгаарай
2015-12-28 18:21
Амьдрал тэр чигээрээ аз жаргал, сайн сайхан хэмээх бариатай уралдааны талбар шиг санагддаг юм. Олон ааш аяг, идэвхи зүтгэл, санал санаачлагаасаа шалтгаалаад мянга мянган бүсгүй өөр өөр тойрог замаар нэгэн зүгт уралдана.
Тамирчин бүр шударга өрсөлддөгүйг та мэднэ дээ. Өөрөө ялахын тулд чамайг ямар ч эрсэлдэлд оруулж, яаж ч хохироож болзошгүй. Тиймээс бүсгүй минь хором бүр сэрэмжтэй байж, барианд хялбархан хүрэх бүх арга чаргаа хай, ухаанаа сийл. Хэн нэгэн өөдгүй хүний өөдөлтөнд бүдэрчихээд уйлж суух уу, эсвэл хүчтэй унаж, өвдөг тохойгоо шалбалсан ч хамаагүй, шүд зуун босож цааш уралдах уу? Эцсийн эцэст тэмцлээ үнэнчээр үргэлжлүүлсэн нь л ялдаг. Хэрвээ та ээж болсон бол цоо шинэ тэмцэл таны өмнө бий болсон нь гарцаагүй. Өөрөөл бусдаас гадна, өөртэйгээ уралдах цаг болсныг анхаараарай.

Үеийн бүсгүйчүүдтэйгээ хов жив ярьж өдөржин суучихаад хүү, охиноо “битгий хүн муулаад бай, муухай...” гэж зэмлэх нь хэр ончтой бол оо? Ажил амьдралдаа таарамж муутай хүмүүстэйгээ эв зүйгээ ололцдоггүй хэрнээ өөрөөс нь бүхнийг сурч байгаа хүүхэддээ “бүх хүнтэй эвтэй найртай бай” гэж сургамжилж чадах уу? Үнэндээ аав ээжийгээ толины тусгал шиг л дуурайх ангаахай үрээ сайн хүн болоосой гэж хүсдэг бол та өөрөө өөртэйгээ уралд.
Таны сайн сайхан, аз жаргалын төлөөх уралдаан тэмцэл үнэндээ үр хүүхдийнхээ төлөө болж хувирсан. Худлаа биш гэж үү? Тиймээс амьдралын тойрог замд хэн унаж тусан, хэн нь хоцорч чирэгдэж байгаа нь танд чухал биш. Харин гэрэл гэгээ болсон үр хүүхдийнхээ төлөө та унаж ганхахгүй хүчирхэг байх ёстойгоо хэзээ ч бүү мартаарай. Та ирээдүйд хүү, охин тань ямар байхыг хүсдэг вэ? Яг тэр хүсэл шигээ өөрөө эхлээд өөрчлөгд, алдаа дутагдлаа ахин дахин засаарай.
Чадахгүй гэсэн бүхнээ чад. Өхөөрдөм хөөрхөн үрийнхээ өмнө өстөнтэйгээ ч инээмсэглэж ярь, өөрөөс чинь уужуу ухааныг сураг тэд минь. Эгдүүдтэй жаахан хүүхдийнхээ өмнө эрдэмтэн шиг л судалж сур, эхнээс нь байсан ч хамаа алга. Эрдэм мэдлэгт шунахын гайхамшгийг танаас л өвлөг тэд минь. Өөдсхөн жаахан үрсийнхээ өмнө өвдгөө шалбалаад уйлах хүүхэд шиг аашилж болохгүй дээ, болохгүй.
Шүдээ зуугаад ч хамаагүй өөртэйгээ уралдаж, шинэ дүр төрхөө өдрөөс өдөрт бүтээгээрэй. Хүү, охин тань таны толинд тусах тусгал гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Өөр хэнтэй ч биш өөртэйгээ тэмц. Өвдгөө шалбалсан ч босоод гүйх тэнхээтэй байгаарай, бүсгүй минь.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
