Сар шинэ бол гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн уулзалт
Цагаан сар буюу билгийн тооллын шинэ жил бол Хятадын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалт баяр билээ. Хятадын үндэстний уламжилсан цаг хугацаагаараа хамгийн урт, баярын уур амьсгал хамгийн өрнүүн, нөлөөлөх цар хүрээгээр хамгийн өргөн тэмдэглэлт баяр юм. Гэр бүлээрээ аялах, хамаатан садны уулзалт, найз нөхдийн уулзалт зохион байгуулан сэтгэлээ илэрхийлж, нөхөрлөлөө бэхжүүлэн хөгжилтэй баяр баясгалантай тэмдэглэдэг.
Энэ жил бол билгийн тооллын үхэр жил. Үхэр, морин жилд тариа сайн ургадаг хэмээн уламжлал болгон ярьдаг. Энэ жил өмнөх жилүүдээс ялгаатай нь цар тахлын улмаас хүмүүс тухайн газар нутагтаа сар шинээ тэмдэглэж, маш олон хүмүүс нутаг, элгэн садандаа очиж чадсангүй. Гэхдээ хичнээн хол зайтай байсан ч гэсэн сар шинийн уур амьсгал хүмүүсийн сэтгэлийг дулаацуулж, цаашдын ирээдүйд тавих итгэл найдварыг гэрэлтүүлнэ.
“Сар шинэ” гээд л дурдахад хамаатан садны инээмсэглэсэн царай харагдаж, баярын тансаг ширээ, салют буудуулах чимээ сонсогддог.
- Миний хувьд 1970-аад оны үеийн Бээжингийн Си Хэюаньд тэмдэглэж байсан цагаан сарыг илүү дурсан санадаг.
Битүүний оройн хоолыг хамгийн тансаг бэлддэг. Хэдийгээр би ихэвчлэн мөнгө хэмнэж, хэмнэлттэй бэлддэг боловч Битүүний оройн хоолонд тахиа, нугас, загас, мах заавал бэлтгэдэг. Тэр үед зурагт телевизтэй айл цөөн байсан. Ихэнх нь радиогоор шоу нэвтрүүлэг сонсож, бас хамтдаа хөзөр тоглож Битүүний оройг хөгжилтэй өнгөрүүлдэг.
Тухайн үед хүмүүсийн амьдрал хараахан баян тансаг биш байсан учраас жилд нэг л шинэ хувцас авах боломжтой байв. Ээж минь надад нэг хятад костюм худалдаж авч өгч билээ. Тэр нь хөх өнгөтэй байсан уу, ногоон ч байсан уу, саарал ч байсан билүү сайн санахгүй байна, тэр хувцсаа би гагцхүү шинийн нэгний өдөр л өмсдөг байлаа.
Шинийн нэгний өдөр айл саахалт, садан төрөлдөө золгож шинэлдэг. Айл бүхэн гэртээ чихэр, самар бэлтгэж, хүүхдүүд шинэхэн авсан хувцсаа өмсөж, ахмад нь хүүхдүүдээ дагуулан айл саахалт хамаадан садандаа орж золгоно.
Битүүний орой ба Цагаан сарын 15-ны орой салют буудуулдаг. Салют буудуулан шинэ жилээ угтан хуучин оноо үдэж, хамаг муу муухайгаа холдуулж шинэ сайхан бүхнийг зөгнөн бэлгэддэг. Салют буудуулж, банш идэж битүүнээ утга агуулгатай тэмдэглэдэг. Хүүхэд насыг бодогдуулсан, гэр бүлийг дулаацуулсан, хамаатан садныг санагдуулсан сайхан үдэш болдог.
Цагаан сар болохоор гэр бүл, найз нөхөд, хамаатан садан хоорондоо уулзаж учирдаг. Өнөөдөр билгийн тооллын 12-р сар боллоо. Бага сургуульд сурдаг Бянь Жанлүө хос уянга, “福” хэмээх хятад үсэгтэй өлгөдөг дэнлүү худалдан авч бэлтгэжээ. Мөн шинэ жилээр аав ээж, эмээдээ хэлэх үг бэлтгэсэн байна. Түүнийг Битүүний оройн хоолноос өмнө бэлтгэсэн үгээ уншаарай гэхэд харин гэр бүлдээ гэнэтийн бэлэг болгон барихаар мөн л нуусаар байлаа. Гэхдээ энэ нь ахмад настан, аав ээждээ талархах, мөн сурлагын амжилтаа тайлангнах гэх зэрэг утга агуулгатай байх ёстой. Тэрээр жил бүр жижиг костюмаа өмсөж эрвээхэй зангиагаа зүүгээд маш бүтээлч сэтгэхүйтэй оролдлого хийж эмээ, нагац эмээгээ баярлуулдаг.
Сар шинэ болоход Хятадууд өнгөрч одсон хүмүүсээ маш ихээр дурсан санагалздаг. Энэ жилийн хувьд Битүүний орой хамаатан садангууд хамтдаа цуглан уулзаж чадаагүй ч гэсэн вичатаар гэр гэрээсээ бие биетэйгээ холбогдон амар мэндээ мэдэлцэн шинэлсэн байна. Холын зайнаас сэтгэл сэтгэлээ илэрхийлсэн ч сар шинийн уур амьсгалаар дүүрэн бялхаж байлаа.
Өмнөд бүс нутгийн жижигхэн хотын Битүүний хоолыг илүү санадаг
Нэг мэдэхэд л Цагаан сарын баяр айлчлан иржээ. Энэ цаг мөчид би өөрийн туулж өнгөрүүлсэн 40 жилийн Цагаан сарын өөрчлөлт хувиралтаас айл гэр бүрийн нөр их хөдөлмөр, хатуужилтай хичээл зүтгэл нь улс орны хөгжил дэвшилтэй нягт холбоотой гэдгийг үнэхээр мэдэрч байна. Бид бүхэн хүн бүр чин сэтгэлээсээ хичээвэл ард түмний амьдрал улам бүр цэцэглэн хөгжих болно.
Би 1980-аад онд өмнөд бүс нутгийн нэгэн жижигхэн хотод төрсөн, миний бага нас тэнд л өнгөрсөн.
Хот даяар салют буудуулах нь хүүхэд байх үеийн Цагаан сарын дурсамжинд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг.
Намайг бага байхад айл бүр том том салют худалдаж аваад улаан өнгийн хуванцар цаасаар боодог байсан нь маш сайхан санагддаг байлаа. Цагаан сарын салютыг Битүүний хоолноос өмнө, Битүүний оройн 12 цагийн үеэр шинэ хуучин жилийн уулзварт, шинийн нэгний өглөө гэж гурван удаа салют бууддаг. Хүмүүс салют буудуулан айлчлан ирж буй шинэ жилдээ сайн сайхныг хүсэн ерөөдөг.
Мэдээж бас өмнөд бүс нутгийн онцлогтой Битүүний хоол ч их үгүйлэгддэг.
Намайг бага байхад манай гэр бүл тийм ч баян тансаг байгаагүй учраас махтай хоол тун цөөн олж иддэг. Гэсэн хэдий ч Битүүний оройн хоолыг тансаг бэлтгэдэг. Сар шинэ болох бүрт аав ээж маань нэг долоо хоногийн цаг гарган Цагаан сарын бэлтгэл ажил хийдэг. Тухайн үед хүнсний ногооны захын үйлчилгээ одоогийнх шиг ийм сайхан байгаагүй. Хүнсний захаас ногоо худалдаж аваад гэртээ дахин илүү сайн арилгаж цэвэрлэх шаардлагатай болдог. Би багадаа хүйтэн жавартай өдөр ээжийнхээ ногоо угааж, мах чанаж байхыг үргэлж хардаг байсан. Битүүний хоол бэлтгэх гэж хэдэн өдөр завгүй ажилладаг. Хоолны орц найрлагуудыг өөрөө бэлтгэж байгаагаас нь би хөдөлмөрөөр аз жаргал ирнэ гэдэг ойлголт авч байсан.
Битүүний хоолны нэг нь өндөгтэй банш. Ээж минь нүүрс шатаадаг зуух, томоохон халбага хэрэглээд өндөг хайрч байсан нь дандаа бодогддог юм. Бага хэмжээний тос үрж, нэг халбага хэмжээтэй өндөг хийж томоохон халбагаар тэгш сайхан бүрхэж тавиад өндөг хайрдаг байлаа. Дараа нь хайрсан өндөг, махаа хутгаж холиод анхилуун сайхан үнэртэй өндөгтэй банш хийдэг. Битүүний орой тогоонд алтан шаргал өнгөтэй өндөгтэй банш, мах, хүнсний ногоо буцалж халуун уур савслах нь үнэхээр гоё санагддаг байлаа.
Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан. Хүүхэд насны минь Цагаан сарын салют буудуулсан дурсамж өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Би одоо нутгаасаа нэлээд хол зайтай газар ажиллаж амьдрах болсон. Олон жилийн туршид улс орон аажмаар цэцэглэн хөгжиж, хүчирхэгжихийн хэрээр айл бүрийн амьжиргааны түвшин жилээс жилд сайжирч байгаа төдийгүй, байгаль орчноо хамгаалах үзэл баримтлал аажмаар сайжирч байна.
Одоо байгаль орчноо хамгаалахын тулд миний төрсөн жижиг хотод ч гэсэн Цагаан сарын үеэр салют буудуулахаа больсон. Хэдийгээр сар шинээр салют буудах чимээ сонсогдохгүй ч хүмүүс цэвэр агаарыг мэдэрдэг болсон байна.
Битүүний хоолоор тухайлж хэлбэл хүмүүсийн амьжиргааны төвшин сайжрахыг дагаад айл өрхүүд бүгдээрээ янз бүрийн хоол хүнс бэлддэг болж, аав ээжүүд ч Битүүний хоол гэж хэдэн өдрөөр завгүй ажиллах шаардлагагүй болжээ.
Зам тээвэр амар дөхөм болсны улмаас хамаатан садангууд хэдий хол байдаг ч вичат, эсвэл утсаар холбогдож Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэх боломжтой болсон. Энэ өөрчлөлт хэдийгээр бага насныхаас ялгаатай боловч шинэ эрин үеийн уур амьсгалтай сайхан байна.
Цагаан сар болох бүрт “Бяцхан мөрөөдөл” өвөрлөдөг
Цагаан сарын тухай эрэгцүүлэх бүрт үргэлж “бяцхан мөрөөдөл” өвөрлөдөг байсан маань сэтгэлд буудаг.
Би Шаньдүн мужийн Яньтайд төрж өссөн. Нутаг минь далай дагуух хот юм. Би “1980 оноос хойш төрсөн” болохоор Хятадын эдийн засагтай хамт өссөн гэж өөрийгөө хэлдэг. Аав ээж маань үргэлж “Та нар үнэхээр буянтай хүүхдүүд шүү” гэдэг.
Бидний хамгийн аз жаргалтай үе бол сар шинээ хөгжилтэй сайхан тэмдэглэх. Цагаан сар болох бүрт аав ээж маань үргэлж хүүхдүүдийнхээ “бяцхан мөрөөдөл”-г биелүүлж өгдөг байлаа.
Бага байхдаа миний хамгийн хүсэн хүлээдэг өдөр бол Шинийн нэгэн биш, харин шинийн 15-ны өдөр байлаа. Тэр бол дэнлүүний баяр. Шинийн нэгний өдөр хамаатан садандаа очиж шинэлдэг бол цагаан сарын 15-ны өдөр нь салют буудуулах нь хүүхдүүдийн хувьд хамгийн хөгжилтэй өдөр байв.
Манай ойр саахалтын маш олон бяцхан хүүхдүүд байдаг байлаа. Шинийн 15-ны орой бүр салют буудуулна гэж найзууд маань ирдэг учраас би үргэлж аав ээжийг оройн хоолоо эрт хийхийг хүсдэг байсан.
Оройн хоолны дараа хүүхдүүд, хүн бүр томоохон хайрцагтай салют тэврээд талбай руу гүйлддэг байлаа. Бид өөр өөрсдийн авсан “Сум”, “Ни Дүньци”, “Бяцхан Хуаньфэн”, “Суань Тяньхүө”, “Мань Тяньшин”, “Шидэт” нэртэй салютаа гарган бие биедээ гайхуулдагсан.
Хүн бүрийн хайрцагт “Ни Дүньци” нэртэй салют хамгийн олон байдаг. Тэр нь хямд үнэтэй учраас ихэнх хүн худалдаж авч чаддаг. Аав ээж маань мөнгөө хэмнээд хамгийн өндөр үнэтэйг нь авч өгдөггүй байсан хэрэг л дээ.
Хүүхдүүд “Бяцхан Хуанфэн”, “Шидэт” зэргийг нь илүү сонирхдог. Тэр нь тоглоход илүү олон арга барилтай, илүү олон өнгө гарч гоёмсог харагддаг. Хэний хайрцганд салют олон байвал найзууд нь түүнийг хүрээлэн зогсож гуйдаг. “Бяцхан Хуанфэн” олох болгондоо би гартаа бариад баярлаж буудахаасаа ч хайрладаг байлаа.
Миний бага насны Цагаан сарын дурсамжинд амьдрал жилээс жилд сайжирч байгаа ч гэсэн бас жаахан харамсал үлдээсэн байдаг. Аав ээж маань хүссэн салютыг минь авч өгдөггүй, санаж байсан тоглоомоо авч чадаагүй, хамт тоглодог найзууд ирээгүй... гээд л. Одоо эргээд харахад эдгээр нь маш их хүсэн хүлээлт дагуулсан байдаг. Хүлээлт бол хүмүүст олж авсан зүйлээ хэрхэн хайрлахыг мэдрүүлдэг.
Цагаан сар “бяцхан мөрөөдөл” дагуулсаар ирсэн. Бага байхад шинийн нэгний өдөр шинэлж дуусахад би зурагтаа асааж шинэ кино үзэх гэж яардаг. Тухайн үед видео, магнитофон, интернэт гэж байгаагүй учраас киногоо заавал цагт нь үзнэ. Нэгэнт гараад өнгөрчихвөл дахиж үзэх боломжгүй. Чухам ийм л учраас тухайн үеийн хүмүүс сар шинэ бүрийн жүжгийг тэсэн ядан хүлээдэг байсан. Олон сонгодог жүжгүүд хүмүүсийн Цагаан сарын баярын нийтлэг дурсамж болжээ.
Намайг дунд сургуульд ороход хүмүүсийн цалин хэд дахин нэмэгдсэн. Тэр үед хүмүүс салют худалдаж авахад мөнгө төгрөггүй гэх шалтгаанаар гар татахгүй болжээ. Харин тэд хаанаас арилжааны байшин авах, ямар брэндийн машин худалдаж явах талаар ярих болсон. Гэртээ интернэттэй болсноор олон кино үзэх боллоо. Гэсэн хэдий ч Цагаан сар болох бүрт “бяцхан мөрөөдөл” өвөрлөж байдаг.
2021 оны Цагаан сар өмнөх жилүүдээс онцгой байлаа. Цар тахлын улмаас маш олон хүн гэр нутагтаа харьж шинэлж чадаагүй. Би ч мөн анх удаа Бээжин хотод шинэлж байна. Яг иймээс бидэнд гэр бүлийн хүмүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулзахыг хүсэх сэтгэл улам нэмэгдэх болно. Энэ нь биднийг гэр бүлийн хайраа улам бүр эрхэмлэж, ирээдүйд гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөсөн минут, секунд бүрийг эрхэмлэн дээдлэх болно гэж бодож байна.
Хөдөө орон нутгийн салют, хос уянга ба чихэр
1990-ээд оны Шаньдүн мужийн хөдөө орон нутагт, би анх төхөө орж байсан үе. Нэг жилийн хамгийн хүсэн хүлээдэг баяр бол Цагаан сар. Шинэ жилээс өмнө шинэ хувцас авна. Гахайн мах, өндөг, тахиа, ногоо их хэмжээгээр авна. Тухайн үед амьдрал маань баян тансаг байгаагүй. Ердөө шинэ жил л хүн бүрийг баярлуулж хавар цагийг угтдаг. Энэ үеэр эрэгтэйчүүд нь сархад амсаж, эмэгтэйчүүд нь хамт цугларч сэтгэлээ нээн ярилцаж, хүүхдүүд хамт тоглодог.
Миний хувьд өвлийн улиралд салют буудуулах чимээ ээлж дараалан гарах нь гүн сэтгэгдэл үлдээсэн дурсамж юм. Хүүхэд байхад мөнгө төгрөг хомс, Цагаан сар болохоор хүмүүс бие биедээ бэлэг өгдөг нь миний хувьд хамгийн их орлого болдог байлаа. Тэр мөнгөөрөө янз бүрийн салют худалдаж авдаг. Энэ бол умард бүс нутгийн хөдөө орон нутагт байсан бага насны минь баяр бахдал. Салют нь гал асаах буюу бас зарим нь үрэлтээр асдаг. Гал асаамагц тэнгэр газар ниргэтэл дуу гардаг салют бас байдаг. Түүнээс ч хэд дахин илүү чанга дуутай салют байдаг. Салютын дуунаар хуучин оноо үддэг байлаа.
Билгийн тооллын 12-р сарын 29-ний өглөө. Тосгоны бүх айлууд гэрийнхээ том хаалгыг нээж, хос уянгаа наадаг. Айл өрхүүд бүгдээрээ маш завгүй ажилладаг ч хүн бүрийн царайд баярын мишээл тодорч байдаг. Шаньдүн бол Күнз, Мэнзийн нутаг учраас хос уянгын утга агуулга нь ч маш чухал. Хүүхдүүдийн олонх нь хос уянга уншиж үсэг нүдэлдэг.
Манай гэр хос уянга наахаас гадна үүдэндээ “үүдээр орох мөнгө” гэдэг үсэг наадаг. Энэ нь тэгш өнцөгт хэлбэртэй хээ угалз, ирмэг тууз бүхий маш нимгэн цаасан дээр голчлон зураг, эсвэл өлзийт үсэг хаддаг. Ардын энэ зан заншил бол маш эртнээс уламжлагдан ирсэн, бүс нутгийн онцлог шинж чанартай. Шаньдүн мужаас энэхүү зан заншил түгж ирсэн гэдэг.
Би Шаньдүн мужийн Вэйфан хотод төрсөн. Вэйфан хотын Ян Жябү, Тяньжинь хотын Ян Люүчин, Сүжүө хотын Тао Хуа-Ү хэмээх гурван газрыг Хятадын ард түмний гурван том модон сийлбэрийн шинэ жилийн зургийн нутаг гэдэг. Вэйфан хотын хүмүүс жил бүр хос уянга наахаас гадна, байшингийнхаа янз бүрийн хэсэгт тодорхой утгатай сар шинийн зураг наадаг. Манай сар шинийн зураг нь энгийн, байгалийн, өргөн шугамтай нимгэн цаасан дээр ургац, баатруудын тухай үлгэр домог өгүүлсэн зураг наадаг... Үүнийг нааснаар байшингийн өнгө будаг ч өнгөлөг болж улам гоё харагддаг. Одоо бодоход бага байхад хоёр, гуравхан юаниар гэрт наах сар шинийн зургаа бүгдийг нь авч хүрдэг байсан санагдана. Өнгө будаг нь бүтэн жилдээ хувирдаггүй байж билээ.
Цагаан сарын зан заншил ийм л байдаг. Бага байхад Хятадын сар шинэ бүхэлдээ адилхан гэж боддог байлаа. Чухамдаа эдгээрийг бид үеэс үед өвлөн дамжуулж ирсэн учраас л энгийн зүйл гэж үздэг.
Хамгийн хөөр баяртай өдөр бол Шинийн нэгний өдөр. Өглөө гэгээ орохоос өмнө бид айл саахалтаараа орж ахмад настнуудын амар мэндийг асууж шинэлдэг. Ахмад буурлууд бэлтгэж тавьсан “нас нэмэх бэлэг”-ээ бидэнд гардуулж, мөн чихэр, самар өгдөг. Тэр үед бид их ховдог, хагас өдөр шинэлсэн хүүхдүүд өөр өөрийн олсон бэлгээ бие биедээ гайхуулна.
Салют буудаж байсан нь унаган найзуудын дурсамж. Хос уянга наах нь гэр бүлийн хамтын дурсамж, шинэлж золгох нь айл саахалт хамаатан саднуудын дурсамж. Хүний баяр баясал гэдэг бусад хүмүүстэй хамт байснаар бий болдог. Эдгээр жилүүдэд хөдөө орон нутгийн амьдрал хараахан баян чинээлэг болоогүй байсан ч Цагаан сарын баярын уур амьсгал хүчтэй байж, дотно дулаахан дурсамжуудыг үлдээсэн байдаг.
