Баяннуур хотын Урадын хойд хошууны Огийн гол сумын Баян-Уул гацааны малчин бүсгүй Хуан Улааныд 5 сарын 19-ний үдийн өмнө хүрч очсон юм. Тэрээр ид хонины хороондоо нойтон ишгээ өхөөрдөн тэвэрч, төл тосох ажилдаа завгүй ажиллана. Өнгөрөгч онд сумаас Хуан Улааныг дэмжсэн 35 ямаа нь энэ хавар бүгдээрээ ишиглэж, өмнө нь байсан 20 гаруй ямаатайгаа нийлээд 100 гаруй ямаатай болсон болохоор Хуан Улааныхан энэ хавар онцгой баясгалантай. Гэрийн эзэн Хуан Жяжюнь: “Нам засгийн сайн төрийн бодлого, хайр харгалзалд байхдаа бид одоо зовох учиргүй, ямаагаа сайн арчилж өсгөхөд бүх хүчээ зарцуулбал ядуурлаас ангижирч баяжин чинээлэгжхэд удахгүй байх аа” гэж итгэл төгөлдөр ярьж байлаа.
Хуан Жяжюнь, Хуан Улаан хэн аль нь ч бие чийрэг, ухаан сэргэлэн, явдал суудал гял цал, арай ч амьдралдаа арга хомсдмоор биш хэрнээ энэ айл чухам яагаад ядуурчихав?
2000 онд Хуан Жяжюны аав, ээж нь хүнд өвчинд нэрвэгдэж, охин нь бас сургууль соёлын мөр хөөж байсан болохоор зардал олширч, байсан жаахан хадгаламжаа бүгдийг зарж дуусгаснаар барахгүй зээл авснаар амьдрал нь их ядуурчээ. Хэдэн жилийн дараа аав, ээж нь нас барж, бүсээ чангалан байж хүүхдээ их сургууль төгсгөсөн боловч өр ширэнд дарагдан амьдралын суурь нь нимгэрсэн болохоор тэд хоёул арга бус гадагш гарч хөдөлмөр хүчний ажил хийж ч үзлээ. Гэтэл хэдэн жилийн өмнө Хуан Жяжюнь ажил хийж байхдаа санамсаргүйгээр нуруугаа хугалж, хүнд ажил хийж чадахаа болив. Гэргий нь ч гэсэн зүрхний өвчин, цусны даралт өндөр зэрэг хууч архагтай болж, ядуу малгайгаа таяагдахад хэцүүдэж байлаа.
Баяннуур хотынхон ядуу амьдралтай иргэдийг тэтгэх ажлыг улам чухалчлан нарийн боловсронгуй болгохын дашрамд, сумнаас нь амьдралын байдал, ядуурлын шалтгааныг нарийн ойлгосны суурин дээр ядууг тэтгэх тохируулалт хийсэн байна. Амьдралын наад захын баталгаа хүртэх хүрээ хэмжээнд оруулж, өдөр тутмын амьдралын хэрэгцээг батлав. Өнгөрсөн жил 30 мянган юаниар малын шинэ хашаа барьж бас 35 эм ямаа өгч маллуулав. Энэ жил сумаас нь бас Хуан Жяжюньд гацааны албан байгууллагыг цэвэрлэх ажил хуваарилж, нэг сард 720 төгрөгийн цалинтай болгов. Одоо эднийх арван хэдэн тариалангийн газартаа эрдэн шиш тарьж, малынхаа өвс бордооны асуудлыг шийдвэрлэж байна. Энэ зун тэдний тавиад том ямааны ноолуурын орлого 6000 юаниас давахад асуудалгүй. Ирэх жил энэ орлого нь дахин нэмэгдэнэ. Эдний хувьд ядуугаас ангижрах хүслээ биелүүлэх нь өнөө маргаашийн явдал болсон гэхэд хилсдэхгүй.
Урадын хойд хошууны Огийн гол сум онин дээр нь ядууг тэтгэх ажлыг өрнүүлэхдээ сумыхаа 935 өрхийн 3223 хүний байдлыг нарийн ойлгож данс байгуулан, улсын зэрэглэлийн ядуу буурай 57 өрхийн 115 хүн ба хошуу зэрэглэлийн ядуу буурай 117 өрхийн 216 хүнд “Таван нэг бүлэг”-ийн ядуугаас ангижруулах аргыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нэг харьцах нэгийн аргаар ядууг тэтгэх төлөвлөгөө гаргав. Улмаар өрх бүрийн байдалд нь тохируулан нийгмийн баталгааг бүх талаар баталж, улсын зэрэглэлийн ядуу өрхийг бүгдийг ядуугаас нь ангижруулж, 2020 он хүртэл хошуу зэрэглэлийн 117 ядуу буурай өрх бүрийг ядуугаас нь ангижруулахаар төлөвлөж байна. Огийн гол сумын орлогч дарга Мэргэнгоо:
- Бид ядуугаас ангижруулах зорилтоо биелүүлэхээр барахгүй ядуугаас ангижирсан өрхтэй байнгын чанартай харьцаж байдлыг ойлгон, мөрдөн сурвалжилж, данс нээж, мэдээ мэдээллийг нь шингээн авч онин дээр нь ядууг тэтгэх ажлын үр бүтэмжийг батална гэж хэлж байлаа.
Огийн гол сумын Баяннуур гацааны гуравдугаар багийн Бай Шюхуа настан бол сумаас хэрэгжүүлж байгаа нийгмийн баталгааны аргаар ядуугаас ангижирсан хүн. Өмнөх хэдэн жил өвчин тахалтайн дээр нас ахиснаас амьдрал ахуй нь хүнд болсонд сумаас наад захын амьдралын баталгаа, өндөр настны даатгал, өндөр насны тэтгэмж зэрэг нийгмийн баталгаа хүртээв. 2015 онд бас сумаас суух гэрийг нь засаж шинэчилснээр одоо 81 насалсан настан нийгмийн баталгааны мөнгөө хадгалж байгаад өөртөө зурагт телевиз, хөргөч зэрэг цахилгаан хэрэгслийг бүрдүүлж ганцаараа гялалзтал сайхан амьдарч байна.
