Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт хэд хэдэн удаа ирж, ажиллаж, суралцаж байлаа. Ирж буцах болгондоо онгоцоор нисдэгээс Монголын галт тэргэнд сууж байсангүй.
Бээжингийн Үндэстэний их сургуулиас Улаанбаатарт дадлага хийх оюутнуудынхаа зардлыг хөнгөвчлөх үүднээс Бээжингээс Замын-Үүд хүртэл автобусаар аялаж, тэндээсээ Улаанбаатар хүртэл галт тэргэнд суух хамгийн хямд аргыг сонголоо.

Галт тэргэнд идэх уух юмгүй, согтуу хүмүүс олонтой, хулгай ихтэй хэмээн бодож байсныг нуух юун. Тэр ч утгаараа галт тэргэнд суухаасаа өмнө Эрээн хотод гэдсээ дүүртэл идэж, замын хүнс базааж авлаа.
Мөн эрүүл мэндийн гэрчилгээгүй гээд Монголын цагдаа торгож магад хэмээн элдвийг бодож , төсөөлж байлаа.
Явах цаг болж хүнд ачаануудаа арай хийж галт тэргэнд орууллаа. Галт тэрэг нь манайхтай нилээд ойролцоо. Тасалбар бүртээ 6 ортой, хоёр нь зүүн талд хөндлөнгөөр дээр доор байрлаж, нөгөө дөрөв нь баруун талдаа дээр, доор байрлаж байлаа. Энэ галт тэргийг гаднаас нь харахад хуучин боловч доторх нь их сайхан, цэвэр тохилог байсан юм.
Галт тэрэг цагтаа алгуураар урагшлан Улаанбаатарыг чиглэлээ. Удалгүй үйлчлэгч охин цай, кофе аваарай гэсээр орж ирэв. Би хоёуланг нь аваад мөнгөө гаргатал, мөнгө авахгүй гэж хэлсэн юм. Би дахин лавлаж асуулаа. Буруу сонсоогүй байж мөнгө авахгүй гэж хэлээд явлаа.

Удсан ч үгүй галт тэргэнд бууз, хуушуурын сайхан үнэр ханхалж эхлэв. Би цатгалан байсан хэдий ч буузнаас яаж татгалзах билээ. Бид бууз зарж байсан охиноос нэг, нэг бууз худалдан авч идлээ. Үнэхээр зүүдэнд ч байгаагүй сайхан амттай бууз байсан юм. Дараа нь олон сайхан амттан зарж өнгөрсөн. Энэ бүхнийг нүдээрээ үзсэн надад өнгөрсөн, сонссон ярианууд бүгд худал байсныг ухаарлаа. Монголын галт тэрэг их сайхан байна, хэдийгээр хуучин боловч идэж уух юмаар бүрэн, санааширж байсан зүйлүүд үүссэнгүй. Зам зуур бид ургах нарны улбар туяанд хүмүүсийг “согтууруулам” говийн сайхан үзэмжийг сонирхон, гадаадын зорчигчидтой яриа дэлгэн, хөөрөлдөж явлаа. Ингэж амгалан нэг шөнийг өнгөрөөгөөд өглөө нь Улаанбаатарт ирж шинэ ажлаа эхлүүллээ.
