Хятадын Худалдааны яам энэ оныг "Хятадад хөрөнгө оруулах жил" болгон зарлаж, энэ хүрээнд хөрөнгө оруулалт татах сурталчилгааны олон ажил зохиов. Үндэсний эдийн засгийн хөгжлийн бүсүүд нь дотоод, гадаадын хүчин зүйлийн нөөцийг холбодог давуу талтай гэдгийг Худалдааны яамны албан тушаалтан танилцууллаа. Хятадад хөрөнгө оруулах, эдийн засгийн хөгжлийн бүсийг сонгох зэрэг нь үндэстэн дамнасан олон компанид өргөн хүрээтэй нийтлэг ойлголт болсон юм.
Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Ван Я:
- Үндэсний эдийн засгийн хөгжлийн бүсэд 4 сая гаруй аж ахуйн нэгж цугларч, гадаадын хөрөнгө оруулалттай 30 мянга гаруй аж ахуйн нэгж энд суурьшсан. Дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгж үндэсний эдийн засгийн хөгжлийн бүсэд 300 гаруй төв байр, судалгаа, хөгжлийн төвүүд байгуулсан гэж хэлэв.
Өнгөрсөн онд үндэсний зэрэглэлийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн гадаадын хөрөнгийн бодит ашиглалт, импорт экспортын хэмжээ нь Хятадын гадаадын нийт хөрөнгө оруулалт, импорт экспортын хэмжээний 20 гаруй хувийг эзэлжээ. Өнөөг хүртэл Хятадын хэмжээнд 31 муж (өөртөө засах орон, хот)-ыг хамарсан үндэсний хэмжээний эдийн засгийн хөгжлийн 230 бүс байгуулаад байгаа бөгөөд зүүн бүсэд 112, төв нутагт 68, баруун бүсэд 50 байгаа юм.
