- Ү эмээ, бид дахиад л хүрээд ирсэн гэх цээлхэн дуунаар Ү настны бяцхан хашаа хөл хөөрөөр бялхав. Ирсэн хүмүүс бол Жянсү мужийн Тайжөү хотын Жян Янь дүүргийн Иргэний хэргийн товчооны орлогч дарга Жан Хайшинь болон түүний хамт олон байлаа. Тус хотын хоёр дахь ээлжийн онцгой ядуу буурай 3000 ахмад настны гэр бүлийн амьдралыг сайжруулах үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаа тул хэрхэн ажиллавал ахмад настнуудыг сэтгэл хангалуун байлгах вэ гэдэг асуудал Жан Хайшиньд тулгарч байв. Ийнхүү тэрээр эхний ээлжийн үйл ажиллагаанд хамрагдсан ахмад настнуудын гэрээр айлчилж, судалгаа хийхээр шийдсэн нь энэ.
77 настай Ү Лин-Ин бол Жян Янь дүүргийн Жян Дүө суурингийн Шюй Чяо тосгоны доод түвшний тэтгэлэгтэй ядуу өрх бөгөөд 16 жилийн турш ганцаараа амьдарч ирсэн нэгэн. Саяхан түүний байшинг ахмад настанд тохиромжтой арваад төрлийн засварт хамруулсан байна. Тодруулбал, эх захгүй ороолдож байсан цахилгааны утаснуудыг бүгдийг нь хана дагасан цагаан хоолойнд "нууж", унтлагын өрөөний орны дэргэд халтирахаас хамгаалсан түшлэг байрлуулан, хэдхэн алхмын цаана бие засах суултуур суурилуулсан байна. Мөн Ү Лин-Ингийн үе мөчний өвчнийг харгалзан дөрвөн хөлтэй таягийг жагсаалтад нэмж оруулжээ.
- Эмээ, эдгээр шинэ зүйлс танд тухтай байна уу гэж Ү Лингиний байшинд орсон Жан Хайшинь асуув.
- Маш сайн, маш сайн гэж Ү Лин-Ин баяртайгаар хэллээ.
- Тэгвэл та алинд нь хамгийн их сэтгэл хангалуун байгаа вэ. Хаана нь өөрчлөхийг хүсэж байна вэ? гэж Жан Хайшинь нэмж асуув.
- Ариун цэврийн өрөө хамгийн их таалагдаж байна гэж Ү Лин-Ин хашааны баруун талд байрлах шинэ угаалгын өрөө рүү заагаад:
- Өмнө нь зөвхөн модон жорлон ашигладаг байсан. Усанд орохын тулд модон вананд ус дүүргэнэ. Та нарын надад хийж өгсөн угаалгын өрөөнд жорлон, шүршүүр, устай. Тэгээд бүр түшээд босох бариултай учраас маш амар болсон. Гэхдээ угаалгын өрөөний орон зай арай илүү том байсан бол бүр ч тохь тухтай байх байсан болов уу гэж ярьлаа.
Жан Хайшинь анхааралтай сонсож, тэмдэглэсээр байх явцад шинэ санаанууд орж ирж байв. Хоёр дахь ээлжийн шинэчлэлд "Нэг өрх, нэг хөтөлбөр"-ийн дагуу айл бүрийн бодит байдалтай уялдуулан хийх хэрэгтэй гэдгийг ойлголоо.
Шюй Чял тосгоноос 40 гаруй км-ийн зайд байрлах нэгэн үйлдвэрлэлийн цехэд Тайжөү хотын Иргэний хэргийн товчооны орлогч дарга Жэн Юншөү мөн ахмад настнуудад үйлчлээд тун чиг завгүй.
Ариун цэврийн загвар өрөөг хэд тойрч үзсэний дараа Жэн Юншөү хажуудаа байсан Ван Чинд хандаж:
- Ван гуай, шалны талбайг томсгож, таазны өндрийг нэмээрэй. Ахмадуудад бие засах, усанд ороход нь таагүй мэдрэмж төрүүлэхгүй байхын тулд тавилгын байрлуулалтыг хэрхэн илүү оновчтой болгох тухайд бодож үзээрэй гэж хэлэв.
Ван Чин бол Жянсү мужийн Жэтай компаний эрүүл мэндийн салбарын ерөнхий менежер. Тэрээр ариун цэврийн өрөөний засварыг илүү боловсронгуй болгох тухай 14 саналыг тэмдэглэлийн дэвтэртээ ягштал бичсэн байв. Тэрээр Жэн Юншөүгийн дэвшүүлсэн 15 дахь саналыг яаралтай бичээд:
- Бид энэ хоёр хоногтоо дөрөв дэх үеийн төслийг гаргаж өгье гэж хэллээ.
Үр дүнтэй байлгахын тулд ахмад настнуудын хамгийн шаардлагатай зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Жэн Юншөү энэ жил гүйцэтгэхээр төлөвлөж байгаа хоёр дахь ээлжийн ахмадуудын байрны шинэчлэлийн жагсаалтад “нэмэлт оруулах”-аас гадна мөн илүү оновчтой болгохоор шийдсэн байна.
Жэн Юншөү хагас жил хүрэхгүй хугацаанд үйлдвэрлэлийн цехэд дөрвөн удаа очжээ. Ү Лин-Ингийн гэрт ашигласан 1-р үеийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад одоогоор байгаа 3-р үеийн загварт маш их өөрчлөлт гарсан байна. Усыг илүү тохиромжтой ашиглах үүднээс байшингийн дээвэр дээр нь нарны энерги хураагуур, усны сав суурилуулсан. Өвлийн улиралд өрөөг дулаахан байлгах үүднээс хаалганы дээд хэсэгт байрлах агааржуулалтын сэнсийг доод хэсэгт шилжүүлсэн гэх зэргээр нэлээд олон өөрчлөлт оруулсан байна. Гэхдээ "голонхой" зантай Жэн Юншөү “Налуу дээвэр дээрх нарны энергиэр ус халаагчийн хоолойг богиносгож, хөгшчүүл толгойгоо цохихоос сэргийлэх хэрэгтэй”, “Хаалганы хүрээгээр дулаан, салхи нэвтрүүлдэггүй байх зорилготой шигдээс наа” гэх зэргээр бас л хэд хэдэн санал дэвшүүлэв. Явахаасаа өмнө эргэж харан Ван Чинд хандаж:
- Яаралтай хэдий ч чанарыг баталгаажуулах хэрэгтэй. Энэ бүх зүйл өндөр настнуудад зориулагдсан гэдгийг мартаж болохгүй гэж сануулахаа мартсангүй.
Тайжөү хотын Ахмад настны үйл ажиллагааны төвийн 3 давхарт байрлах "Тай Ю Фү" ахмад настны асрамжийн үйлчилгээний мэдээллийн платформын том дэлгэц дээр Тайжөү хотын 60-аас дээш насны ахмад настнуудын үндсэн мэдээллүүд гарч байв. Нийт 1.35 гаруй сая хүн бүртгэгдсэн нь нийт хүн амын бараг 27 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ тоо одоо ч өссөөр байна. "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд тус хотын ахмад настны тоо 100 мянгаар нэмэгдэх төлөвтэй байна.
Жэн Юншөү үүнийг бодох бүрт тогтож суухын аргагүй болдог байв. Хөгшрөлтийн хандлага илт нэмэгдэж байгаа ба Жянсү мужид өндөр настнуудын 90 гаруй хувь нь гэртээ өтөл насаа барах хандлагатай байдаг.
- Гэртээ аюулгүй, тохь тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд ахмад настнуудын хэрэгцээнд нийцүүлэн илүү олон засваруудыг хийж өгөх хэрэгтэй байна. Энэ асуудал маш чухал учраас хойшлуулж ерөөсөө болохгүй гэж тэр хэллээ.
Жэн Юншөү үйлдвэрлэлийн цехээс гарч ирмэгц тэрээр Ахмад настны үйл ажиллагааны төв рүү яаралтай явлаа. Тэнд байрлах Тайжөү хотын ахмад настнуудад зориулсан анхны гэр ахуйн туршилтын ордон саяхан ашиглалтад ороод байв. 260 мкв талбайтай тус ордонд ариун цэврийн өрөө, гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөө гэх зэрэг ахмад насны хүмүүсийн хэрэгцээ шаардлагад тохирсон байгууламж, бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьдаг. Энэ нь гэрийн асаргаа сувиллын “загвар өрөө”-тэй дүйцдэг учраас маш олон ахмадууд энд ирж үзэж сонирхдог байна.
Насны онцлогт тохирсон эдгээр өөрчлөлтийг ахмад настантай илүү олон гэр бүлд хэрхэн ойлгуулах вэ? Өөрчлөх хэрэгтэй, заах шаардлагатай байна.
- Бид туршлагын ордонд очоод ахмад настанд зориулсан бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах, ямар давуу талтай байдаг зэрэг тухай танилцуулсан богино хэмжээний видео бичлэг хийе. Тэгээд “Тай Ю Фү” платформ болон Ахмад настны их сургуулийн онлайн танхимд илгээвэл настнууд илүү их ойлголттой болж чадна гэж Жэн Юншөү замдаа Ахмад настны үйл ажиллагааны төвийн эрхлэгч Юй Хуагэнтэй утсаар холбогдон ярьж байсан юм. Бас нэгэн шинэ санаа ийнхүү төрлөө.
