solongonews
Тэргэл сарыг сонирхон эв найрыг учирлахуй
2021-10-09 17:15
Тэргэл сарыг сонирхон эв найрыг учирлахуй

Билгийн улирлын наймдугаар сарын арван тавны өдөр буюу намрын дунд сарын баярыг Хятадууд "Тэргэл сарны баяр" гэдэг билээ. Хятад улсаас 2008 онд "Тэргэл сарны баяр"-ыг хуулиар тогтоосон тэмдэглэлт баярын өдөр болгосон. 2006 онд Төрийн зөвлөлийн хорооноос намрын дунд сарын "Тэргэл сарны баяр"-ыг анхдагч бүлгийн улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан байна.

"Тэргэл сарны баяр" билгийн улирлын наймдугаар сарын арван таванд болдог болохоор ингэж нэрлэсэн гэдэг. Энэхүү баяр Тан гүрний эхэн үеэс эхэлж, Сун гүрний үед түгэн дэлгэрч, Мин улс, Чин улсын үе болоход нэгэнт цагаан сартай адил нөлөө ихтэй баярын нэг болсон түүхтэй. "Тэргэл сарны баяр" Хятадын соёлын нөлөөгөөр зүүн Ази ба зүүн өмнөд Азийн зарим улс орны бүс нутагт суурьшдаг хятад хүмүүс, Хятадын харьяат нарын уламжлалт баярын өдөр болжээ. "Тэргэл сарны баяр"-т эртнээсээ сар тахих, сар харж зугаалах, саранд мөргөх, саран хэлбэртэй боов зооглох (еэвэн идэх), гавир цэцэг сонирхох зэрэг зан заншил өдгөөг хүртэл уламжлагдан дэлгэрсээр байна. Арван тавны сарнаар гэр бүлээрээ уулзан цуглахыг бэлэгшээж, нутаг ус, төрөл саднаа дурсан санагалзаж, элбэг хураалт, аз жаргалыг хүсэн эрмэлздэг эрхэм нандин соёлын өв юм. "Тэргэл сарны баяр" нь Тавдугаар сарын шинийн тавны баяр, Цагаан сар, Ханшийн өдөр зэрэг нь Хятад улсын дөрвөн том уламжлалт баярын нэг болжээ.

"Тэргэл сарны баяр"-ын үүслийн тухай олон төрлийн хэллэг байдаг ч голдуу сар тахих, сар сонирхох ба эмэгтэйчүүдийн баяр гэсэн гурван зүйлийн хэллэгт төвлөрдөг.

Сар тахих - Саран тахилгын тухай судлаачдын үзэж буйгаар "Тэргэл сарны баяр" Хятад  улсын эртний саран тахилгын ёслолтой нягт холбоотой юм. Сар тахих ёс эртнээс уламжлагдсан бөгөөд “Ёслол тэмдэглэл • тахилга зүй”-д тэмдэглэснийг үндэслэвэл эртний хүмүүс “нарыг мандалд тахиж, сарыг цооногт тахидаг” гэдэг. Мандал болон цооног нь нар сарыг тахих газар юм. Мандал нь дээр газар байрлан гэрэл гэгээг хүссэн санаатай байдаг бол цооног нь доор газар байрлан нам гүмийг бэлэгшээсэн утгатай. Нар сарны тахилга нь  Хятад улсын ёс заншил, улс гэрийн их учир явдал бөгөөд ёслол нь төвийг сахисан, үйл явц нь будлиантай, цаг хугацаа, орон нутаг, тахилгын хэрэгсэл, тахилгын эд болон хувцас хунар, дуу хөгжим, бүжиг зэрэг агуулгын шаардлага маш чанга, ахуй байдал нь ч төвийг сахисан ердийн баяр дурсгалын өдөртэй харьцуулах аргагүй. Түүний дээр эртний ном судраас холбогдох тэмдэглэлийг хайгаад олдоогүй болохоор сар тахих ёслолыг "Тэргэл сарны баяр"-тай холбож хэлэх нь зөвхөн нэг төрлийн таамаглал төдий юм.

Сар сонирхох - Наймдугаар сарын арван таванд сар сонирхох нь Хань улсын үеэс эхэлсэн гэдэг. Түүхэн тэмдэглэлд үндэслэвэл Чань улсын Хань Уди хаан Ван ХооТойгийн баруун талд саран тагт барьж, тайзны дор нь нэгэн нэлгэр том цөөрөм байгуулжээ. Тайзанд гарч сар харахад сарны сүүдэр цөөрөмд тусч, арш онгоцонд суун сарны сүүдрээр нааддаг. Ингээд Ин Е Чы гэдэг нэртэй болжээ. Басхүү Дяо Цань Тай гэдэг. Энэ бол сар сонирхохын эхлэл болсон гэдэг байна.

Бас нэг төрлийн хэллэг бол “Шуан Эгийн гомдол”-оор ноот болгон сарыг дуулсан нь сар сонирхохын эхлэл гэж үздэг байна. Түүнээс хойш сар сонирхох, сарыг дуулах суртал өргөн дэлгэрч, Жэнь Гуань, Тянь Баогийн үед ид хөгжин дэлгэрэв. Сунгийн Жий Еү Гүн түүний “Тангийн шүлгийн хүүрнэл”-дээ ийм нэгэн учрыг тэмдэглэсэн байна. Үүнд: Жэнь Юаны арван хоёрдугаар онд Өү Ян Жан Анянгийн Шао Чүү Чан, Жинааны Линь Ен болон Ин Чуаны Чень Шүйтай хамт “Сар сонирхох” тухай ярилцсан байна. Тэдний үзэж буйгаар “Сар сонирхох бол зугаалахуйдаа амуй, өвөл болбоос хэтэрхий хүйтэн, зун болбоос үүл олон тэнгэр халуун. Үүл сарыг халхалж, хяруу хүмүүнийг дааруулна. Эдгээр нь сар сонирхохыг харшилна. Намар цаг, зунаас сүүл өвлөөс өмнө. Найман сар бол намрын дунд сар. арван тавны шөнө сар тэргэл. Хүйтэн халуун тэгш болмой” хэмээсэнд дөрвөн эрдэмтэн баярлалдан “Иймээс эртний хүмүүс зугаалахын төлөө болой” гэлцсэн байдаг. Үүнээс үзэхэд эртний хүмүүс наймдугаар сарын "Тэргэл сарны баяр"-ыг сонгон сар сонирхдог гол шалтгаан нь наймдугаар сарын арван таванд тэнгэр цэлмэг, сар гэгээн тунгалаг, уур амьсгал сэрүүн тааламжтайгаас болсон юм. Иймээс Тан улс, Сун улсын үед "Тэргэл сарны баяр" нь баяд ноёд, бичгийн хүний эрхэмсэг сонирхолд тооцогдож, иймэрхүү эрхэмсэг сонирхол нь Сун улсаас сүүлээр болоод хотын борчуудын амьдралд орж, аажмаар цагийн өнгийг дагасан бөгөөд Чин улсын сүүлч Иргэн улсын эхний үе хүртэл үргэлжилсэн байдаг.

Эмэгтэйчүүдийн баярын өдөр - Хятад улсын их олон уламжлалт баярын өдрүүд эмэгтэйчүүдтэй холбоотой. Жишээлэхэд Тавдугаар сарын шинийн тавны баяр, Есдүгээр сарын есний өдөр зэрэг. Наймдугаар сарын "Тэргэл сарны баяр" бол мөн нэгэн нийтлэг чанартай эмэгтэйчүүдийн баярын өдөр гэж зарим судлаачид ярьж байна. Дээрх мэдээллээс үзвэл Бээжинд “Эрэгтэй хүн саранд мөргөхгүй” гэдэг хэллэг бий. Эрэгтэй хүн саранд мөргөх ёслолд оролцохгүй, иймээс наймдугаар сарын "Тэргэл сарны баяр"-ын маш олон үйл ажиллагаа бүгд эмэгтэй хүнд зориулсан байдаг. Жишээлбэл: Ху Нань мужийн Нян Юанд наймдугаар сарын арван тавны орой эмэгтэйчүүд сарны дор цуглараад хүж асаан дуу дуулахыг сар сонирхох гэдэг байна.

                Дяо Чань саранд мөргөсөн нь

Зохиогчийн нэг найз Мин улсын үеийн “Дяо Чань саранд мөргөсөн нь” гэх хөх алаг тавгийг хадгалж байдаг. Диаметр нь 22 сантиметр, өндөр нь 4 сантиметр байдаг. Таваг нь голдоо зурагтай. Үүнд: Цэцэрлэгт хүрээлэнд алсад уулс цэнхэрлэн, өвс ургамал хөхрөн ногоорч, цэцэг сайхан дэлгэрэн, Дяо Чаны бие галбир гоёмсог сайхан, эрхэмсэг гуалиг, газар чирсэн банзал нь өнгөт цацаг мяралзуулан, үсээ шанхлан хатгуур хатгаж, алга хавсран залбирч чин үнэнчээр сүсэглэн залбирч амуй. Өмнөх модон ширээн дээр хулс тавьж, тунарсан утаа үүлтэй залгалдан сарыг хүрээлжээ. Шивэгчин охин өмнө хойно нь данх болон гөвүүр барьж, дүр байдал төв ихэмсэг. Тавагны гадна талд цэцгэн хээтэй, гаднах ёроолын хөх цэцэгт хос цагираг дотор “Мин улсын Чэн хуагийн үед үйлдвэй” гэсэн хоёр мөр хичээнгүй тигийн бичээстэй байдаг.

Дяо Чань бол Хятад улсын эртний дөрвөн гоо эмэгтэйн нэг. Улс даяар нэр нь мандсан Зүүн Хань улсын сүүлч үеийн Сы Туу Ван Юны дууч охин. Дяо Чань нэгэн шөнө цэцгийн хүрээлэнд ирж, хүж асаан саранд мөргөж, дээд тэнгэрт даатгахад гэнэт хэсэг зуур салхи үлээн, нэг хэсэг үүл тунгалаг сарыг халхалсныг Ван Юнь олж харав. Тэгээд Ван Юн миний охины гоо үзэсгэлэн, сарнаас ч сайхан болохоор сар ичиж үүлэн цаагуур орсон гэж хэлсэн гэдэг.

Зүүн Хань улсын сүүлээр Дүн Жүө төрийн эрх мандаж, ард иргэд амьдрахын аргагүй болж, Ван Юн Дүн Жүөг тонилгохоор уран арга гарган Дяо Чаныг Дүн Жүөд өгнө гэж ил амлан, далдуур бас Лүй Бууд өгнө гэж амласан байдаг. Лүй Буу бол хорвоод хосгүй баатар жанжин юм. Хойгуур хулжин Дүн Жүө Лүй Бууг өөртөө татахын тулд түүнийг өргөсөн хүү нь таньжээ. Хоёулаа өнгөнд дуртай болохоор Дяо Чань тэдний хооронд эргэлдэж эцэстээ Лүй Буу Дүн Жүөгээс урваж, Дүн Жүөг үгүй хийсэн байна.

       Алтан мэлхий сарыг бараалсан нь

Үханий музейд Чин улсын үеийн нэгэн алтан мэлхий сарыг харсан мана хөөрөг байдаг. Өндөр нь 7 сантиметр, цул манаар сийлэн бүтээсэн, чанар нь зөөлөн бөгөөд гөлгөр. Алтан мэлхийн бие бялдар хүдэр том, өмнө хойно гурван хөлөө атируулан элгээрээ хэвтээд толгойгоо өргөн амаа ангайж, хоёр нүдээ бүлтийлгэсэн янзтай, хэвлийн хэсэг нь хөндий, нуруу дүүрэн гүн хар өнгийн гүвдрүүтэй, хэвлийн хэсэг нь цайвар цагаан өнгөтэй, бусад хэсэг нь шар өнгөтэй, хамрын тамхи савлаж хадгалахад хэрэглэдэг.

Урчууд манын өнгө болон арыг чадамгай ашиглан гүдгэр сийлбэр, төгрөг сийлбэр, цоолбор зэрэг олон төрлийн мэргэжлээр бүхэл бүтэн материалаар нэг л удаад сийлбэрлэн бүтээсэн болохоор энэхүү алтан мэлхийн дүрс бүтээлт туйлын бодитой болж чаджээ. Алтан мэлхийн сийлбэр зурмал нь нарийн, угалз чимэглэл нь товчхон боловч назгай хандсан ор мөр огт харагдахгүй. Уламжлалт ярианд саран ордонд гурван хөлтэй бах мэлхий байдаг. Уран дархад энэхүү сийлбэрийг хийхдээ алтан мэлхийн нэг хөлийг зориуд далдлан, эртний ном судрын тэмдэглэлтэй далдаар нийцүүлсэн гэдэг. Энэхүү хөөрөг нь төв зохимжтой, өнгө гялбаа нь байгалийн өнгөтэй, ялангуяа алтан мэлхийн дарвагар аманд хөөрөгний амсар гаргасан нь уран сэтгэмжтэй, хэрэглэхэд эвтэйхэн, үзэмжтэй, уран дархчуудын өвөрмөц уран санааг илтгэсэн байна. Алтан мэлхий бол даруй бах мэлхий юм. Уламжлалт ярианд Ван Мү Нян Нян өлзийт туурын найр хийж, газар газрын сахиусыг хуралд урьдаг гэнэ. Тэнгэрийн ордны ёслолын газрын алтан мэлхий маш хээнцэр цэцэрлэгт Чан Эг хараад эгэл хүний хүсэл тачаалын сэтгэл хөдлөв. Чан Э алтан мэлхийн сахиусны ёс бус үйлийг буруушаан өндөр дуугаар занаж, Ван Мү Нян Нянд заалджээ. Ван Мү Нян Нян ихээр хилэгнэж нулимсаараа алтан мэлхийн сахиусыг даран, түүнийг тоост ертөнцөд цөлж, үзэшгүй муухай бах мэлхий болгож харанхуй чийглэг булингартай газарт орогнох болгов. Түүнээс хойш жил бүрийн наймдугаар сарын арван тавны сар тэргэлших шөнө алтан мэлхий тэнгэрийн хаяан дахь сарыг харж, тухайн жил Чан Этэй халдсандаа гэмшиж бас эртхэн тэнгэрийн ордонд буцахыг хүсдэг болжээ. Алтан мэлхий сарыг харах домог үлгэр ардын дунд бас олон хувилбартай байдаг. Жишээлбэл, Чан Э саран ордонд удаан суугаад уйтгарлан ганцаардахдаа хүний ертөнцөөр зугаацаж байсныг нь мянган оны бясалгалтай мэлхий шулам мэдээд дурлан бахархаж, хээнцэр залуу болж хувилаад өдөр шөнөгүй хань болж суужээ. Сүүлд нь Чан Э дахин саран ордонд буцахад мэлхий шулам хамт явах цагаа алдсанаас сарыг харж санагалзах сэтгэлээ илтгэдэг болж гэнэ.

      Хас туулай сарыг сахисан нь

Бээжингийн хааны ордны музейд хадгалагдаж байгаа Чин улсын нэгэн хааны хөвгүүний эд хэмээгдсэн энэхүү шавар баримал туулайн хүүхэлдэй 31 сантиметр өндөр, 25 сантиметр урт, 8 сантиметр өргөн байдаг. Туулайн хүүхэлдэйн бүх биеийн өнгө будаг нь хурц тод, дүрс бүтээлт нь этгээд содон, хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөөх хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн байна.

Туулайн хүүхэлдэй бол наймдугаар сарын "Тэргэл сарны баяр"-ын уламжлалт тоглоом юм. Хятадын уламжлалт саран сахиусны тахилгын зан заншлаас гаралтай. Уламжлалт ярианд саран ордонд Чан Э болон хас туулай байжээ. Хас туулай эм нүдэж дэлхий дахины хүн ардыг өвчин зовлонгоос авардаг гэж бэлэгшээдэг.  Хүмүүс үүнийг үндэслэн олон янзын туулайн хүүхэлдэйн дүр бүтээсэн байдаг.

Туулайн хүүхэлдэйн домгийг Мин улс хүртэл мөрдөж болно. Уламжлалт ярианд Мин улсын үед нэгэн өдөр саран ордны Чан Э Бээжин хотын ард иргэд хүж асаан эмч эрж байгаа байдлыг үзээд туйлаар өрөвдөж, захад байгаа хас туулайгаа томилон, гай гамшгийг арилгаж өвчин эмгэгийг нь засуулахаар явуулжээ. Хас туулай нэг хүүхэн болж хувираад Бээжин хотоор өрх дараалан явж, маш олон өвчтөнийг эдгэрүүлэв. Хүмүүс хас туулайд талархахын төлөө хойно хойноосоо бэлэг хүргэсэнд хас туулай юу ч авсангүй. Өвчтөнүүдийг эмнэн засаад саран ордондоо харьчихжээ. Хас туулайн үйл ард олны сэтгэлд хоногшиж, хүмүүс шавар баримлаар туулайн дүрийг урлан, сар тэргэлшсэн наймдугаар сарын арван тавны шөнө тахилга хийдэг болж гэнэ.

             Мөрөөдөл сийлсэн еэвэнгийн хэв

“Хятад улсын зан заншлын толь бичиг”-т тэмдэглэснээр хятад улсын еэвэн Тан улсын эхний үед үүссэн аж. Еэвэнг бас хувин, саран бөмбөлөг, элбэг хураалтын боов, гэр бүлийн боов гэдэг байна. Еэвэн бол анхандаа саран сахиусыг тахих тахилгын эд байсан юм. Хожим нь хүмүүс наймдугаар сарын Тэргэл сарны баяраар сар сонирхон еэвэн зооглохоор гэр хотлоороо уулзан цуглаж эв найрыг бэлгэддэг болжээ.

Еэвэн хийхэд еэвэнгийн хэв хэрэглэнэ, еэвэнгийн хэв өнө удаан түүхтэй. Сийлбэрийн ур дарх нь хятад улсын ардын уламжлалт урлагийн дүрс бүтээх системийг харуулсан. Тэргэл сарны баярын зан заншлын улирал хувьслын түүх ба тэмдэглэл гэж хэлж болмоор. Еэвэнгийн хэв олон янз, материалын хувьд чавга, алим, гүйлсэн мод, хүрэл, шаазан зэрэг байдаг; дөрвөлжин, зууван, лянхуа цэцэг зэрэг олон хэлбэртэй, бас саран дагина, мөрөг загас, сарьсан багваахай, хул, арван хоёр жил, өлзийт цэцэг өвс зэрэг олон зураг дүрстэй. Янз бүрийн еэвэнгийн хэв нь мянга гаруй жилийн Тэргэл сарны баярын соёлыг уламжилж байдаг.

Зохиогчийн хадгалж байгаа еэвэнгийн хэв дотор Чин улсын сүүлч үеийн маш ховор нандин еэвэнгийн хэв бий. Тус хэв нь урт дөрвөлжин хэлбэртэй, урт нь 75 сантиметр, өргөн нь 7 сантиметр, өндөр нь 4 сантиметр, чавганы модоор нарийн сийлж үйлджээ. Гаднах хэлбэр нь эгэл борогжуун, Лан Цай Хэгийн цэцэгт сагс, Хань жүн Лийн гөвүүр, Хань Шян Зийн лимбэ, Тие Гуай Лийн хул, Жан Гүө Луугийн загасан хэнгэрэг, Цао Гүө Жөүгийн арга билгийн хавтас, Лүй Дүн Бины эрдэнийн сэлэм, Хэ Шянь Гөөгийн лянхуа цэцэг зэрэг найман тангаргийн эдтэй юм. Эдгээр эд нь амар амгалан аз жаргалтай байхыг бэлгэдэж, найман тангаргийн эдийг дараалан жагсаавал найман хэсэг адил бус зурагтай еэвэн гаргаж чадна.

Еэвэнгийн хэвийг хамгийн эртдээ Сун улсын үе хүртэл мөрдөж болох боловч өдгөө хүртэл уламжлагдан ирсэн еэвэнгийн хэвийн ихэнх нь Мин Чин болон Иргэн улсын үеийнх юм. Адил бус цаг үеийн еэвэнгийн хэв адил бус. Зураг дүрс нь баялаг сайхан, хүмүүсийн эгэл жирийн үзэл санаа хайр сэтгэлийг агуулж байдаг. Еэвэнгийн хэв нь Тэргэл сарны баярын соёлыг уламжлан залгамжилж, дотор нь уран нарийн хээ угалз дунд нь хүмүүсийн сайн сайхан амьдралын тухай хүсэл мөрөөдөл “сийлэгдэж” байдаг юм.

              Чан Э саранд гарсан нь

Уламжлалт ярианд балар эртний үед тэнгэрт арван нартай, өвс тариа шатан хувхайрч ард иргэд амьдрахын аргагүй болжээ. Тэгэхэд Хөү И гэдэг хүч чадал ихтэй баатар хүн зовлон амсаж байгаа ард иргэдээ өрөвдөж, Күньлүнь уулын оройд гарч, ид шидээ бадруулан шидэт нумаа тэлж, нэг л амьсгаагаар есөн нарыг харваж унагаасан ба үлдсэн нэг нарыг тогтсон цагтаа мандаж шингэн, ард түмэнд буян үйлдүүлэхээр хатуу зарлигджээ.

Ийнхүү Хөү И ард олны хайр хүндэтгэлийг хүртэж, Чан Э гэдэг нэртэй цайлган сэтгэлтэй сайхан эхнэртэй болжээ. Хөү И эрдмээ уламжилж ан агнахаас гадна,  байнга эхнэртэйгээ хамт байдаг. Хүмүүс бүгд тэр хоёроор бахархдаг байв. Тэгэхэд цөөнгүй зоригт баатар Хөү Игээс эрдэм сурахаар ирсэнд муу санаатай Пэн Мэн ч хутгалдан орж ирэв. Нэгэн өдөр Хөү И Күньлүнь ууланд явж байгаад Ван Мү Нян Нянтай тааралдаж, нэг баглаа мөнхрөх эм гуйж олжээ. Энэ эмийг уувал доороо тэнгэрт гарч сахиус болно. Гэвч Хөү И эхнэрээ орхиж чадахгүй болохоор эмээ Чан Эд өгч хадгалуулав. Чан Э энэхүү эмийг заслын ширээн дэх эрдэнэсийн хайрцагтаа нуусныг нь Пэн Мэн олсон байна. Тэгээд тэр мөнхийн шидтэй эмийг ууж өөрөө сахиус болохыг хүссэн байна.

Хөү И гурван өдрийн дараа олон шавь нараа дагуулан ан хийхээр мордож, Пэн Мэн муу санаа өвөрлөн өвчилснөөс болж үлдэв. Хөү И олныг дагуулан явсны дараа Пэн Мэн эрдэнийн сэлэм барьж, Чан Эг сүрдүүлж мөнхрөх эмийг авахыг санаархав. Чан Э өөрөө Пэн Мэнийг дийлэхгүй гэдгээ мэдээд гэнэт эргэн эрдэнэсийн хайрцагт байсан мөнхрөх эмээ нэг л амьсгаагаар залгичхав. Чан Эгийн бие тэр доороо дэгдэн тэнгэр өөд нисэн одов. Чан Э эр нөхрөөсөө салж чаддаггүй болохоор хүний ертөнцөд хамгийн ойр байсан саран дээр бууж сахиус болжээ.

Үдэш нь Хөү И гэртээ харьж ирэхэд шивэгчнүүд өдрийн болсон явдлаа уйлан  тоочив. Хөү И сочин хилэгнэж сэлмээ сугалан Пэн Мэнг алахаар очсонд Пэн Мэн аль эрт зугтаасан байв. Хөү И маш эмгэнэн гашуудаж, шөнийн огторгуйг ширтэн хайрт эхнэрээ дуудахад тэр шөнийн сар онцгой гэгээн тунгалаг бөгөөд ганхаж байгаа хүний бараа нь Чан Этэй маш төстэй байхыг олж харжээ. Хөү И амь цөлөн сарыг тууж нэхсэн боловч тэр гурван алхам хөөвөл сар гурван алхам ухарч, тэр гурван алхам ухарвал сар гурван алхам урагшлаад яасан ч саранд хүрч чадсангүй.

Хөү И эхнэрээ маш ихээр мөрөөдөн санагалзаж байсан ч арга мухарджээ. Тэгээд тэр хүн томилон Чан Эгийн зугаалдаг ар цэцэрлэгт ширээ засан хүж асааж, хамгийн идэх дуртай идээ жимсийг нь бэлдэж тавиад, саран ордонд байгаа Чан Эг мөрөөдөн тахижээ. Ард олон Чан Э саранд гарч дагина болсон чимээгээр саран дор хүжийн ширээ тавьж, цайлган сэтгэлтэй Чан Э дагинаас өлзий бэлгэ амар амгалан байхыг даатгав. Энэ цагаас эхлэн наймдугаар сарын Тэргэл сарны баярт саранд мөргөх заншил ардын дунд дэлгэрсэн гэдэг домогтой.

Зохиогч: ЛИ ШИЧЭН, МА ШЯОЖАН, ЖҮН ЧЮ
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СОЛОНГО сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл