БНХАУ далай тэнгисийн нөөцийг судлах, байгалийн гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор “Haiyang-1D” хиймэл дагуулыг 11-ний өдөр амжилттай хөөргөж, тойрог замд амжилттай орууллаа гэж Хятад улсын Сансрын шинжлэх ухаан, техникийн корпорац /CASC/ мэдээлжээ.

Уг хиймэл дагуулыг Хятадын Шаньси мужийн Тай Юань сансрын буудлаас "Чанжэн-2С" зөөгч пуужингийн тусламжтайгаар орон нутгийн цагаар 02 цаг 31 минутад хөөргөжээ. “Haiyang-1D” хиймэл дагуулыг мөн экологи, хөдөө аж ахуй, тээврийн янз бүрийн төслийг хэрэгжүүлэхэд ашиглах аж. “Чанжэн” ангиллын зөөгч пуужингийн хувьд 334 дэх удаагаа хиймэл дагуул хөөргөж байгаа юм.

БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуулууд бүтээхийн хажуугаар сарыг судлах технологийг хөгжүүлэн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа билээ. Хятадын эрдэмтэд мөн солир, Ангараг гарагийг судлах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ойрын жилүүдэд тэдгээрийн гадаргууг эрчимтэй судалж эхэлнэ.

