Гэндэнбагана ярилцлага өгч байгаа нь
Энэхүү төслийн хүрээнд боссон «Малчдын бизнес эрхлэх суурин», «Оюутан залуусын бизнес эрхлэх суурин» нь Зүүн Үзэмчин хошууны баруун хойд захад байрлах Монгол сургууль, Монгол хүүхдийн цэцэрлэгийн эсрэг талд нь боссон байв. Өнгө ялгарсан хаяг, монгол дээл хувцас, монгол гар урлалын бүтээгдэхүүн, бөс торго, морин хуур зэрэг нь дэлгүүрийн шилэн хаалганы цаанаас тодхон харагдаж, энд монгол үндэстний маань бараа бүтээгдэхүүн, хувцас дээл худалдаалагдаж байгаа гэдгийг гудамжаар өнгөрөх хүн бүрд хэлэх шиг, харсан хэний ч сонирхлыг эрхгүй татаж байлаа. Таван давхар шаргал өнгөтэй байрны нэг давхарт жигдрэх дэлгүүрүүдийн дундаас «Аялгуун» язгуур хөгжмийн дэлгүүрт ороход захирал Гэндэнбагана яг наадмаас ирээд байв.
Тэрээр 2010 онд Хөххот Үндэстний Дээд Сургуулийг төгсөж, 2013 онд нутагтаа буцан ирж өөрийн гэсэн хөгжмийн дэлгүүрийг нээсэн байна.
- Бизнес эрхлэхэд хошуу Засгийн газар хоёр гараа сажаад төгсөж ирсэн оюутан залуусыг үнэхээр сайн дэмжиж тусалсан. Энэхүү дэлгүүрийг нээсэн 160 хавтгай дөрвөлжин метр байрыг гурван жилд 36 мянган юаниар түрээслүүлсэн. Өөр газар байр түрээслэхээс хамаагүй хямд, мөн 100 мянган юанийн хүүгүй зээл олгосон. Хөгжмийн дэлгүүрээ ажиллуулахын хажуугаар найр наадмын бичлэг, клип зэргийг хийдэг. Төрийнхөө дэм тусаар ажил маань маш сайн байна. Ирээдүйд уртын дууны өвлөн уламжлах ажилд чадах бүхнээ зориулна гэж бодож байна хэмээн Гэндэнбагана урамтай баяртай, сэтгэл тайван ярьж байлаа. Одоогоор Гэндэнбагана дэлгүүртээ гурван хүн ажиллуулж байгаа ч маш олон ажлыг амжуулж явна.
- «Оюутан залуусын бизнес эрхлэх суурин»-д 20 оффис, «Малчдын бизнес эрхлэх суурин»-д ч мөн 20 оффис тус тус хөнгөлөлттэй түрээслүүлдэг. ӨМӨЗО-ны ядуурлыг бууруулах албаны 2011 онд нийтэлсэн “Иргэдийг нүүлгэж, ядуурлыг бууруулах төлөвлөгөө”-ний дагуу энэ сууринд 2013 онд 25 сая юанийн хөрөнгө оруулж байгуулжээ. Нэг, хоёр давхарт нь дэлгүүр маягаар ашиглах боломжтой түрээсийн оффис ажиллуулдаг, гурав дөрөв, тавдугаар давхарт ядуу буурай амьдралтай 120 малчин өрх амьдардаг бол нэгдүгээр давхарт нийт 40 түрээсийн оффис ажиллуулж байна. Бизнес эрхэлж байгаа малчид, оюутан залуус олон байдаг тул сугалаа хэлбэрээр дэлгүүр түрээслэх эрхийг өгдөг. Түрээсний төлбөрт гурван жилд нийт 36 мянган юань авдаг гэж Зүүн Үзэмчин хошууны ядуурлыг бууруулах албаны орлогч дарга бидэнд танилцуулж байлаа.
Мээдэг үйл оёдолоо танилцууллаа
«Малчдын бизнес эрхлэх суурин»-д үйл ажиллагаа явуулж байгаагийн ихэнх нь оёдлын газар байсан. Түүний нэг болох “Гялбаа” монгол оёдлын газын үйл ажиллагаатай манай багийнхан танилцлаа. Үйлчин бүсгүйчүүд уран шаглааныажилдаа толгой өндийх завгүй ажиллаж байв. Бусдыг сайхан харагдуулахын тулд алжааж ядрахаа умартан үйл мэтгэн, утас шаглан суух бүсгүй Мээдэг бидэнд: - Би Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын малчин. Хүүхэд хошууны төвд сургуульд сурах болсноор харах хэрэгтэй болж, зүгээр сууснаас гээд 2013 онд энэ өрөөг түрээслэн авч оёдлын газраа ажиллуулсан. Үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил болсон болохоор тогтмол үйлчлүүлэгчтэй болж орлого нэлээд сайн байгаа. Захиалга бөөнөөр авахаар гол болгож, сардаа 30-60 зах дээл хувцас оёж байна. Төрийнхөө буянаар хямдхан түрээсийн байртай болж, зарлага хамаагүй бага болсон хэмээн танилцуулж байв.
Багаасаа ээж эгч нараа даган үйл оёдол сурсан Мээдэг “Гялбаа” монгол оёдлын газартаа үзэмчин дээл, орчин үеийн загварын дээл, ажлын дүрэмт хувцас зэргийг оёдог бөгөөд жилийн орлого нь 50 мянган юанийг давдаг аж. Тэрээр Монгол Улсад үйл оёдлын хорь гаруй хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад суужээ. Өөрөө сургалтын төв нээж шинээр суралцаад байгаа үйлчдэд дадлага хийлгэхээр төлөвлөөд байгаа гэдгээ ч ярилаа.
Төрөөс түмэнд дамжсан төслийн ачаар жижиг дунд бизнес эрхэлж буй залуус, малчдад их тус дэм болж байгаа нь сайшаалтай. Иргэд ч хот орж гар нухалж гачигдан суух биш, чадах мэргэжил ур чадвараа хөгжүүлэн, амьдралаа өөд татан, монгол үндэстнийхээ уугуул соёл, үүх түүхийг үеийн үед уламжлан хөгжүүлсээр яваа энэ нутгийн хүн ард жаргалтай.
