БНХАУ-ын Халамжийн Институт байгуулагдсаны 80 жилийн ой болж байгаад ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал ирүүлж, ХКН-ын Төв хороо болон өөрийнхөө өмнөөс халуун баяр хүргэж, урт хугацааны турш Хятад улсын эмэгтэйчүүд болон насанд хүрээгүйчүүдийн үйлсэд хүчин зүтгэсэн хүмүүст дотнын мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин баярын захидалдаа, 80 жилийн турш Халамжийн Институт “Хэзээд намтайгаа хамт” гэсэн үзэл баримтлалыг тууштай барьж, эх нялхсын эрүүл мэнд, сургуулийн болон сургуулийн гаднах боловсрол, насанд хүрээгүйчүүдийн соёл болон нийгмийн халамж зэрэг салбарт маш олон бодит ажлыг амжуулж, эх орны нэгдлийн үйлсийг ахиулан, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд ихээхэн мөртөө өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн юм. ХКН-ын 19-р их хурлын зориг санааг бүх талаар тууштай хэрэгжүүлэн, эх нялхсын салбарын өргөн олон ажилтнуудтай эв санаагаа нэгтгэн, эх орны социалист бүтээн байгуулалтад ёс зүйтэй, боловсрол хүмүүжилтэй хүмүүсийг улам олноор бэлтгэхэд тулсан, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг харуулсан “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахыг хүсэж байна гэжээ.
БНХАУ-ын Халамжийн Институт байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх их хурал 14-ний үдээс хойно Шанхай хотноо болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян Ши Жиньпин даргын баярын захидлыг уншсан байна.
БНХАУ-ын Халамжийн Институт нь 1938 онд хатагтай Сүн Чинлингийн үүсгэн байгуулсан “Эх орноо хамгаалах лиг” гэдгээс угшилтай бол 1950 онд нэрээ БНХАУ-ын Халамжийн Институт хэмээн өөрчилж, голдуу эх нялхсын эрүүл мэнд, хүүхэд залуучуудын соёл, боловсрол болон нийгмийн халамж зэрэг салбарт үйл ажиллагаа өрнүүлсээр ирсэн юм.
