
Юань улсын дуурь нь дуу хөгжим, бүжиг, жүжиглэлт, дуут жүжгийн яриа зэрэг одоогийн дуурийн бүтцийг агуулсан боловсронгуй дуурийн төрөл байжээ.
Юань улсыг Хятадын дуулалт жүжгийн түүхэн дэх шижир алтан цаг үе гэж үздэг нь Юань улсын дуурийн хөгжил цэцэглэлттэй холбоотой. Одоо хадгалагдан үлдсэн тухайн үеийн 200 гаруй жүжгийн зохиол, тэдний бүтээсэн 700 гаруй дуурийн зохиол бүртгэгдэн үлджээ. Юань улсын дуурь нь тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлыг маш олон талаас нь илэрхийлж, ард түмний мөлжлөгийг эсэргүүцсэн, сайхан амьдралын хүсэл тэмүүллийг гарган үзүүлжээ.

Гуань Ханьцин бол Юань улсын хамгийн агуу, хамгийн нөлөөтэй жүжгийн зохиолч юм. Тэрээр 60 гаруй жүжиг бичсэн бөгөөд өдгөө 18 жүжиг нь хадгалагдан үлджээ. Гуань Ханьцингийн ихэнх жүжиг нь доод зиндааны бүсгүйчүүдийн хүнд амьдрал болон тэдний эсэргүүцэл, тэдний хурц ухаан, баатарлаг зүрх зоригийг үзүүлдэг.Түүний "Доу Эгийн гомдол" буюу "Зуны дунд сарын цас" хэмээх хоёр жүжиг нь хамгийн алдартай эмгэнэлт жүжиг юм. Сайхан сэтгэлт бүсгүй Доу Э муу хүний хорлолоор төрийн шоронд ордог бөгөөд сүүлд нь хэлмэгдэн алагддаг тухай өгүүлдэг. Тэрээр цаазаар авхуулах газар ирээд “их цус асгарч, зуны улирал цас орж, сүүлийн гурван жил их гай гаймшиг болно” хэмээн зөгнөн хэлэх ба үнэхээр ч түүний хэлснээр бүх юм тийм болдог. Эмгэнэлт жүжгийн хатуу өгүүлэмжээр зохиолч нийгмийн дургүйцлийг илэрхийлж, ядуу буурайчуудтай нэгдсэн нь Юань улсын жүжгийн реализм үзэл болон романтизм үзэл гайхалтай хоршсон шилдэг бүтээл болсон юм. Гуань Ханьцин хойч үеийн жүжгийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. Тэр зөвхөн Хятадын агуу жүжгийн зохиолч төдийгүй дэлхийн алдарт зохиолчдын нэг юм.

Ван Шипу мөн тухайн үеийн алдарт жүжгийн зохиолч юм. Тэр өөрийн амьдралын турш 14 жүжгийн зохиол бичсэн байдаг. Түүний бичсэн "Ши Шянжи бичиг" бол Хятадын жүжгийн түүхэнд эртний сонгодог бүтээлд тооцогдоно. Уг зохиол нь Цуй Инин болон Зан Шэнгийн янаг дурлалын үлгэрийг бичиж, тэдний эрх чөлөөт гэрлэлтийн төлөө хүсэл тэмүүллийг магтан дуулсан бөгөөд феодалын үеийн хуримын ёс дэглэмийг эсэргүйцэж, "Амраг хос бүр амраглан жаргах болтугай" гэсэн үзэл санааг илэрхийлдэг. Жүжгийн гол дүр Цуй Инин, Зан Шэн болон зуучлагч хүүхэн гурвыг хэн бүхэн мэднэ.
Үүнээс гадна Ма Жиюань, Бай Пү, Жэн Гуанзу, Зи Зюньсян зэрэг алдартай жүжгийн зохиолчид Юань улсын үед төрөн гарсан. Юань улсын үеийн жүжгүүдээс маш олон жүжиг одоог хүртэл тайзнаа тоглогдож байгаа бөгөөд зарим жүжгээр нь кино, телевизийн жүжиг хүртэл хийснээс үзэхэд нөлөө маш өргөн цар хүрээтэй байгаа юм. 18-р зууны Юань улсын үеийн "Жао овогтын өнчин хөвгүүн" нэртэй жүжиг Европт "Хятадын өнчин хүү" нэртэйгээр тоглогдож дэлхийд танигдсан билээ.
