solongonews
3 сая дахь иргэн хэний хүүхэд байх бол?
2015-12-28 18:21
Удахгүй мэндлэх үрээ тээн, цаг хугацаатай уралдан хүлээлт хөврүүлсээр суугаа ээжүүдийн маань хэний хүүхэд Монгол Улсын 3 сая дахь иргэн болох бол. Энэ хүлээлт, таавар, оньсого болон монголчуудыг догдлуулан буй агшин хэзээ тохиох бол.
Юун түрүүнд Монголын үрс  маш олон болтугай гэсэн ерөөлийн биелэл болон мэндлэх энхрий нялх үрсийг хэнийг нь ч алагчлалгүй аз жаргал, баяр хөөр, элэг бүтэн энх мэнд амьдралаар бурхан шагнах болтугай хэмээн хүн бүр л хүсч байгаа. Заавал 3 сая дахь иргэн болсон ч бай болоогүй ч бай эрүүл саруул үрс эх дэлхийдээ жаргал нэмэн мэндлэх нь л ерөөс чухал шүү дээ. 
 
Төрийн дээдчүүлийн ярьж буйгаар Монгол Улсын маань иргэний тоог саяар нэмэх тэр нялх үрд олон бэлэг бэлдээд буй аж. Ингэхдээ 3 сая дахь иргэн мэндэлсэн тэр өдөр төрсөн бүх хүүхдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах тухай зарлагдаад байна. 
 
Мэдээж, энэ бол маш гайхамшигтай сайхан мэдээ. Гэхдээ аав ээждээ аз жаргал болон мэндлэхээр зэхэж буй бяцхан үрс маань эрүүл энх байх нь хамгийн чухал юм шүү. Тээж буй хүүхдээ 3 сая дахь иргэнээр тодорхойлуулахын тулд хугацаанаас нь өмнө хагалгаагаар төрүүлэх явуургүй, хүүхдэд ч халтай аргыг эхчүүд маань сонгохгүй гэдэгт ч итгэж байна. 
 
Байр, машин, олон сая төгрөгөөр шагнах нь сайхан ч хамгийн гол зүйл бол цагийн юм цагтаа гэдэг үгний биелэл билээ. Ямартаа ч эхчүүд маань дор бүрнээ л дээрх тодорхойлолтод хүүхэд нь багтах эсэхийг тэсэн ядан хүлээж суугаа. Ямар ч хүүхэд ээждээ хэчнээн ч сая төгрөгөөр үнэлэхийн аргагүй гайхамшигт эрдэнэ учраас заавал 3 сая дахь иргэн болсон, болоогүй ялгаа байхгүй гэдгийг дахин бичмээр санагдлаа. Эх, хүүхдийн бие эрүүл байж, энхрий үрс энх амгалан өсч торнивол түүнээс илүү жаргал энэ орчлонд үгүй билээ. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл