
Энэ удаад уламжлалт монгол идээний нэг болох борцны эмчилгээний тухай Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Шүрэнчимэгээс зөвлөгөө авлаа.
Монголчууд үхрийн махыг борцолж иддэг уламжлалтай юм. Үхрийн мах нь махны төрлийн дотор шим тэжээлээр хамгийн өндөр бөгөөд борцолбол удаан хадгалсан ч муудаж, чанар нь хувирахгүй гэдэг. Энэ тухай Шүрэнчимэг эмч: “Монголчууд 11—12 дугаар сард нядалсан тарга хүч сайтай үхрийн махыг сонгон шөрмөс, хальснаас нь салган шулж, нимгэн зүсэж борцлоод салхи жавартай сүүдэр газар буюу модон байшинд хатаадаг. Зүсэхдээ бараг дөрвөн хуруу өргөн, хоёр хуруу хэртэй зузаан зүсэж, нарийн бургас буюу дээсэн дээр тохож, тоос шороогүй хөлдөөгөөд алгуур уринд хатаана. 4—5 сарын дараа борц болдог. Ингэж борцолсон махны шим шүүс нь буурахгүй бөгөөд хэрэггүй зүйл нь нар салхинд задарч, аминий хүчил, эрдэс ба цэвэр уураг нь үлдэж хоцордог. Борц хатах тусмаа уураг, эрдсийн хэмжээ нь ихсэж, 80 хувь нь уураг болдог гэсэн тооцоо бий. Борцоор олон төрлийн хоол унд хийж болдог. Тэрчлэн эмийн жорд орохын зэрэгцээ өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг юм. Монгол эмнэлгийн уламжлалт жоронд борцыг зөндөө хэрэглэдэг. Тухайлбал: “Агаар—8”-д гурван жилээс дээш хатаасан борцыг хэрэглэдэг. Борц нь амтлаг, тэгш чанартай. Хийг дарж, ходоодны халууныг сэлбэж, судас шөрмөсийг чангаруулж, цэрийг ховхолж, унд дарах үйлчилгээ үзүүлэхээс гадна бие тамирдах, амьсгаа цухалдах, цус багадах шинж тэмдэгтэй хүмүүс идвэл тустай” хэмээн борцны тухай нарийн тайлбар хийсэн юм.
“Үхрийн махыг хатаагаад 100 хоновол эм болно” гэж хэлдэг. Монголчууд борцыг шөл гаргах, цайндаа хийх, түүхийгээр нь идэх гэх мэтээр нутаг нутгийн онцлогтоо тааруулан янз бүрээр хэрэглэдэг. Гэвч ямар шимтэй идээг ч тэнцвэртэй хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ашигтай юм. Борцны ширхэг бүдүүн, уургийн агуулах хэмжээ их байдгаас настай хүн болон нялх хүүхэд хэтэрхий идэж болохгүй. Мөн халуурч байгаа үед болон элэгний өвчин, бөөрний өвчтэй хүмүүс бага хэрэглэх хэрэгтэй” гэж Шүрэнчимэг эмч зөвлөгөө өгсөн байна.
