solongonews
Алсаас саатсан монголчууд
2017-06-30 12:01
Соёлын солилцооны дагуу Юнь Нань мужаас Шилийнгол аймагт морилон саатсан багш сурагчдыг сурвалжиллаа.

Юнь Нань мужийн Тунхай шяны Шинмэн шяньд хэсэг монголчууд аж төрөн амьдардаг. Энэ газрын монголчууд хэдий монгол нутгаасаа салаад 700 гаруй жил болж байвч өөрийгөө монгол үндэстэн гэдгээ мартаагүй бөгөөд монгол соёлоо сэргээхээр хүчин зүтгэсээр билээ.

Шилийнгол аймгийн “Тулга” олон нийтийн халамжийн холбооны урилгаар тус шяний Гол бага сургуулийн Жао Күнь захирал болон Шилийнгол аймагт олон жил суралцаж байсан Баатар багш нар сүүлийн өдрүүдэд арван шилдэг сурагчаа дагуулан монгол соёл амьдралын тухай ойлгуулахаар Шилийнхотод ирсэн аж.

Тэд одоо монгол үг хэл, үсэг бичгээ хэрэглэхээ больсон хэдий ч монгол соёлын тухай тодорхой хэмжээний ойлголттой бөгөөд Шилийнголд ирж монгол найзтай танилцана хэмээн Юнь Нань мужийн монголчуудын өвөрмөц өмсгөл гоёлоороо гоёсон байлаа. Тэдний Шилийнхот дахь амьдрал дөрвөн өдөр үргэлжилж, Шилийнхотын монгол үндэстний бага сургуулийн үе тэнгийн найзуудтайгаа хамт өнгөрүүлж билээ.

Үйл ажиллагааны эхний хоёр өдрийг тэд монгол бага сургуульд уламжлалт соёлын хичээл орж, мөн бөхийн барилдаан, урлагийн үзүүлбэр сонирхон өнгөрүүллээ.

- Манай нутагт монгол хүн маш цөөн байдаг. Бид монгол соёлоо мартсан хэдий ч дахин сэргээх ажлыг их чухалчилж байна. Шилийнгол аймгаас монгол багш урьж, монгол хэл, монгол бүжиг, морин хуурын хичээл заалгаж байгаа бөгөөд Шилийнгол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд багш томилон суралцуулж байна гэж сургуулийн захирал Жао Күнь танилцууллаа.

Алс холоос Монгол нутгаа зорьсон тэдэнд соёл урлагийг сонирхуулахаар барахгүй жинхэнэ мал аж ахуйн амьдралыг харуулахын тулд “Тулга” холбооноос тэднийг хөдөө нутгаар аялуулжээ.

Сурагчид хөдөө нутагт хүрээд алчуур хаяж тоглолоо. Хөвгүүд нь хамт аялсан Шилийнголын хүүхдүүдтэй бөх барилдаж тоглохыг хараад багш нар нь их баярлаж байв. Юнь Наний нэгэн жаал барилдсаар бөхийн дэгээдэх мэхийг эвлэгхэн сураад барилдаандаа хэрэглэж байгааг хараад “Монгол хүн гэдэг чинь ийм л байх ёстой ” гэж бодогдлоо. Манай сурагчид Юань Нань найз нартаа монгол дуу зааж, түүдэг галын наадамд оролцож, бүгд монгол гэрт хонон, аз жаргалтай нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.

Дөрвөн өдрийн аялал нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Гурван өдрийн хугацаанд тэд үндэстнийхээ тухай бага бус ойлголттой болсон нь үнэн. Юнь Нань мужийн монголчууд хэдий бусад үндэстний дунд оршин амьдардаг боловч үндэстнээ хайрлах сэтгэл нь үнэхээр биднийг бишрүүлсэн юм. Ийнхүү тэдэнтэйгээ дахин уулзахын нандин болзоог товлон энэ удаагийн сурвалжилгаа өндөрлүүлж билээ. 

Зохиогч: Уяхан
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл