Алтанчимэг гуай энэ жил 62 настай. Тэрээр 1971 онд ӨМӨЗО-ы нийслэл Хөххотод ирж амьдарсан болохоор Хөххотын өнцөг булан бүрийн өөрчлөлтийг сайн мэднэ. Алтанчимэг гуай Өвөр Монголын Спортын товчооны Морин спортын ангид ажиллаж байгаад тэтгэвэрт гарч, сургуулийн хүрээнд хүнсний дэлгүүр ажиллуулж байжээ. Харин одоо тэрээр Хөххотын “Монгол хот” худалдааны төвд гоёл чимэглэлийн дэлгүүр ажиллуулж байгаа юм.
- 1970-аад оны сүүл 1980 оны эхээр Хөххотод хоршоо дэлгүүр гэж тоотой хэд л байсан. Санаанд байгаагаас одоогийн Хөххотын төв вокзалын өмнө “Шилин ханган борлуулах хоршоо”, Жүншань гудамжинд “Лянь-Ин” дэлгүүр байсан гэж Алтанчимэг гуай эргэцүүлэн ярьж билээ.
Тухайн үед Хөххот жижигхэн хот байсан бөгөөд шинэ хот, хуучин хот гэж Жүншань гудамжаар тусгаарлагдаж байсан гэнэ.
Дэлгүүр хоршоо нь төрийн өмчийн хараанд байж, хүнс бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрээс мөнгөөр биш, харин тусгай хангалтын билетээр сольж авдаг байсан гэнэ. Өдөр тутмын бараа бүтээгдэхүүний төрөл зүйл цөөн, лангуун дээрээс зааж дохин худалдагчаар авуулан тооцоо хийдэг байсан учир сонголт бага байжээ. Дэлгүүрийн худалдагчид улсаас цалин авдаг “Төрийн албан ажилтан” байсан нь их сонирхолтой юм.
1984 онд болсон ХКН-ын II бүгд хурал дээр “төлөвлөгөөт эдийн засаг”-ыг хөгжүүлнэ гэж дурдсан байна. Тэр цагаас эхлэн хувийн дэлгүүр олон болж, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгджээ. Хүмүүс том дэлгүүрүүдээр явах болж, охидууд нь том дэлгүүрүүдэд ажилд орохыг мөрөөддөг цаг үе болсон байлаа. Хөххотын Жүншань гудамжаар жишээ татахад Үндэстний дэлгүүр, Тяньюань зэрэг том дэлгүүрүүд худалдааны төвүүд гарсан юм. Брэнд худалдаа, төрөлжсөн дэлгүүрүүд ч улмаар нэмэгдэн, супермаркет ихээр газар авч, “Лангууны худалдаа” супермаркетаар солигдлоо. Том аж ахуйн нэгж, гадаад хөрөнгө оруулалт орж ирэхийг дагаад том барилга бүтээн байгуулалтай дэлгүүрүүд ар араасаа гарч, бүс нутаг хот суурингийн төлөөлөгч барилга боллоо.
Өнөөдөр гэхэд цахим худалдаа хөгжиж хүмүүс интернет сүлжээнээс бараа бүтээгдэхүүн худалдан авдаг болсон. Алтанчимэг гуай ч дэлгүүрийнхээ бараа материалыг интернетээс худалдан авна. Алтанчимэг:
- Дэлгүүрээр явж цаг гарздахгүй, хүний хүч үрэхгүй, гар утсаа гаргахад л интернет сүлжээнээс бараа бүтээгдэхүүн, хүнс хоолоо худалдан авдаг болсон. Дэлгүүрээр явахдаа ч бэлэн мөнгө авч явахгүй, гар утсаараа тооцоогоо хийж болно. Манай дэлгүүрээс хүмүүс бараа бүтээгдэхүүн худалдан авсан ч бэлэн мөнгө өгдөг хүн тун цөөн байдаг. Ихэнх нь вичат болон бар код уншуулан тооцоогоо хийдэг гэж байв.
Жил бүрийн 11-р сарын 11-ний өдрийг “Хос 11” хэмээн Хятадын интернет сүлжээний дэлгүүрүүд маш их хямдрал зарладаг. Хятад улсад Таобао, Жиндүн, Сүнин, Вэй Пиньхүй зэрэг том том интернет сүлжээний худалдаа бий. Тэгвэл энэ өдөр интернет сүлжээний худалдааны оргил үе, логистикийн салбарын хамгийн ачаалалтай цаг. ӨМӨЗО-ы шуудангийн газраас бүртгэснээр 2018 оны “Хос 11”-ний баяраар ӨМӨЗО 14 сая орчим буухиа шуудан хүлээн авч, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 35 хувиар нэмэгджээ.
2018 оны 01-р сарын 23-ны өдөр Төрийн зөвлөлийн албанаас “Цахим худалдаа болон ложистикийн зохицуулалттай хөгжлийг дэмжих талаарх саналууд”-ыг гаргаж, 05-р сарын 01-ний өдөр “Буухиа шуудангийн түр зуурын журам”-ыг хэрэгжүүлжээ. Эдгээр төрийн бодлого нь Хятадын буухиа шуудангийн салбарыг хурдтай хөгжүүлсэн байна.
Цахим худалдаа нь хил дамнасан хэрэглэгч болон худалдагчийг холбосноор хүмүүс бараа бүтээгдэхүүнээ улсын гадаад дотоодоос саадгүй авах болж, “Дэлхийн өнцөг булан бүрд зарах, дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авах”-ыг биелүүлсэн байна. 2017 оны 11-р сарын 11-ний өдрийн Алибабагийн тоо бүртгэлээс үзвэл, дэлхийн 225 улс болон бүс нутгийн хүмүүс энэ өдрийн хямдралтай үйл ажиллагаанд оролцож, 8.12 тэрбум буухиа шуудан хүлээн авчээ.
Олон олон залуус интернет дэлгүүрээр гадаад дотоодын бараа бүтээгдэхүүнийг зардаг болжээ.
Хөхнарс бол АНУ-д ажиллаж амьдардаг нэгэн монгол залуу. Алс хол АНУ-ын өндөр технологи мэргэжлээр хийсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг ар гэртээ байгаа аав ээж, ах дүү, төрөл садандаа буухиа шуудангаар үргэлж явуулдаг.
- АНУ-ын Чикаго хотоос Өвөр Монголын Хөххотод буухиа шуудангаар явуулахад 7-15 өдөрт хүрдэг гэж байв.
Сүүлийн жилүүдэд Хөххотын гудамжаар худалдагчгүй дэлгүүр нэмэгдсээр байгаа. Бар код уншуулан дэлгүүрт орж, бараагаа сонгож аваад бар код уншуулан тооцоогоо хийдэг. Бүр сонирхолтой нь бар код уншуулах биш, өөрийн царайгаа уншуулан тооцоо хийдэг дэлгүүр ч бий. Энэ нь гар утас ч шаардлагагүй болж байгаа юм.
