solongonews
12 жилийн зурхай
2016-02-19 11:17
12 жилийн зурхай

Хулгана: Бурхан таныг ивээж байна

Хулгана нь усан махбодьтой бол бич төмөр махбодьтой. Төмөр нь усны эх махбодь учраас бич жил хонь жилтнүүдийг хамгаалж, боловсрол, мэдлэгээр ивээх болно. Энэ жил хулганууд бизнесээ явуулах, ар гэрээ харж асрах тал дээр илүү боломжтой болно.

Бич, хулгана хоёр угаас сайн харилцаатай тул энэ жил хонинуудад авьяас чадвараа харуулах боломж олгон, бусадтай хэрхэн харилцаагаа сайжруулж, орлого ашгаа нэмэгдүүлэх талаар удирдамж өгөх болно.

Ажил хэрэг: Хэрэв та ажил хайж буй бол юуны түрүүнд боловсрол, ур чадвар эзэмших хэрэгтэй. Гэхдээ энэ онд танд ажил төрлийн сайхан боломж гарч ирнэ. Таны ажил төрөл, карьерт ямар нэгэн саад бэрхшээл тулгарлаа ч эргэн тойрны хүмүүс дуртайяа тусална. Хэрэв карьертаа ахиц дэвшил гарахыг хүсвэл хамтран зүтгэгчид тань дэмжиж туслах болно. Ажлын байраа өөрчилж сэлгэх гэж байгаа бол илүү сайхан боломж хүлээж байна. Гэхдээ одоогийнхоос хавьгүй завгүй болох аж.

Эд баялаг: Хөрөнгө мөнгөө өсгөх боломж танд байна. Бич жил таныг ивээх тул үл хөдлөх хөрөнгө худалдан авбал зөв сонголт болно.

Хайр дурлал: Хулгана, бич хоёр бие биедээ татагддаг тул хайр сэтгэлийн тал дээр ээлтэй жил байх нь. Хэрэв та ганц бие бол ахмад настан, найз нөхдөөсөө хэн нэгэнтэй танилцуулж өгөхийг хүсэхэд гэмгүй. Эрчүүдийн хувьд өөрөөсөө ахимаг насны эмэгтэйтэй харилцаа тогтоож ч болох юм.

Нийгмийн харилцаа: Энэ жил бусадтай харилцах харилцаа сайн байна. Нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцвол таныг аз ивээж ажил төрлөө ахиулах боломж гарна. Хэрэв хэн нэгэнтэй маргалдаж, хуулийн асуудал үүссэн тохиолдолд та хангалттай дэмжлэг хүлээнэ.

Эрүүл мэнд: Бич жил таныг завгүй байлгана. Тиймээс боломж олдвол өөрийгөө амрааж, хэт их ажиллаж, ядрахаас болгоомжил. Бөөр, шээсний замын эрүүл мэнддээ анхаар.

Жилийн ноён нуруу: Таныг бич жилд бурхан ивээж байна. Баяр хөөртэй, сэтгэл хангалуун байдал зонхилох болно.

 

Үхэр: Өөрийгөө нээж харуул

Бич салхи мэт. Харин уул мэт үхэр салхины замыг хаах болно. Энэ бол үхэр бичинд тэвчээртэй байхыг зааж сургана гэсэн үг. Үхэр бичний хувьд тогтвортой, халуун дулаан гэр орон мэт байх боловч тэд хэтэрхий чимээгүй, хэтэрхий идэвхгүй учраас бич тэднийг санаачилгатай, хөдөлгөөнтэй байхыг шахах болно. Бич үхэр жилтнүүдийн хувьд нийгмийн асуудал дээр төлөөлөгч нь мэт байдлыг зохицуулагч байж, нэр хүндээ өсгөхөд тусална. Үхрийн авьяас чадвар, мэдлэг боловсрол дээр суурилаад бич тэднийг карьераа ахиулахад тусална.

Ажил хэрэг: Санаа зовнил, айдас хүйдсээ ардаа хийгээд ажил мэргэжлийнхээ шаардаж буй сорилтыг хүлээн зөвшөөр. Хүмүүст таны мэдлэг чадвар хэрэгтэй байна. Тэд бизнесээ хөгжүүлэхийн тулд таныг ажлын сайхан орчин нөхцөлөөр хангах бөгөөд гагцхүү танд өөрийнхөө ур чадварыг л харуулах үлдлээ. Хэрэв та ажлын байраа солихыг хүсч байгаа бол өөрчлөлтийг хийхэд тохиромжтой цаг мөн. Шинэ ажлын байр илүү ахиц дэвшил авчрах болно.

Эд баялаг: Мөнгө олох боломж танд байна. Учир нь, таны нэр хүнд өсч яваа. Гэхдээ мөнгө шууд таны халаасанд орчихгүй. Мөнгө олохын тулд тархиа, гар хөлтэйгээ зэрэг ажиллуулах хэрэгтэй.

Хайр дурлал: Хүйтэн зүрхийг дулаацуулахын тулд үхрүүдэд хайрын халуун илч дулаан хэрэгтэй байгаа. Бич танд тэр гал халууныг шууд өгч чадахгүй ч нийгмийн олон үйл ажиллагаанд оролцуулах замаар шинэ харилцаа тогтоох боломж олгоно.

Нийгмийн харилцаа: Хүмүүстэй сайхан харилцаа тогтоох үе. Олон арга хэмжээнд оролцож, танилын хүрээгээ өргөжүүлэх тусам карьераа ахиулах шинэ боломжууд гарч ирэх болно. Хэрэв хэн нэгэнтэй маргалдаж, хуулийн асуудал үүсвэл эхэндээ та давуу талтай байгаа мэт боловч эцэстээ ялагдаж ч болзошгүй гэдгийг анхаар.

Эрүүл мэнд: Дасгал хөдөлгөөн сайн хийж, өөдрөг байвал эрүүл мэнддээ санаа зоволтгүй. Ходоод, хоол боловсруулах эрхтэндээ анхаар.

Жилийн ноён нуруу: Хэрвээ та чадвараа батлан харуулвал, боломж таныг хаана ч хүргэж чадна. Хэт хуучинсаг, баригдмал сэтгэхүйтэй байвал юунд ч хүрч чадахгүй.

 

Бар: Ухаалаг байвал бич танд зайгаа тавьж өгнө

Бар нь мод махбодьтой, харин бич төмөр махбодьтой. Модыг төмрөөр хугалж болох учир бич барнаас давуу. Дээр нь бич сэргэлэн, ухаантай. Төмөр махбодь усыг ч бас агуулах бөгөөд бичний хувьд ус нь оюун ухааныг илтгэнэ. Тэгэхээр бар уснаас суралцах хэрэгтэй. Ус нь модыг ургуулж чадна. Ус барны хувьд ч боловсрол, мэдлэг, ур чадварыг илтгэх учир хэрэв тэр бичнээс илүү ухаалаг байж чадвал бич түүнд зайгаа тавьж өгнө.

Ажил хэрэг: Ажил хэрэг, карьерт сорилт бэрхшээл тулгарна. Гэхдээ та асуудлыг туршлага мэдлэг, оюун ухааныхаа хүчээр шийдэж чадна. Ажил төрлөө солих бодол төрсөн бол харзнасан нь зөв гэж одод зөвлөж байна. Бич жил өөрчлөлт хийх үе биш. Хэрэв ажлаа сольвол тааварлаагүй хүнд асуудал гарч ирж ч болох юм.

Эд баялаг: Мөнгөний хувьд ч аз таны талд гэж хэлэхэд бэрх байна. Хүмүүс таны халаасан дахь мөнгийг их сонирхож байна. Хэт их ашгийн хойноос хөөцөлдөх, эрсдэлтэй бизнес хөөгөөд хэрэггүй.

Хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаанд үл ойлголцол гарах магадлалтай. Хэрэв тийм зүйл тохиолдвол аль болох тайван байж, өөрийн зүгээс хурц үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. Хэрэв хайртай хүн, хамтрагчтайгаа зөрчилдвөл ахмад хүнээс зөвлөгөө авч, зуучлуулах хэрэгтэй.

Нийгмийн харилцаа: Нийгмийн элдэв харилцаанд орох идэвх зүтгэл танаас харагдахгүй байгаа ч өөрийгөө хөгжүүлэхийн тулд бусадтай харилцах хэрэгтэй.  Хэн нэгэнтэй муудалцаж маргалдах, хуулийн асуудал үүсгэх хэрэггүй.

Эрүүл мэнд: Хөл, гар болон элэг, мэдрэлийн системдээ анхаар.

Жилийн ноён нуруу: Амьдрал урьдынхтай адилгүй байх тул өөрийгөө аль болох боловсруулж, орлого ашгаа ахиулах шинэ арга зам, ажил мэргэжилдээ дэвших талаар санаачилгатай ажилла.

 

Туулай: Мөнгө, шинэ боломж өөрөө гарч ирнэ

Туулай нь модон махбодьтой, бич харин төмөр махбодьтой. Модыг төмрөөр тасдаж болно. Гэхдээ мод бол төмрийн хувьд мөнгө юм. Тиймээс туулайнуудад бич жил мөнгө авчрах болно. Бизнес, ажил хэргийн тал дээр туулай, бич сайхан зохицох болно.

Ажил хэрэг: Таныг анзаараа ч үгүй байхад ажил хэргийн юм уу бизнесийн шинэ санал ирнэ. Та шинэ хамтрагч, эзэнтэйгээ ажил хэргийн сайн харилцаа тогтоож, амжилт гаргана. Хэрэв таны ажлын газраас шинэ албан тушаал, шинэ боломж санал болговол алдаж болохгүй.

Эд баялаг: Таны нэр хүнд мөнгө авчрах боломжуудыг даллана. Алдар нэр, эд баялаг хамтдаа ирэх болно. Гэхдээ та гол орлогоо ажлаасаа олох болно.

Хайр дурлал: Туулай, бич хоёрын хооронд хайр сэтгэлийн хүчтэй холбоо бий. Хэрэв хайр сэтгэлээ хайж байгаа бол үйлдэл хийхэд тохиромжтой цаг. Хэрэв хайртайгаа учирсан бол илүү гүнзгий харилцаа тогтоож, гэрлэх тухай бодох болно.

Нийгмийн харилцаа: Энэ жил хүн бүр танд таатай хандаж, нэр хүнд тань өсөх болно. Гэхдээ хүмүүстэй маргалдаж, хууль зүйн асуудал үүсгэхээс татгалзах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Гэнэтийн осол гэмтлээс болгоомжилж, нүүр, толгойгоо хамгаалж яв.

Ерөнхий ноён нуруу: Таны бүх л төрлийн харилцаа сайн байж, бүх зүйл аяндаа болж бүтэх болно.

 

Луу: Өндөр хүндлэл хүлээнэ

Луу бол хүч чадлын бэлгэдэл. Бич нь зорилго тэмүүлэлтэй амьтан учраас хүч чадлыг дэмжин тэтгэж, өөрийгөө харуулах боломж олгоно. Тийм ч учраас бич жил луунуудын хувьд ивээлээ хайрласан жил байх болно. Луу бичийг хамгаалж, хариуд нь бич лууд мөнгө авчирч, өөрийгөө  батлан харуулахад туслана. Энэ бол луунд боломж, сонголт, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ гэсэн үг.

Ажил хэрэг: Луунууд байгууллага удирдах ур чадвартай. Тэд эрх мэдэл, үүрэг хариуцлагыг хэрхэн зохистойгоор хуваарилж мэддэг. Хэрэв таны ажил хэрэг хэт их байвал ажлын ачааллаа хамтрагчидтай хуваалцах хэрэгтэй. Хэрэв танд өөр компани, байгууллагаас санал тавьбал бодолцож үзэх хэрэгтэй.  Хүмүүстэй харилцах харилцаа сайн байж, нөхөрсөг сайхан харилцаа үүсэх болно.

Эд баялаг: Хөрөнгө мөнгөний тал дээр урьд тааварлаагүй орлого орж ирэх болно. Харин түүнийгээ зарцуулах тал дээр мэдлэг туршлагатай хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв хувийн бизнес эрхэлдэг бол таны нэр хүнд өсч, эд баялаг ч нэмэгдэх болно.

Хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаанд ч тун таатай жил гарч байна. Хэрэв та ганц бие бол гадагш гар. Таны нөгөө хэсэг тэнд хүлээж байж мэднэ. Хайртай хосуудын хувьд ч харилцаа гайхалтай сайхан байж, халамж хайрыг илүү ихээр мэдрүүлсэн жил болох нь.

Нийгмийн харилцаа: Луу, сармагчин хоёр бие биедээ татагддаг учир энэ жил олон сайхан хүмүүстэй учирч, найз нөхдийн, хайр сэтгэлийн дотно харилцаа үүснэ. Бусадтай маргалдсан тохиолдолд ч таны талд байдал эргэнэ.

Эрүүл мэнд: Хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Зохисгүй хоол хүнсний хэрэглээ зүрх судасны өвчин үүсгэж болзошгүй.

Ерөнхий ноён нуруу: Баяр баясгалантай, асуудалгүй, өөдлөн дэвжсэн жил байх болно.

 

Могой: Хүссэн бүхнийг тань гүйцэлдүүлнэ

Төмөр махбодьтой бич  гал махбодьтой могойноос айх болно. Тиймээс бич могойг хүндэлж, юу хүссэнийг нь гүйцэлдүүлж өгөх болно. Бичний төмөр махбодь нь могойн хувьд мөнгө гэсэн үг. Тиймээс энэ жил  бич могойд мөнгө авчрах болно.

Ажил хэрэг: Бич төмөр махбодьтой мөн ус агуулдаг. Тиймээс ажил хэргийн тал дээр бага зэрэг бэрхшээл гарч магадгүй. Урьдынхаас илүү хичээж ажиллах шаардлага гарах бөгөөд түүнийхээ үр дүнг ч хүртэх болно. Хэрэв ажил, албан тушаалаа ахиулах боломж гарвал ашиглах хэрэгтэй.

Эд баялаг: Таны орлого, хөрөнгө оруулалтын үр шим тогтвортой өсөн нэмэгдэх болно. Хэрэв хөрөнгө мөнгөний талаар туршлагатай мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авбал бүр ч ихийг олох боломжтой.

Хайр дурлал: Залуучуудын хувьд хосоо олоход илүү хялбар байх болно. Хэрвээ та эмэгтэй бол эрэгтэйгээрээ хайр сэтгэлээ хүлээн зөвшөөрүүлэх гэж багагүй зүтгэл гаргах хэрэгтэй болно. Харин эрчүүдийн хувьд харилцаа маш сайн байх нь.

Нийгмийн харилцаа: Хэрэв хүмүүст туславал хариуд нь та илүү олны хүрээлэлтэй хүн болон хөгжиж, тэр хүрээллээс шинэ боломжууд гарч ирэх болно.  Хэн нэгэнтэй маргалдах хэрэггүй. Өөрийнхөө л ажил хэрэгт анхаарч, бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Биедээ хэт ачаалал үүрсэн дасгал хөдөлгөөн хийх, бэртэл гэмтэл авахаас болгоомжлоорой.

Ерөнхий ноён нуруу: Бич жил аз таныг ивээнэ. Харин тэр азыг алдалгүй ашиглах хэрэгтэй.

 

Морь: Хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх жил

Морь гал махбодьтой учир  төмөр махбодьтой бич түүнээс айна. Төмөр нь морины хувьд мөнгийг илэрхийлэх бөгөөд, гал нь бичний хувьд ажил хэргийг илтгэнэ. Тиймээс бич жил моринд мөнгө авчирч, морь бичний ажил  хэргийн замыг засах юм. Төмөр нь тэнгэртэй холбоотой. Харин гал нь иргэншил, оюун ухаантай холбоотой. Тэнгэрийн гал нь хэн ухаантай, тэр хүчтэй байна гэсэн үгийг илэрхийлнэ. Тийм ч учраас морь жилтнүүд энэ жил дээд албан тушаалд хүрч, баяжих нигууртай юм.

Хэдий гал төмрийг хайлуулдаг ч түүний тулд асар их халууныг үүсгэх ёстой учраас морь жилтнүүд эд баялгийн эзэн болохын тулд энэ жил ч хичээл зүтгэлээ алдахгүй байх хэрэгтэй.

Ажил хэрэг: Таны ажлын ачаалал, үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Энэ бол ажил мэргэжлийн тал дээр ахиц гарахын дохио. Та хэдий чинээ хичээнэ тэр хэрээр орлого тань өснө. Ерөнхийдөө ажил хэргийн тал дээр аз таныг ивээж буй бөгөөд албан тушаал, байр сууриа ахиулах боломж олдоно. Өөр байгууллага, компаниас ч танд дээд албан тушаалд ажиллах санал ирж мэднэ. Түүнийг ч алдахгүй ашиглах хэрэгтэй.

Эд баялаг: Эд мөнгөн дээр ч таныг аз ивээх нь. Авдаг цалин хөлс тань нэмэгдэнэ. Хэрэв ердийн орлогоос ахиу мөнгөтэй бол ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл ашиг олно.

Хайр дурлал: Хайр дурлалаа олоогүй хүмүүст шинэ хүнтэй учрах боломж их байна. Эрчүүдийн хувьд ийм боломж бүр их байна. Хэрэв та гэр бүлтэй бол тэдэндээ илүү их цаг заваа зориулах хэрэгтэй.

Нийгмийн харилцаа: Энэ жил таны олон нийттэй харилцах харилцаа санхүү мөнгө, ажил хэрэг дээр төвлөрөх болно. Аливаа маргаан мэтгэлцээн бүр таны талд шийдэгдэх бөгөөд мөнгөний асуудал гарсан бол эргүүлж олж чадна.

Эрүүл мэнд: Хэт их дасгал хөдөлгөөн хийж, биеэ бэртээхээс болгоомжлох хэрэгтэй. Амьсгалын замын өвчнөөс сэргийл.

 

Хонь: Авхаалж самбаатай байхыг шаардана

Хонь ичимхий, даруу, тэвчээртэй амьтан. Харин бич ухаантай, сэргэлэн, хөдөлгөөнтэй. Тиймээс бич жил хонинуудыг авхаалж самбаатай байж өөрийгөө харуулахыг шахах болно. Энэ талаараа тэд сайхан зохицож, сайн хамтрагчид болно.

Ажил хэрэг: Ажил хэргийн тал дээр хэт хуучинсаг байх хэрэггүй. Өөрийгөө урамшуулж зоригжуулан, мэдлэг туршлагаа хүмүүст харуулах цаг нь иржээ. Авьяас чадвар, туршлага тань хүмүүсийн хүндлэл хүлээж, нэр төр олно. Карьераа ахиулах боломж ирж байна. Хэрэв ажлын шинэ санал ирэх юмуу өөрчлөх боломж гарвал өөрийгөө сорьж, үзээд алдах хэрэгтэй.  Шинэ байр сууринд очиход хүмүүс ч танд туслах болно.

Эд баялаг: Мөнгө тань дээр тэнгэрээс унаад ирчихгүй. Мөнгө олохын тулд ажлаа хичээнгүй хийх хэрэгтэй. Хүмүүстэй сайн харилцаатай байх нь олох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх болно.

Хайр дурлал: Хэрэв хэн нэгний хайрыг хүсч байгаа бол бусдын санаа бодол, мэдрэмжийг хүндэлж байх хэрэгтэй. Өөрийгөө хянаж, хамтрагчаа хязгаараас давсан үйлдэл хийхэд хүргэхгүй байх хэрэгтэй. Хэрэв та эмэгтэй бол хэлэх үгэндээ анхаарал болгоомжтой байж, хайртай залуугийнхаа бахархал, өөрийгөө хүндлэх сэтгэлийг сэвтээхгүй байхыг хичээ.

Нийгмийн харилцаа: Хүмүүс үргэлж өөрчлөгдөж байдаг ч тантай харилцах харилцаа харьцангуй тогтвортой, шударга байдаг. Тиймээс хүмүүстэй сайхан харилцаа тогтоох боломж илүү бий гэсэн үг. Тэр харилцаа шинэ боломжуудыг авчрах болно. Хэрэв хүмүүстэй харилцаа муудаж, маргалдвал асуудал таны талд шийдэгдэхгүй л болов уу.

Эрүүл мэнд: Хоол хүнсэндээ анхаарахгүй бол ходоод, хоол боловсруулах эрхтэн өвчлөх магадлалтай.

Ерөнхий ноён нуруу: Та хэдий чинээ их ажиллаж, олдсон боломжийг ашиглаж чадна алдар нэр, аз танд ирсээр байх болно.

 

Бич: Хоёр бич нэгнээ хязгаарлана

Бич, бичтэйгээ таарч зохицохоос илүүтэй бие биеэ хязгаарлах, хяналт тавих нь элбэг. Энэ нь хүн хоорондын харилцаа, хайр сэтгэлийн холбоо,  ажил хэрэг гээд бүх зүйлд тодорхой хязгаар тогтооно гэсэн үг.  Хоёр төмөр, хоёр салхи нэгдэхээр илүү их хүчтэй салхийг үүсгэх тул эд хөрөнгөнд хохирол ч учруулж болзошгүй.

Ажил хэрэг: Ажил төрөл тань таныг завгүй байлгана. Гэвч энэ нь албан тушаалаа ахиулж, өсч дэвжихэд хүргэж чадахгүй. Хэрэв шинэ ажил хайж байгаа бол илүү их цаг хугацаа хэрэгтэй болох нь. Учир нь, танд өрсөлдөгч олон байна. Шинэ ажил, албан тушаалын санал ирлээ ч таны хувьд төдийлэн өөрчлөлт гарч чадахгүй.

Эд баялаг: Мөнгөний хувьд гялалзсан аз тохиох нь юу л бол. Таны эргэн тойрны хүмүүс ч мөн л адил мөнгөний боломж эрэлхийлж байгаа. Хэрэв хэн нэгэн том бизнес, өндөр ашигтай хөрөнгө оруулалтын санал тавьбал татгалзсан нь дээр. Хүнд мөнгө зээлүүлвэл эргэж авах нь удаан байж мэднэ.

Хайр дурлал: Хайр дурлалын харилцаанд хамтрагчтайгаа үзэл бодол зөрөлдөх үе нэлээн гарна. Тийм үед туулай жилтэй хүнээс тусламж гуйвал  та хоёрын хувьд зөвлөгч зуучлагч болж чадна.  Хайр сэтгэлийн тогтвортой харилцаанд ороогүй хүмүүсийн хувьд танд хүчтэй өрсөлдөгчид гарч ирнэ.

Нийгмийн харилцаа: Ямар ч харилцаандаа төлөв даруу байдлыг эрхэмлэж, өөрийн мэдлэг, ур чадвараар гайхуулах гэсний хэрэггүй.

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн тал дээр санаа зовох зүйлгүй. Гэхдээ гэнэтийн явдлаас болгоомжлох хэрэгтэй.

Ерөнхий ноён нуруу: Цагаан цайлган сэтгэлтэй, ёс суртахуунтай, зөв явбал аз таны талд ивээх болно.

 

Тахиа: Санаа зовнилыг мартаж, аз жаргал ирнэ

Бичийг хятад зурхайд наймдугаар сарыг төлөөлөгч амьтан гэж үздэг бол тахиа нь есдүгээр сарыг төлөөлдөг.  Модод үр жимсээ өгдөг есдүгээр сартай тахиа холбоотой болохоор аливаа зүйлийн үр дүнг гаргахад нэлээд хугацаа шаарддаг. Харин яаруу, түргэн хөдөлгөөнтэй бич түүнийг тэвчиж хүлээж чадалгүй, хурдан үр жимсийг нь хураахыг хүснэ. Энэ нь тахиа жилтнүүдийг бич жил шахамдуулан, эрчтэй ажиллахыг шаардахын дохио юм.

Ажил хэрэг: Та хуучин ажлаа хийж байсан ч гүйцэтгэх ажил үүргийн хувьд өөрчлөлт гарна. Урьдын л ажлаа хийж байгаа хэрнээ илүү их цаг, хүч зарцуулах шаардлага гарна. Ажлын цагийн хуваарь ч шахуу байж, дарамт үүсгэнэ. Гэвч энэ бүхнийг та амжуулж чадна. Хэрэв өөр ажлын санал ирвэл хоёр дахин бодох хэрэгтэй. Шинэ ажлын орчинд төлөвлөөгүй нөхцөл байдал үүсч мэднэ.

Эд баялаг: Мөнгөний тухайд тийм ч их аз ивээгээд байхгүй. Найз нөхөд юм уу төрөл төрөгсдийн зүгээс шинэ мөнгөний эх үүсвэр, шинэ боломж санал болгох болно. Гэвч салхи шиг бич мөнгийг тань хийсгэж ч мэднэ.

Хайр сэтгэл: Таны хамтрагч харилцаандаа гол үүрэг гүйцэтгэж, байдлыг гартаа авах болно. Тэд таны үйл хөдлөл, цаг завыг ч зохицуулах тал дээр шийдвэр гаргах гэх нь магадгүй дарамт ч болж мэднэ.

Нийгмийн харилцаа: Ерөнхийдөө нийгмийн харилцаанд өмнөхөөс илүү идэвхтэй оролцоно. Гэхдээ зарим талаар энэ нь таны цагийг үрсэн зүйл ч болж мэднэ. Тэгэхээр ойр дотныхон, гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Амьсгалын замын эрүүл мэнд, уушиг, хамар, хоолойдоо анхаарал тавих хэрэгтэй.

Ерөнхий ноён нуруу: Гэнэтийн тааварлашгүй нөхцөл байдал үүсч, дарамт болж магадгүй. Гэвч тайван байснаар асуудлыг шийдэж чадна.

 

Нохой: Амжилт, аз ивээнэ

Нохой үнэрч, сонор сэрэмжтэй амьтан тул нөхцөл байдалд таарсан зөв шийдвэр гаргаж чаддаг. Тэд үнэнч, итгэлтэй, зоригтой, үүрэг хариуцлагаа мэддэг. Харин бич бол ухаантай, зоригтой, тэвчээргүй, заримдаа уур бардаг амьтан. Энэ хоёрын хослол шинэ нээлт, шинэ адал явдлыг илтгэнэ. Нохой жил уултай холбоотой бол бич салхитай холбоотой. Салхи хаана ч хүрч чадах боловч уул түүний чиглэлийг өөрчилж, хаалт саад болж чадна. Тиймээс салхи ууланд нөлөөлж үл чадна.

Ажил хэрэг: Ажил хэргийн тал дээр аз амжилт харьцангуй тогтвортой байна. Та өөртөө туслаж чадах ухаалаг, бүтээлч хамтрагч, түнштэй болно. Хэрэв чухал яаруу ажил гүйцэтгэх бол хамтрагчдаа даатгаж болно. Шинэ ажлын санал ирэх юм уу өөрөө карьертаа өөрчлөлт хийхийг хүсвэл туршаад үзэх хэрэгтэй. Өөрчлөлт сайныг дагуулна.

Эд баялаг: Мөнгөний тал  дээр азтай байна. Мэргэжлийнхээ ур чадварын ачаар мөнгийг хялбархан олно. Гэхдээ мөнгө орж ирэх цаг мөч байнга тохиохгүй бөгөөд боломж олдох бүрт ашиглаж байх хэрэгтэй.
Хайр дурлал: Хайр сэтгэлийн харилцаа тааламжтай байж, хосууд бие биедээ зохицох болно. Харин хайр сэтгэлээ хайж буй хүмүүсээс нийгмийн идэвхтэй байж, шинэ орчинд орохыг шаардаж байна.

Нийгмийн харилцаа: Хүмүүстэй харилцаа тогтооход тохиромжтой цаг үе. Тиймээс аль болох олон хүнтэй харилцаа холбоо тогтооход цаг гаргах хэрэгтэй. Таны зөвлөгөө хүмүүст таалагдах болно. Тиймээс яриа өрнүүлэх нь үр дүнтэй байж, шинэ нөхөрлөл үүснэ.

Эрүүл мэнд: Таны нийгмийн амьдрал илүү идэвхтэй байх хэрээр биеийн хөдөлгөөн, спортоор хичээллэх үедээ болгоомжтой байхыг одод сануулж байна. Хөл гараа бэртээхээс болгоомжил.

Ерөнхий ноён нуруу: Нохой, бич хоёр эрч хүчтэй хамтрагчид болж чадах учраас үр дүн гарах нь тодорхой. Амжилт, аз таныг ивээх болно.

 

Гахай: Завгүй амьдрал хүлээж байна

Гахай усан махбодьтой. Харин бич төмөр махбодьтой ч ус, шороон махбодьтой холбогддог. Мөн бич нь салхийг илтгэх бөгөөд салхи нь бороо оруулах тул усан махбодьтой гахайд ээлтэй юм. Гэхдээ хүчтэй салхи усны давалгааг нэмэгдүүлэх ч аюултай учир гахай жилтнүүд завгүй амьдрал хэв маягт орж магадгүй.

Ажил хэрэг: Үндсэндээ таныг ажил хэргийн тал дээр аз ивээнэ. Таны ажил урьдаас илүү амар хялбар болсныг та харах болно. Бусдаас тусламж дэмжлэг авах, сургалтад хамрагдан мэргэшлээ дээшлүүлэх боломж тохионо. Гэхдээ л та болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд ажилдаа хариуцлагатай хандахгүй бол нэр хүндээ үгүй хийж мэдэх аюултай. Хэрэв ажлын талбарт өөрчлөлт хийхийг хүсвэл нухацтай бодож үзэх хэрэгтэй. Салхи  мэт бич тогтворгүй байдлыг илтгэх тул өөрчлөлт тань таагүйгээр эргэж болзошгүй.

Эд баялаг: Санхүү мөнгөний тал дээр азтай байх ч даруу төлөв байж, анхаарал татахгүй байхыг хичээ. Бардам ихэрхүү зан мөнгө олох боломжийг хаана.

Хайр дурлал: Таныг хайрлаж халамжилдаг хүмүүсийн дунд байгаагаа мэдрэх болно. Хэрэв та өөрөө л идэвхтэй байдал таныг гэх хүн олон байгааг олж харна.

Нийгмийн харилцаа: Хүмүүстэй харилцах харилцаа гайхалтай сайн байна. Тэд таныг харж хандаж, урам зориг өгч, ивээн тэтгэхээс буцахгүй. Энэ магадгүй таныг эрхлүүлж, дураараа дургихад ч хүргэж мэднэ. Тиймээс даруу төлөв бай гэдэг дээрх зөвлөгөөг дахин сануулж байна.

Эрүүл мэнд: Чихрийн шижин, суулгалт болон нойр булчирхайн өвчнөөс сэргийл.

Ерөнхий ноён нуруу:  Аз таныг ивээж, баяр хөөртэй байх болно. Та эрч хүчээр бялхаж, зоригтой алхмууд хийхэд ч бэлэн байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : zaluu.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл