
Аюушжав гуай Дархан Муумянган холбоот хошуундаа алдартай уртын дуу, ардын дуу дуулдаг малчин уран бүтээлч юм. Дуунд авьяастай тэр хар багаасаа малчин ээжийнхээ дуулахыг дагаж дуулсаар дуулж сурсан билээ. Багаасаа ямар ч шинэ дууг хоёр удаа сонсвол аяыг нь тогтоож чаддаг байсан нь гайхалтай билээ. Аюушжав гуай:
- Надад ээжээс минь өөр дууны багш гэж байгаагүй. Миний ээж сүрхий дуучин хүн байсан. Хааяа айлын хурим найрт залагдаж дуу дуулбал бүтэн өдөр бүтэн шөнө дуулаад дуугаа давтдаггүй олон дуу мэддэг. Би бага насандаа наалдаж суугаад дагаж аялдаг юм. Тэгсээр байгаад нэлээд олон дуу сурсан гэж эргэцүүлэн ярилаа.
Аюушжав гуай жаран нас хүртэл хөдөө суусан ч дуу дуулдаг болохоор орны зэрэглэл, хотын зэрэглэлийн ардын дуу, уртын дууны уралдаанд үргэлж идэвхтэй оролцож байсан бөгөөд олон арвин медалиар энгэрээ мялаалгаж байсан билээ. Дархан Муумянган холбоот хошууны Монгол сургууль олон төрлийн онцлогтой анги нээхдээ дууны ангийн сурагчдаа уртын дуу, ардын дуу заах хөтөлбөр гаргаж, Аюушжав гуайг урин дууны хичээл оруулах болсон нь хуучин дуугаа хэнд уламжлах билээ хэмээн эрэл болж байсан түүний санаанд таарчээ. Аюушжав:
- Надад хүүхдэд заах ардын дуу байхаас биш. Онолын мэргэжил гэж байхгүй. Мөн багш хүний туршлага гэж байхгүй. Гэхдээ хуучин нутгийн дуу, уртын дууг хүүхдүүдэд зааж уламжлах үүднээс уг үүргийг хүлээн авсан гэж байв.
Дуугаа дуулахаар сэтгэл сэргэдэг Аюушжав гуай хүүхдүүдтэйгээ хичээллэхээр цаг нь маш хурдан өнгөрдөг байна. Ер нь хуучин хүн болохоор дуугаа ч хуучин маягаар заана. Өөрөө дуулж хүүхдүүдэд сонсгох, дагуулж дуулах, хамтдаа дуулах арга хэлбэрээр заадаг. Хүүхдийн хоолойн өнгө тогтворжоогүй байдалд үндэслэн “Миний нутаг” зэрэг амархан дууг заадаг.
Хамтдаа дуулж бүжиглэн чөлөөтэй байдаг энэхүү хичээлд сурагчид маш сонирхолтой бөгөөд долоо хоногт нэг удаагийн хичээл ордог байна.
- Одоог болтол зургаан дуу заагаад байна. Хүүхдүүд их сайн дуулж байна. Хүүхдэд аяыг нь зөв аялж, үгийг нь тод хэлж, нугалааг нь эвтэй нугалбал болно гэж шаарддаг гэлээ.
