
Синьхуа агентлагийн мэдээ: 21-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Эл Сальвадор улсын гадаад хэргийн сайд Карлос Кастанедатай уулзалт хийсний дараа “БНХАУ, Бүгд найрамдах Эл Сальвадор улс дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд” гарын үсэг зурсан байна. Үүнд:
БНХАУ, Бүгд найрамдах Эл Сальвадор улс, хоёр орны ард иргэдийн ашиг сонирхол, эрэл хүсэлтийн дагуу, албан мэдэгдэлд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн харилцан хүлээн зөвшөөрч, сайдын зэрэглэлийн дипломат харилцаа тогтооно гэжээ.
Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэж, харилцан түрэмгийлэхгүй, харилцан дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, эрх тэгш, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын дагуу хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлнэ гэдгээ хоёр орны засгийн газар зөвшөөрчээ.
Бүгд найрамдах Эл Сальвадор улсын засгийн газар нэг л Хятад улс байхыг хүлээн зөвшөөрч, БНХАУ-ын засгийн газар бол Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар байж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэгэн хэсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Эл Сальвадор улс энэ өдрөөс эхлэн Тайвань хоорондын “дипломат харилцаагаа” таслан зогсоох бөгөөд Тайваньтай ямар ч албаны харилцаа үүсгэхгүй гэж амласан байна. БНХАУ-ын засгийн газар Сальвадор улсын засгийн газрын дээрх байр суурийг сайшаасан байна.
