Өнөөдөр би бичгийн хоргоноосоо элэгдэж хуучирсан СD тоглуулагчаа гаргаж дуучин Д.Отгонжаргалын Монгол Улсын симфони найрал хөгжмийн ангитай хамтран дуулсан “Тал ээж хоёр” нэртэй дууг сонсож сууна.
Цаг хугацаа юутай хурдан өнгөрнө вэ, нэг л санахад урин цаг наашилж, хаваржааны нярай энхрий салхи эх газрыг илбэн модод баясан тэргүүн өргөвэй. Дуучин Д.Отгонжаргалтай би өнгөрсөн жил Улаанбаатар - Хөххот чиглэлд хөөрөх онгоцонд танилцсан юм. Бид Улаанбаатарт болсон “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийн сурвалжлах ажлаа дуусгаад буцах боллоо. Онгоцонд ажлын алжаал, нойрны буданд үүргэлэн дугхийх зуур хажууд нэг хүн ирж суув. Харсан чинь кинонд гардаг Өөлд бүсгүй буюу Зүүнгарын хааны хатан шиг харагдлаа. “Та Ану хатан мөн биз?” гэж асуусанд нөгөө бүсгүй толгой дохин инээмсэглэж байлаа. Отгонжаргал бид хоёр ингэж танилцан нэг замын турш дуу хөгжим, амьдрал, урлагийн тухай олныг хөөрөлдөлдсөөр Хөххотноо хүрч ирсэн юм.
“Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн эксло”-гийн тоглолтонд Отгонжаргал оролцож хүмүүсийн сайн мэддэг “Хун галуу” дуугаа дууллаа. Хөххотод байсан өдрүүдэд бид түүнээс ярилцлага авч, бичлэг хийв. Өнгөрсөн жил Отгонжаргалтай хийсэн ярилцлагыг туурвих гэхэд ажил ихтэйн улмаас сэтгэлд минь дэлгэрэх тоорын цэцэгтэй хамт дуучин Д.Отгонжаргалын тухай баримтат эсээгээ өдгөө ийнхүү эхлүүлж байна.
Мөрөөдөл биднийг учруулж, сайн сайхны зүг хөтөлдөг.

Дуучин Д.Отгонжаргал 1983 оны 12-р сард Монгол Улсын Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэн Балчирын Хөндий гэдэг нутагт Өөлд ястан Бадарчийн Даваасүрэн, Т.Жүгдэр хоёрын зургаан хүүхдийн отгон нь болж заяажээ. Заг сум бол хангайн сум, дундаа олон голтой, эртний түүхт Өөлд нутгийн ивээлт нарны буурал туяа, ухаант өвгөдийн үе үехэн аялдаг ардын дуу нь Отгонжаргалд анх урлагийн шимийг хүртээжээ.
Тэр хүүхэд ахуйгаасаа л дуулахыг мөрөөддөг, тиймдээ ч ганцаараа Загийн голын Хөвөөнд суугаад дуулдаг байсан гэнэ. Аав нь жолооч, сайн дуулдаг учир театрын дуучин байсан аж. Түүнийг бага байхад нь аав нь хүүхдээ дагуулаад ачааны машинаа бариад аймгийн төв орж наадамд дуулдаг. Тэгээд наадмын хуушуур авч өгч хүүхдээ баярлуулдаг байсан. Аав нь ном их уншдаг байсан бөгөөд гэрт нь орос хэл болон монгол бичгээр бичсэн ном их байдаг. Хүүхдүүддээ ном унш, түүнээс өөрсдийнхөө ертөнцийг ол гэж захидаг байсан. Даанч харамсалтай нь түүнийг тавхан настай байхад нь аав нь өвчний улмаас энэ хорвоогоос халин оджээ. Үдлээд өнгөрөх цаг хугацааны хүрд хайр найргүй хамгийн хайртай хүнийг нь булаан оджээ. Тэрээр аавыгаа санана, аавыгаа дуулна…
Уудам талын цэцгүүд нь гэзгийг минь сүлжээд ургалаа
Уул шиг нөмөртэй аавынхаа энгэрт нь эрхэлж өслөө, би
Сэрүүн цагийн навчис нь ганц нэгээр уналаа даа
Сэтгэл дүүрэн нулимстай таныгаа хүү нь санах юм…

Аав нь бурхан болсны дараа удалгүй тэднийх Дархан хотод нүүж ирлээ. Ээж нь таван хүүхдээ хүний зэрэгт хүргэхийн төлөө олон ажил хийж, хүнс зарж дэлгүүр ч ажиллуулж үзэв. Отгонжаргал арван жилийн дунд сургуулиа Дарханд дүүргэсэн, хөдөлгөөн ихтэй сахилгагүй хүүхэд байсан бөгөөд сагсан бөмбөг сайн тоглодог. Бүжгийн болон хөгжмийн дугуйлан, уран зургийн дугуйланд явдаг. Бүр уран зургийн хичээлд сонирхолтой, түүгээрээ хавь ойрынхноосоо өндөр үнэлгээ авдаг байв. Харин аль нэг өдөр дуучин болно гэж хэн ч бодоогүйн дээр өөрөө ч мэдээгүй явлаа.
Өнгөрсөн зууны ерээд оны эхээр дэлхийн үзэгч түмнийг шуугиулсан “Титаник” кино гарав. Киноны гол дуу ч залуучуудын дунд хит болж байсан цаг. Уян зөөлөн хоолойтой Сеlinе Diоn-ы дуу аравдугаар ангид суралцаж байсан жаахан охин Отгонжаргалд эрхгүй нөлөөлжээ. Дуунуудыг нь дагаж дуулаад байхаар бас болох ч юм шиг санагдаад л байлаа. Тэрээр энэ цагаас л эхлэн сонгодог дуурьд татагдаж, дуучин болно гэсэн нууцхан мөрөөдөл хөврөв. Хэзээ нэгэн цагт энэ мөрөөдөл маань биелнэ гэдэгт итгэлээ. Тэгээд “Би дуучин болно, соёл урлагийн сургуульд шалгалт өгнө” гэж ярихад нь олон хүмүүс гайхаж байлаа. Гэр бүлийнхэн нь ч хүлээж авахгүй байв. Отгонжаргал багаасаа өөрөө өөртэйгээ их ярьдаг хүүхэд байсан, их олон хүмүүсийн эсэргүүцлийн өмнө тэр өөрөө шийдвэр гаргаж чадсан, түүнийхээ тулд маш их хичээн чармайсан юм.

“Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй” гэдгээр урлагийн ертөнц, урлагийн бурхан түүнийг тольдож 2001 онд Соёл Урлагийн Их Сургуульд дуурийн гоцлол дуучин мэргэжлээр ардын багш О.Ичинхорлоо багшийн сурагч болж элслээ. СУИС-д сурах эхний хугацаандаа эгч нь түүний өмнөөс сандарч шалгалт болгонд нь суугаад үр дүнгээ авдаг байлаа. Тэгээд бэлтгэл курс төгсөхөөр нь:
- Миний дүү хичээвэл бас сайн дуучин болох ч юм шиг байна, эгч нь зураг зур гэж чамайг дахиж шаардахгүй гэж хэлээд явсан гэдэг. Үүнд үнэхээр Ичинхорлоо багшийг дурдахгүй байхын аргагүй, сайн багш гэдэг дуучдын авьяасыг эрт танин, хөгжүүлэхийн тулд хүмүүжүүлж чаддаг аж. Ичинхорло багш Отгонжаргалыг танин хөгжүүлж, тэр чанараараа Отгонжаргал сайн дуучин болсон гэдэг.
Америкийн нэрт дуучин Воь Dуlаn нэгэнтээ:
- Хэн ч намайг орлож чадахгүй, миний хийж чадах ганц зүйл бол би өөрөөрөө байх явдал юм гэж ярьсан байдаг. Дуучин Отгонжаргал 2006 онд СУИС төгсөхдөө “Ээждээ бичсэн захидал” нэртэй анхны уран бүтээлээ олон түмэнд хүргэлээ. Энэ дууны шүлгийг З.Түмэнжаргал, аялгууг хөдөлмөрийн баатар Б.Шарав гуай зохиосон юм. Дараа нь Б.Шаравын хөгжим, Л.Өлзийтөгсийн шүлгээр бүтсэн “Өнө мөнхийн орон”-оо олон нийтэд таниулав. Энэхүү хоёр дуугаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлж билээ. Монгол Улсын филармоний гоцлол дуучнаар долоон жил ажиллав. Өөрийн болгож амжаагүй зүйлийг тайзанд гарч дуулж чадахгүй, тиймээс дуу хөгжимд нарийн судалгаа хийх хэрэгтэй. Байнга сурч л байх хэрэгтэй гэдгийг Отгонжаргал эрт ухаарч, алс далайн тэртээх Мальта арлыг чиглэн суралцах аяндаа гарлаа.

Мальта арал бол Газар дундад тэнгисийн элгэнд байдаг жижигхэн арлын улс юм. Дөлгөөн татрах тэнгисийн усан эх орон, элгэн саднаасаа холдсон түүний сэтгэлийг аргадна. Сэтгэлийн их давалгаа нь хөгжим сонсож тайтгарна. Яг энэ үеэс Японы нэгэн хийлийн ая түүнийг догдлуулж орхив. Интернетээс хайгаад үзвэл Өвөр Монголын Баяннуур аймгийн “Хун галуу” нэртэй ардын дуу байлаа. Тэгээд Монгол Улсын хошой шагналт Н.Жанцанноров багштайгаа холбогдон “Хун галуу” дууны шүлэг ба яаж дуулах тухай зөвлөгөө авч өглөө үдэшгүй дуулж үзлээ. Эхлээд чадахгүй, кинонд дуулж байгаа юм шиг, дуулалтын хувьд гарч буй сэтгэл хөдлөл бол огт өөр. Урлагийн их эрэл дунд уран бүтээлчид өөрийгөө олж, өөрийгөө ялна гэдэг хамгийн том даваа юм. “Аав ээж минь энд ирээсэй, хонуут өнжүүт найрлая” хэмээн Отгонжаргал өөрөө тэрхүү хун шувуу болж, үгийг нь аялан тогтоов. Энэ утгаараа түүнд хамгийн их мэдрэмж, сэтгэл зүйн бясалгал шаардсан бүтээл нь даруй энэхүү “Хун галуу” дуу буюу. Энэ дуунд сүнслэг ертөнц оршдог гэдэгт тэр итгэдэг. “Хун галуу” дуу анх телевизийн “Урилга” нэртэй нэвтрүүлгээр дамжин олны сонорт хүрчээ. Энэ дуугаараа дуучин Хятадын олон тоглолтод уригдаж, олон зуун хүмүүст таашаагдан, байлдан дагуулж чадсан билээ.
Дуучин хүн дууг уйлж мэдэрч дуулах ёстой доо.
Отгонжаргалын дуу бүтээлийн хувьд ардын дуу болон бэсрэг уртын дуунууд Өрнөдахины сонгодог хэлбэрээр дуулахыг хичээдэг. Тиймээс тэр дуулах бүтээлээ их бодож, судалдаг онцлогтой. Тэрээр залгаад “Тал ээж хоёр”, “Хайрлахын жаргал”, “Миний ээж тэмээчин”, “Өнө мөнхийн эх орон”, “Зандан хүрэн”, “Эх орон танаа” зэрэг олон сайхан дуугаа сонсогчид түмэндээ хүргэлээ. 2017 оны 07-р сард Өвөр Монголын Дэдмаа багштай хамтран дуурийн жүжиг “Хайр шингэсэн тоорой”-д гол дуучнаар уригдан Бээжин хотноо тоглов. Мөн “Ану хатан” түүхэн кинонд гол дүр бүтээж, ямар ч орлох жүжигчингүйгээр саадаг агсаж, морь давхиулан үзэсгэлэн төгс, чин ариун сэтгэлтэй, хатан зоригт домогт хатны дүрийг өөрийн дүр төрхөөр мөнхөлсөн нь түүнийг дуучнаас гадна, шаггүй жүжигчин гэдгийг илтгэсэн билээ. “Ану хатан” кино дэлгэцэнд гарсны дараа олон шүтэн бишрэгчид нь тааралдахдаа хормойноос нь адис авч байсан тохиолдол ч цөөнгүй. Энэ кино “Wаrriоr Рrinсеѕѕ” нэрээр Америкийн зах зээлд анх хөл тавьж, Liоnѕgатет зарагдсан анхны монгол кино болсон тул Отгонжаргал маань олон улсын тайзнаа гарч чадсан жүжигчин болсон юм.

“Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ” гэсэн мэдээг телевизээр үзэж, түүний:
- Залуу уран бүтээлчийг дэмжиж, урам хайрласанд баярлалаа. Уран бүтээлийг минь сонсож, надад урам өгдөг сонсогчиддоо баярлаж байна. Та нартаа одоогийнхоос илүү чанартай, хөдөлмөр шингээсэн бүтээл хүргэхийн төлөө хичээж ажиллана гэж хэлэхийг нь сонслоо.
Надад хамгийн гайхагдсан нь түүний эцэж цуцашгүй чармайлт, уйгагүй хөдөлмөр юм. Урлагийг бүтээхийн төлөө л бүтээх биш, “Заавал ийм байх ёстой” гэсэн эрхшээх сэтгэлийг тэвчих ёстой. Чөлөөтөй… бүх юм байгаагаараа л байх хамгийн чухал шүү дээ.
- Дуу хөгжмөөс л би хамгийн их тайвшралыг авдаг, заримдаа машинаа бариад хөгжим сонсож явахдаа уяраад тэсэхгүй замдаа зогсоод уйлчихдаг гэж надад ярьж байсныг нь санаж байна.
Хүмүүний орчлонд төрөөд амьдрах мянган шалтгаан бий. Харин дуу хөгжим бол Отгонжаргалын амьдрах шалтгаан биз ээ. Дуу хөгжим түүний дотоод ертөнц, баяр баясгалан, аз жаргал, гуниг зовлон. Уучлах, чин үнэнч байх, сэтгэлээсээ баярлах, гэгээн тунгалаг ариусгал гээд л үнэн, сайн, сайхны тухай мөрөөдөх. Энэ л бүхний дунд бид өөрөө өөрөөгөө олно. Тэгвэл дуу хөгжмийн чинад хязгаар чухам юу вэ.
Би түүнийг Загийн голын хөвөөнөөс ниссэн “Хун шувуу” гэж бодном.
Тэр бол зөвхөн сэтгэлээ, зүүдээ, төсөөлүүдээ, гэгээлэг, гал шиг шатдаг хайр гээд л бүр дотогшоо, өөрийгөө дуулдаг “Хун шувуу” юм.
Хээрийн цэцэгсийн ариун үнэр
Аялгуу хувилан
Цас цагаан өдөнд чинь шингэнэ
Гүн тэнгэрийн одод мичид
Симфони хөгжимдөн
Загийн голд чинь эгшиглэнэ
Зүүдэн далайн хүмүүн загасан
Бэлгэдэл хүүрнэн
Зөн билгийн тухай дуу аялна
Ай хөө, Загийн голын тэр цагаан хун
Эгшиглэнт тэнгэрийн гүнд ниснэ…
