solongonews
“Дайчин гүрний дотоод яамны Монгол бичгийн гэрийн данс”-ны эх бичгийн цогц судалгаа” төслийн нээлт болов
2016-10-14 19:24
“Дайчин гүрний дотоод яамны Монгол бичгийн гэрийн данс”-ны эх бичгийн цогц судалгаа” төсөл

        “Дайчин гүрний дотоод яамны Монгол бичгийн гэрийн данс”- ны эх бичгийн цогц судалгаа” төслийн нээлт өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын их сургуульд боллоо.

      Монгол Улсын их сургууль өөрийн дотоод эх үүсвэрээр “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн цогц судалгаа” сэдэвт төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү төслийг тус сургуулийн Монгол судлалын хүрээлэнд төвлөрүүлэн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаачид голлон гүйцэтгэх ажээ.

   Тус сурвалж нь Энх-Амгалангийн 10 дугаар он (1671)-оос Тэнгэрийн тэтгэсний 8 дугаар он (1743)-ы хооронд хамаарах албан баримт бичгийг эмхлэн дансалж, дэвтэрлэсэн. Эдүгээ Бээжин дэх БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивын хадгаламжид буй дурсгал юм. Нийт 113 дэвтэр, үүнд манжаар 1742, монгол бичгээр 1512, төвдийн шар үсгээр 9, тод үсгээр 41, хятадаар 3, нийт 3332 баримтыг багтаажээ. Уг дурсгал дахь баримтууд нь Ар Монгол Чингийн эрхшээлд автахаас өмнөх ба дараах үеийн Монгол, Манж, Төвдийн харилцаа, түүхэн нөхцөл байдал, тус тусын баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нарийвчлан судлах түүхийн чухаг баримт болохоор үл барам, 17 дугаар зууны үеийн монгол хэлний онцлог хийгээд Чингээс өмнө ба дараах үеийн монгол албан бичгийн уламжлалыг судлах онцгой хэрэглэгдэхүүн юм.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл